Чуулганы үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзоригоос зарим асуултад хариулт авлаа.
-“Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулган-2012” зөвлөлгөөний гол онцлог нь юу байв?
-Хөрөнгө оруулалтын зөвлөлгөөнийг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү зөвлөлгөөн нь дотоод, гадаадын гэсэн хоёр салбартай юм. Өнгөрсөн нэгдүгээр сард дотоодын хөрөнгө оруулагчдын зөвлөлгөөнийг зохион байгуулсан. Энэ үеэр хөрөнгө оруулалтыг хэрхэн татан оролцуулах вэ, хууль эрх зүйн орчин ямар байгаа тухай санал солилцсон. Өөрөөр хэлбэл, ногоон байгууламж, зам гүүрийн асуудал, сургууль цэцэрлэгийн барилгыг дотоодын ямар байгууллагууд хийх бололцоо байгаа талаар ярилцсан юм. Харин энэхүү чуулганы тухайд хөрөнгө оруулалтын үр ашгаа дээшлүүлж, нээлттэй, ил тод байдлыг хангах, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, тэднийг дотоодын хөрөнгө оруулагчтайгаа холбох зорилготой. Иймээс чуулганыг Азийн хөгжлийн банктай хамтарч зохион байгууллаа. Ер нь хурлыг зохион байгуулахдаа Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, ЖАЙКА, КОЙКА зэрэг олон улсын санхүүгийн байгууллагатай хамтардгаараа онцлогтой.
-Хөрөнгө оруулалтын чуулганаас гарах үр дүн юу байх бол?
-Нийслэлийн хувьд нийтийн тээвэр, замын түгжрэл, орчны бохирдлын асуудал гэх мэт 151 тулгамдсан асуудал бий. Үүнийг судалж үзээд усан хангамж, давхар замын төсөл болон бусад орны жишигт нийцүүлж нийтийн тээврийн шинэ төрлийг нэвтрүүлэх, метро барих зэрэг хэдэн төслийг хөрөнгө оруулагчдад санал болгож байна. Чуулганаар төсөв хязгаардлагдмал боловч ирээдүйд үр ашгаа өгөх нийгмийн салбар, дэд бүтэцтэй зэрэг томоохон салбаруудтай холбоотой 48 ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийж байгааг хэлсэн.
-Улаанбаатар хотод энэ жилийн тухайд хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн бэ?
-Нийслэлд жилд дунджаар 979 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын хэрэгцээ байдаг. Гэтэл бид зарим жилд дөнгөж 79 тэрбум төгрөгийг төсөвлөдөг. Гэхдээ сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт харьцангуй өсөж байгаа. Ер нь хүний хэрэгцээ, шаардлага хязгааргүй байдагтай адил хотод жилээс жилд хүн амын төвлөрөл ихсэж, үйлдвэрлэл үйлчилгээ нэмэгдэж буйтай холбоотойгоор хөрөнгө оруулалт илүү их хэрэгцээтэй болсоор байна. Энэ жил гэхэд нийслэлд хөрөнгө оруулалтад 1.7 их наяд төгрөгийн хэрэгцээ байгаа ч нөөцдөө тулгуурлан 259 тэрбум төгрөгийн ажил хийхээр төлөвлөсөн.
“Гауф” судалгааны багийн ерөнхий менежер Холгер Людвигээс цөөн асуултад хариулт авлаа.
-Та хөрсний усыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа гэсэн. Өөрийнхөө төслийн талаар ярихгүй юу?
-Бидний санал болгож буй төсөл хөрсний усыг ашиглан өртөг багатайгаар ирээдүйдээ ундны усны нөөцийг бүрдүүлж байгаагаар онцлог. Түүнчлэн үүнийг ашигласнаар удаан хугацаанд ашиглах боломжтой юм. Мөн улаанбаатарчуудын хувьд хөрснийхөө усыг ашигласнаар дэд бүтцийнхээ гэмтлийг засаж чадна. Үүгээрээ ач холбогдолтой төсөл.
-Тэгэхээр ундны усны хэрэглээг ахуйн хэрэглээнээс салгаж ойлгоно гэсэн үг үү?
-Машин угаах, угаалгын өрөөндөө ашиглах гэх мэт ахуйн хэрэгцээнд заавал ундны ус ашиглах шаардлагагүй. Тиймээс саарал ус буюу ахуйн зориулалттай усыг зориулалтаар нь ашиглаж болно. Харин ундны усыг нөөцөлж зөвхөн ундандаа ашиглах боломжтой.
"Улс төрийн тойм" сонин