Афганы хохирогчдод нөхөн олговор олгожээ

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Афганы хохирогчдод нөхөн олговор олгожээ

Афганистаны тосгонд энгийн 16 иргэнийг  хөнөөсөн хэргийн нөхөн олговор болгож АНУ хохирогчийн ар гэрт тус бүр 50,000 ам.доллар, шархадсанд нь 11,000 ам.доллар өгсөн талаар Афганы албаны хүн өчигдөр мэдэгдсэн байна. АНУ тосгонд гарсан аллагаас болж хоёр орны харилцаа хурцдаж, тус бүс нутагт явуулж буй олон улсын цэргийн хамтарсан ажиллагаанд саад учрахаас сэргийлж, үүрэг гүйцэтгэж яваад амиа алдсан америк цэргүүдийн ар гэрт олгодгоос хэдэн дахин их нөхөн олговрыг хохирогчдын ар гэрт өгч буй аж. Афганистаны Кандагар мужийн зэргэлдээ тосгонд иргэдийг унтаж байх үед нь гэрт нь орж, галаар шүршсэн дээрх хэрэгт америк түрүүч Роберт  Бейлсийг буруутгасан юм. АНУ-ын албаны хүмүүсийн мэдэгдэж буйгаар түрүүч эхний тосгонд аллага үйлдсэнийхээ дараа Кандагар дахь бааздаа эргэн очсон бөгөөд удалгүй зэргэлдээх тосгон руу мэдэгдэлгүй явсан аж. Роберт Бейлст 17 ял тулгаад байгаа бөгөөд буруутай нь тогтоогдвол цаазаар авах ял оноох юм. Гэвч түрүүч хэргийг ганцаараа үйлдсэн, мөн үүрээр хэнд ч мэдэгдэлгүй баазыг орхиж явсан нь эргэлзээ төрүүлж байгаа гэнэ. Хохирогчдын ар гэрийнхэн өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 24-нд Кандагар мужийн захиргаанаас очиж нөхөн олговрын мөнгө авсан аж. Тэдэнд нөхөн олговрыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өгсөн гэж хэлсэн гэнэ. Афганистанаас хохирогчдын ар гэрийнхэнд өмнө нь тус бүр 2,000 ам.доллар, гэмтэж бэртсэн хүмүүст 1,000 ам.долларын нөхөн олговор өгсөн юм байна. Нөхөн олговрыг олгох үйл явцад АНУ-ын албаны хоёр хүн байлцжээ. Гэвч тэд хэдий хэмжээний нөхөн олговор олгосныг нууцалсан аж.  НАТО-ийн төлөөлөгч, АНУ-ын Зэвсэгт хүчний хурандаа Жимми Куминсын хэлснээр ихэнхдээ хамтарсан зөвлөлийн гишүүд нөхөн олговрын хэмжээг тогтоодог бөгөөд хохирогчдын ар гэрийнхэний хувьд маш эмзэг асуудал учраас нөхөн олговрын хэмжээг олон нийтэд зарладаггүй гэнэ. 2010 онд Хелмандад үүрэг гүйцэтгэж яваад амиа алдсан цэргийн албан хаагчдад 1,500-2,000 ам.доллар, хүнд шархадсанд нь 600-1,500 ам.долларын нөхөн олговор олгож байжээ. Хэрэв Афганистаны албаны хүний хэлсэн үнэн бол АНУ хохирогчдын ар гэрийнхэнд нийт 866,000 ам.долларын нөхөн олговор олгожээ. АНУ-ын цэргийн бааз байрладаг Кандагарын Баланди, Алкозай хэмээх зэргэлдээ тосгонд энэ сарын 11-нд 16 хүнийг буудан хөнөөж, зургаан хүнийг шархдуулсан. Насанд хүрсэн дөрвөн эрэгтэй, дөрвөн эмэгтэй, есөн хүүхдийг хөнөөсөн дээрх хэргийг гэмт этгээд 9 мм-ийн гар буу, M-4 буу болон гар бөмбөг дэлбэлж үйлдсэнийг тогтоосон байна. Харин түрүүч Роберт Бейлсийн өмгөөлөгч түүнийг дээрх хэрэг гарсан өдөр юу болсныг огт санахгүй байгаа гэж мэдэгдсэн юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж