Музатай л уулзмаар байна

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Музатай л уулзмаар байна

Олон улсын театрын өдөр маргааш болох гэж байна. Энэхүү баярыг тохиолдуулан Улсын дра­мын эрдмийн театраас “Гэгээн муза” наадмыг зохион бай­гуулдаг уламжлал тогтоо­д нэлээд хэдэн жилийг ар­даа орхижээ. Энэ жилийн наадмын хамгийн сонирхолтой хэсэг бол шүүгчдийн тангараг өргөх ёслол байлаа. “Гэгээн муза” наадмын Ерөнхий шүүгч Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар танга­раг өргөснийхөө дараа “Ми­ний бие энэ наадмын шүүг­чээр ажиллаж байгаагаа урла­гийн охин тэнгэрийн надад хүлээлгэсэн итгэл хэ­мээн хүндэтгэнэ. Ур ухаан тэнц­сэн, авьяас билгийн сор болсон бүтээлийг нэн тэргүүнд дээдэлнэ. Наадмын агаа­рыг ариун байлгаж, үнэ­нийг эрхэмлэнэ. Энэ наадмын үнэлгээ нь өнөөгийн урлагийн бүтээлийн үнэлгээ болох тул мэрийж, хичээнэ. Сайн сайхан бүтээлийн боол нь байх журмыг сахина. Эрхэм бодолдоо үнэнч байж, энэхүү үүргээ үнэн зөв биелүүлэхээ урлагийн охин тэнгэр Муза­гийн өлмий дор андгайлж байна” хэмээн хэлсэн байгаа юм. Ц.Төмөрбаатар гуайн хэлсэн дээрх үгэнд чухам юу оршино вэ. Урлагийн охин тэнгэр гэдэг нэртэй хүн ч юм уу, бурхан ч юм уу ямар ч байсан нэг эрх мэдэлтэй нэгэн байдаг аж. Тэрбээр жил бүрийн “Гэгээн муза” наадмын Ерөнхий шүүгчийг томилдог бөгөөд тэрхүү аж­лыг хийх эрх мэдлийг олж ав­сан жүжигчин нь Урлагийн охин тэнгэр Музагийн өмнө тангараг өргөдөг юм байна. Хамгийн гоё нь Музагийн өмнө танга­раг өргөсөн хүн ганц Ц.Төмөр­баатар гавьяатаар тогтохгүй. УДЭТ-ын ерөнхий найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Найдандорж, театр судлаач Н.Батсайхан, урлаг судлаач Д.Мягмарсүрэн, зохиолч Д.Урианхай, профес­сор Н.Эрдэнэсамбуу, Гавьяат жүжигчин, “Харанга” хамтла­гийн хөгжимчин Ц.Энхманлай нар ч гэсэн Музад тангараг өргөсөн гэж байгаа. Ер нь Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатартай уулзаж тэр Музатай уулзуулж өгөхийг хүсье байз. Хэрвээ  би Музатай уулзвал “Яахаараа манай Монголын сор болсон эрхмүүдийг өмнөө сөхрүүлж, тангараг өргүүлээд байдаг юм бэ” гэж асуумаар санагдана. Мөн уг наадмын шүүгч нарыг ямар шалгуураар сонгодог талаар ч асуумаар байна. Музатай л уулзмаар байна, яах вэ.

Б.ЭНХМӨНХ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж