Аялал жуулчлалын салбар ЭЗ-ийн түшиц хэвээрээ юу?

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Аялал жуулчлалын салбар ЭЗ-ийн түшиц хэвээрээ юу?

БОАЖЯ-наас зохион байгуулсан “Аялал жуулчлал-ХХI зуун” үндэсний чуулган өнгөрсөн баасан гарагт Төрийн ордонд боллоо. Үндэсний чуулганд төв, орон нутаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачид гээд 700 орчим төлөөлөгч оролцсон юм. Чуулганыг Ерөнхий сайд С.Батболд нээж үг хэлсэн юм. Тэрбээр Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх талаар баримталж буй бодлого, цаашид шийдвэрлэх  асуудлуудыг илтгэлдээ онцолсон. Мөн эдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар энэхүү чуулганаас санаачилга гарган хэлэлцэхийг хүслээ. Чуулганд БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар, Төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бөгөөд аялал жуулчлалын салбарын цаашдын хөгжлийн зорилт, оролцогч талуудын үүрэг оролцооны талаар илтгэл тавьж хэлэлцүүлэв. Чуулганыг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь удирдан явуулж, оролцогчдын тавьсан асуултад хариулсан юм.

“МОНГОЛ ГЭХИЙГ ТОДОРХОЙЛОХ НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛ ИРГЭНШИЛ УСТАЖ БАЙНА” ГЭЛЭЭ

Монголын эдийн засгийн хүрд одоогоос таван жилийн өмнөхтэй харьцуулахад эргэлтийн хурд нь бараг тав дахин нэмэгдсэн талаар мэргэжилтнүүд онцолдог. Гэвч энэ их хурд, эдийн засгийн өсөлт, капиталыг үүсгэх механизм нь олон салбараас хамаарсангүй. Цагтаа “Алтан дээр суусан гуйлгачин” хэмээн харийнханд адлуулж явсан монголчууд өдгөө авдрынхаа тагийг онгойлгосноор бидний өмнө гадаадынхан бас ч гэж нэг үеэ бодвол хуйларч эхэлсэн. Тэдний ачаар эдийн засаг маань улам төлжиж байна. Гэхдээ зөвхөн газрын доорх баялгаар төсвөө тэтгэж буй нь эрсдэлтэй эдийн засагтай орны тоонд оруулж байгаа талаар нэгэн олон улсын байгууллагын судалгаанд анхааруулжээ.

Тэгвэл эдийн засагт уул уурхайтай ханьсаж хамгийн хурдан ашиг олж болох ямар салбар байж болох вэ. Үүнд  мэдээж олон хариулт байж болно. Чуулганы үеэр уг асуултын хариултыг “Энэ бол аялал жуулчлалын салбар” хэмээн хувийн хэвшлийнхнээс эхлээд төр засгийн удирдлагууд хүртэл нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байна. Аялал жуулчлалын салбар манай улсад бий болоод багагүй хугацаа өнгөрч буй ч ирсэн зочид, жуулчдад тийм ч сайхан сэтгэгдэл төрүүлэх нь юу л бол. Оролцогчид “Манай улс жуулчны бааз, зочид буудлын үйлчилгээгээрээ биш гагцхүү  унаган байгаль, нүүдэлчин соёл иргэншил, уудам тал нутагт татагдаж жуулчид ирж байна” гэсэн саналыг олон хүмүүс хэлсэн. Мөн Өмнөговь аймгаас ирсэн н.Түмэндэмбэрэл “ Эдийн засгийн тулгуур нь говь нутаг. Гэтэл нэг аймшигтай зүйл бий болж байна. Монгол гэдгийг тодорхойлох нүүдэлчдийн соёл иргэншил устаж байгаа нь харамсал төрүүлэх боллоо. Жуулчид бидний өөр юуг үзэх гэж ирэх билээ. Гагцхүү энэ их соёлыг үзэх гэж ирдэг шүү дээ. Нөгөөтэйгүүр говь нутгийг минь харийнхан мөдгүй нүүлгээд одох нь байна. Түүнээс болж байгалийн унаган төрх, ан амьтад үргэн зайлж бүр  зарим төрөл нь устах аюулд хүрлээ. Тухайлбал, аргаль гэхэд зургаан жилийн өмнө таван мянга байсан бол одоо ердөө 2500 болтлоо цөөрлөө” хэмээн говь нутгийн эмгэнэлийг тэрбээр хэлсэн. Манай улсад өдгөө 975 зочид буудал байдаг аж. Гэвч үүнээс одны зэрэглэлтэй нь тун цөөхөн. Энэ нь нэг талаараа зочид буудлын үйлчилгээ төдийлөн сайн хөгжөөгүй байгааг санал шүүмжийн үеэр оролцогчид олонтаа хэлж байлаа. Түүнчлэн энэ салбарт мэргэжилтнүүдийн чадвар маш дутмаг байгааг шүүмжилсэн. Учир нь сургууль болгон аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэж, тэр нь ажил дээр гараад чадваргүй бүтээгдэхүүн болон хувирч байгаа нь Үндэсний аялал жуулчлалын сургууль байгуулахад хүргээд байна гэсэн санал ч оролцогчдын дундаас гарсан. Гэхдээ заавал ийм сургууль байгуулах хэрэггүйг “Кемпинский” зочид буудлын гүйцэтгэх захирал н.Мөнхзул санал, хүсэлт хэлэхдээ онцолсон юм. Учир нь зочид буудлуудын удирдлагууд өөрсдөө тэр хүмүүсээ мэргэшүүлэх ёстой гэнэ. Салбарын сайд Д.Цогтбаатар чуулганы төгсгөлд “Уул уурхайн салбар одоо байгаагаас доод түвшинд байхад аялал жуулчлалын салбараас ДНБ-ний 10 хувийг бүрдүүлдэг байв. Харин одоо ердөө таван хувийг эзэлж байна. Цаашид бид аялал жуулчлалын салбарын шинэ хөгжлийн төлөө ажиллах болно”  хэмээн онцлов.

Энэ үеэр чуулганд оролцогч зарим төлөөлөгчтэй уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.

“Аялал жуулчлалыг дэмжих төв” ТББ-ын тэргүүн н.Батболд:

-Сүүлийн үед аялал жуулчлалын салбар хавсарга хэлбэртэй хөгжиж ирлээ. Харин одоо биеэ даасан салбар болгох асуудлыг зоригтой шийдэх хэрэгтэй. Энэ чуулганд хөтөч, орчуулагч нарын үгийг илүүтэй сонссон бол арай үр дүнтэй болох байлаа. Яагаад гэвэл тэд чинь галыг улаан гараараа барьж байгаа хүмүүс шүү дээ.

Монголын аялал жуулчлалын салбарын үйлдвэрчний эвлэлийн дарга Г.Дүгэр:

-Аялал жуулчлал бол улирлын чанартай салбар. Гэтэл тэнд ажиллагсдын цалин хөлс маш бага. Дээрээс нь эрсдэлд өртөх аюултай мэргэжил юм. Дор хаяхад л бэртэж гэмтэх, цаанадаж амь насаа алдах, бэлгийн болоод бусад дарамт шахалтад орох аюул тун их байдаг. Хамгийн гол нь бид аялал жуулчлалын салбарыг хөгжүүлье гэж байгаа бол улирлын хамаарлаас гаргах хэрэгтэй. Тэгж байж аль аль талдаа үр өгөөжөө өгнө гэсэн юм.

Түүнчлэн чуулганы хүрээнд “Хүний хөгжил-хөдөлмөрийн зах зээл”, “Гадаад сурталчилгаа-марке­тинг”, “Дэд бүтэц-хөрөнгө оруу­лалт” сэдвүүдээр гурван салбар хурал­даан баасан гарагын үдээс өмнө болсон. Салбар хуралдаанаар аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагыг оролцогчид илэн далангүй ярилцлаа.

Л.БААТАРХҮҮ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж