Баянгол дүүргийн зургаадугаар хорооны оршин суугч Б.Чулуунбаатар;
-Энэ хүүхдийн тоглоомын талбай дээр манай энэ хавийн хүүхдүүд тоглож, хөгшид салхилдаг. Ойр хавьд ийм газар байхгүй. Орой ажлаа тараад ирсэн чинь тоглоомын талбайн баруун талаас газар ухаж байсан. Тэгээд л барилга барих гэж байгааг мэдсэн. “Юун барилга барих гэж байгаа юм бэ” гэсэн чинь “өрхийн эмнэлэг барих гэж байгаа юм” гэсэн. Манай хороо өрхийн эмнэлгтэй. Энэ 21 дүгээр байрны зүүн талд байдаг. Хоёр өрхийн эмнэлэгээр яах юм. Өрхийн эмнэлэг гэж худлаа ярьж бидний амыг таглаж байгаад мөнгөтэй нэг нь барилга барих гэж байгаа биз.
Эрдэмийн өргөө цоцолбор сургуулийн сурагч, тус хорооны оршин суугч н.Сайнбаяр
-Уржигдар барилга барих хүмүүс ирээд бөөн юм болсон. Бид нарыг тоглох талбайгүй болгох гээд байгаа. Энд барилга барьчихвал хаана тоглох юм, бүү мэд. Тоглоомын талбайг л үлдээж байвал хаана ч барьсан яахав.
Баригдах гэж буй барилга ямар учиртай, юуны зориулалтаар барих гэж байгааг Баянгол дүүргийн зургаадугаар хорооны Засаг дарга П.Эрдэнэбаатараас тодруулсан юм.
-Танай хорооны байрны хойно байрладаг хүүхдийн талбай дээр барилга баригдах гэж байгаа гэсэн мэдээлэл байна. Үүнд оршин суугчид бухимдангуй байна. Тэрхүү талбай дээр өрхийн эмнэлэг барих гэж байгаа гэсэн. Энэ үнэн үү?
-Тиймээ үнэн. Манай Баянгол дүүргийн зургадугаар хороо, цагдаагийн хэлтэс одоо өөрийн гэсэн байргүй. Тийм болохоор Хороо, Өрхийн эмнэлэг, Цагдаагийн хэлтэс зэргийг хамарсан цогцолбор барилга барих гэж байгаа юм. Энэхүү цогцолбор барилга нь зоорийн давхартай, нийт гурван давхар барилга барих юм.
-Оршин суугчид болохоор өрхийн эмнэлэгтэй гэсэн шүү дээ. Хоёр эмнэлэгтэй байх хэрэг үү?
-Манай хорооны өрхийн эмнэлэгийн барилга стандартын бус, шаардлага хангахгүй байртай. Угаасаа нийслэлийн Засаг даргын захирамж бий. Нийслэлд байрлах хороодод 100-гаад цогцолбор барих захирамж гараад эхнээсээ баригдаж байгаа. Баянгол дүүрэгт 23 хороо байдгаас 20-д нь ийм цогцолбор барьсан. Одоо үлдээд байгаа гурван хороонд баригдах гээд санхүү мөнгө нь шийдэгдээд, барих компани нь бэлэн болсон.
-Тоглоомын талбайг бүхэлд хамарч баригдах уу. Хэзээнээс барилгын ажил эхлэх вэ?
-Үгүй ээ. Тоглоомын талбай руу ерөөсөө орохгүй. Талбайн баруун үзүүрээс эхэлж барина. Ирэх сараас бариад эхлэх байх.
Ийнхүү Баянгол дүүргийн зургаадугаар хорооны иргэд хороо, эмнэлэг, цагдааг нэгтгэсэн цогцолбортой болох нь. Нэг талаасаа үнэхээр хэрэгтэй боловч, нөгөө талаасаа бас л хэцүү. Зуны улирал дөхөж буй энэ үед тоглоомын талбай дээрээ тоглох хүүхдүүд, нар салхинд суух хөгшид энэ зуныг барилгын шороо, дуу чимээн дунд өнгөрөөх болох нь. Яаж ийж байгаад энэ зуныг давчихвал ороод үзүүлэх эмнэлэгтэй, амгалан тайван байлгах цагдаатай, тохилог сайхан цогцолбороор үйлчлүүлэх мөч тун удахгүй нь.
"Улс төрийн тойм" сонин