Голомт банкны санхүүгийн үр дүн болон хөрөнгийн өсөлт

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Голомт банкны санхүүгийн үр дүн болон хөрөнгийн өсөлт

Монгол Улсын тэргүүлэгч банк болох Голомт банк нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн гялалзсан амжилт бүхий 2011 оны санхүүгийн үр дүнгээ олон нийтэд танилцуулж байна. 2011 онд тус банкны татварын дараах ашиг 2010 онд хүрсэн 20 тэрбум төгрөгийн амжилтаас 51 хувиар өсч 30.2 тэрбум төгрөг (21.7 сая ам.доллар)-т хүрчээ. 
 
Голомт банкны өөрийн хөрөнгө тайлант онд 127.8 тэрбум төгрөгөөс 48 хувиар өсч 189.1 тэрбум төгрөг болсны 74 хувь болох 140.2 тэрбум төгрөг нь нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө, 48.9 тэрбум төгрөг нь хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгө байна. Өөрийн хөрөнгийн өсөлтийн 56 хувь буюу 56.4 тэрбум төгрөг нь системийн бодит өсөлтөөс үүдэлтэй байсан бол үлдэх 44 хувь буюу 25 тэрбум төгрөгийн өсөлт нь өнгөрөгч зургаадугаар сард Швейцарийн Swiss-MO AG нь нийт хөрөнгийн 10.7 хувьтай тэнцэх 2,657,401 бүрэн төлөгдөх энгийн хувьцаа эзэмшигч болсон нь нөлөөлжээ. Ийнхүү өөрийн хөрөнгийн шат дараатай өсөлтүүдийн нөлөөгөөр Голомт банк The Banker сэтгүүлээс явуулсан Дэлхийн шилдэг 1000 банкийг хамруулсан судалгаагаар нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийн өсөлтөөрөө дэлхийд 10 дугаарт оржээ. 
 
Олон улсын Аудитын компани Ernst & Young Mongolia-ийн хийсэн дүгнэлтээр тус банкны санхүүгийн тайлан нь Олон Улсын Санхүүгийн Тайлагналын стандартыг хангасан сайн үнэлгээ авсан ба оны үйл ажиллагааны орлого өмнөх жилээс 78 хувь буюу 36 тэрбум төгрөгөөр өсч 82.6 тэрбум төгрөг (59.2 сая ам.доллар) болох хамгийн өндөр хэмжээнд хүрчээ. Дотоодын болон олон улсын банкуудын өрсөлдөөн улам өсөн нэмэгдэж буй үед цэвэр хүүгийн ахиуцыг 3.6 хувьд барьж чадсан бөгөөд хүүгийн бус орлогыг илэрхийлдэг бусад үйл ажиллагааны орлого 100 гаруй хувиар буюу 17 тэрбум төгрөгөөр өсч, 33.7 тэрбум төгрөгт хүрсэн. Энэхүү өсөлтөд шимтгэл хураамжийн орлогын 44 хувийн өсөлт, Монгол Улсын гадаад худалдаанд гарсан 85.1 хувийн өсөлттэй уялдаж гарсан валют арилжааны орлогын 150 хувийн өсөлт голлон нөлөөлжээ. 
 
Оны эхний хагаст бизнесийн орчин эерэг уур амьсгалтай байсан бол сүүлийн хагаст гадаад, дотоодын зах зээлд дотоодын банкны салбарын хөрвөх чадварыг чангалахуйц огцом өсөлт гарсан. 2010 онд банкны орлого зарлагын харьцаа 44 хувь байснаас 37.5 хувь болж буурсан бөгөөд нийт активын өгөөж 1.7 хувь, нийт өөрийн хөрөнгийн өгөөж 26.3 хувьд хүрч балансын үзүүлэлтүүд болон зохистой харилцааны үзүүлэлтүүд тавьсан зорилтдоо хүрч, тогтвортой сайн байдлаа хадгалж чадлаа.
 
Энэхүү тогтвортой өсөлтийн нөлөөгөөр тайлан тэнцэл 35 хувиар буюу 557.6 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарч, нийт актив 2.13 их наяд төгрөг (1.53 тэрбум ам.доллар)-т хүрсэн. Энэхүү өндөр өсөлтөд нийт хадгаламжийн хэмжээ 40 хувь буюу 522.6 тэрбум төгрөгөөр өсч 1.84 их наяд төгрөг (1.32 тэрбум ам.доллар)-т хүрсэн болон нийт зээлийн хэмжээ банкны нийт активын 58 хувьтай тэнцэж, 461,3 тэрбум төгрөг буюу 59 хувиар өсч, 1.25 их наяд төгрөг (0.9 тэрбум ам.доллар)-т хүрсэн зэрэг олон хүчин зүйл нөлөөлжээ. 
 
Тайлан тэнцлийн зохистой харьцааны үзүүлэлтүүд бүгд эрүүл, сайн гарсан ба зээл хадгаламжийн харьцаа 67.7 хувь байхад өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт Монголбанкнаас тогтоосон 12 хувийн шаардлагыг хангаж 13.5 хувь байлаа. Мөн түүнчлэн зээлийн хатуу бодлого барьсны дүнд чанаргүй зээлийн хувь хэмжээг бууруулан, чанаргүй зээлийн хувь хэмжээг банкны системд хамгийн бага буюу 2 хувьд барьж чадсан юм. 
 
Голомт банк бизнесийн цар хүрээ, ашиг орлогынхоо тасралтгүй өсөлтийг хангах үүднээс 2011 оны турш харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг санал болгож, анхлан нэвтрүүлэгч байр сууриа хадгалж ирлээ. Тайлант онд харилцагчдынхаа хэрэглээнд хөгжил авчирсан өөрчлөлтүүдийг дурьдвал:
·    18 салбар нэгж шинээр нээж, салбар сүлжээгээ 81-д хүргэлээ;
·    “Явдаг АТМ” үйлчилгээг Монгол Улсад анхлан нэвтрүүллээ;
·    Картын онлайн захиалгыг эхлүүллээ;
·    Хадгаламжийн сертификатын шинэ төрлүүдийг нэвтрүүллээ;
·    Төгрөг-Юань хосолсон Алтан карт гаргалаа;
·    Ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ;
·    Интернэт банк, мобайл банк, мессэж банкны үйлчилгээгээ шинэчиллээ;
·    “Verified by VISA” болон  “MasterCard Secure Code” стандартуудыг хэрэгжүүллээ;
·    Санхүүгийн Зохицуулах Хорооноос брокер, андеррайтингийн эрх авлаа. 
 
2012 оны 3 сарын сүүлч буюу эхний улирлын тайлан тооцоо хаахтай зэрэгцэн Банк шинэ хувь эзэмшигчтэй болж Trafigura Beheer B.V нь банкны 21.2 тэрбум төгрөг (15.9 сая ам.доллар)-тэй тэнцэх 1.3 сая бүрэн төлөгдөх энгийн хувьцааг худалдан авч, банкны өөрийн хөрөнгийн 5.02 хувийг эзэмших болсон юм. Ингэснээр банкны өөрийн хөрөнгө 221.7 тэрбум төгрөг (166.7 сая ам.доллар)-т хүрсэнээс 79 хувийг нь нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө эзэлж байна. 
 
Тrafigura компани нь 1993 онд үүсгэн байгуулагдсан, дэлхийд гуравт бичигддэг бие даасан худалдааны томоохон компани бөгөөд өнгөт төмөрлөгийн зах зээлд дэлхийд дээрээсээ хоёрт ордог компани юм.
 
Голомт банкны үүсгэн байгуулагч Бодь интернэшнл ХХК, хөрөнгө оруулалтын Swiss-MO байгууллага, банкны ажилтнуудын санаачлагаар хэрэгжиж буй харилцагч, банкны хувь нийлүүлэгч, оролцогч талуудын ашиг сонирхлыг нэгтгэж чадсан банкны тогтвортой, дэвшилтэт өсөлт, хөрөнгийн удирдлагын оновчтой шийдлүүдийн нэг болсон “Ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр”-т Trafigura компани нэгдэн орлоо. 
 
Дээр дурьдсан амжилтууд нь Голомт банкийг дэлхийд тэргүүлэгч банк санхүүгийн гурван сэтгүүл болох EuroMoney, The Banker, Global Finance-аас “Монгол Улсын шилдэг банк” шагналыг авахад чухал нөлөө үзүүлсэн юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж