Баруун аймгуудад малын үнэ өндөр байна

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Баруун аймгуудад малын үнэ өндөр байна

Нийслэлд махны үнэ өсч, нөөцийн махны үнийг нэмсний буруутан нь дан ганц ченжүүд биш ажээ. Ховд, Баян-Өлгий аймагт УИХ-ын даргыг дагалдан ажиллах үед орон нутагт махны үнэ ямар байгааг сонирхлоо. Ховд аймгийн Цэцэг суманд нэг кг хонины мах 5000 төгрөг байна. Харин тэндээс 45 км зайтай Мөст суманд 2800 төгрөгийн үнэтэй байгааг нутгийн иргэн хэлж байв. Хамгийн хямдаар махаа борлуулж буй сум Мөст байсан юм.

Баян-Өлгий аймагт нэг кг хонины мах мөн л 5000 төгрөг байгааг аймгийн Засаг дарга С.Хавал хэлэв. Баян-Өлгий аймгийн иргэдийн идэшний гол мал адууны үнэ нэг сая төгрөг дөхсөн бол Наурызын баярын үеэр эм хонь 150 мянга, эр хонь 200 мянган төгрөг шүргэжээ. Үхэр 700-800 мянга, тэмээ 600-700 мянган төгрөгийн үнэ ханштай байгаа юм байна. 

Мал, мах үнэд орсон нь хэд хэдэн шалтгаантай. Оюутны сургалтын төлбөрт Хүний хөгжлийн сангаас 500 мянган төгрөг, мөн сар бүр тэтгэмж маягаар 70 мянган төгрөг өгдөг болсноор малчид малаа борлуулж хүүхдийнхээ сургалтын төлбөрт зарцуулдаг нь багасчээ. Мөн сар бүр иргэн болгонд 21 мянган төгрөг өгч буй нь малаа заралгүй өрхийнхөө гурил, будааны хэрэгцээг хангах бололцоог олгосон байна. Хоёр жилийн өмнө болсон зуднаар малаа ихээр хорогдуулсан малчид таваарын малаа нөхөх зорилгоор мал худалдах нь багасчээ. Эдгээр шалтгаанаар мал, мах ховордож, дээр нь холын аймгаас мах тээвэрлэсэн шатахууны үнийг нэмэхээр нийслэлд ирж буй махны үнэ өсөх гол шалтгаан болжээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж