Хөрөнгө оруулагчид Хятадын эдийн засаг
буурч байгааг батлах олон баримт гарган тавьж байна. Урд хөршийн
үйлдвэрлэлийн салбар таван сар дарааллан буурсан үзүүлэлттэй гарсан
тухай "HSBC" олон улсын байгууллага мэдэгджээ. Энэхүү таагүй байдал нь
өнгөрсөн нэг болон хоёрдугаар сард аж үйлдвэрийн салбарт гарсан уналттай
холбоотой аж. HSBC-ээс гаргасан судалгаанд Хятад улсын эдийн засгийн
үзүүлэлт энэ сард 48,1 гэх үнэлгээ авсан нь тус улсын эдийн засагт ахиц
гарахгүй байгааг илтгэж байгаа юм. Учир нь, 50-иас доош үнэлгээг уналт
гэж үзэх төдийгүй хөрш ороны хувьд энэ сар бусад сартай харьцуулахад
хамгийн муу үзүүлэлттэй гарчээ. Уналтын гол шалтгаан юу вэ?
Дотоодын эрэлт хэрэгцээ сул байгаа нь
уналтын нэг шалтгаан болсон. Үйлвэр, компаниуд захиалагч, иргэдийн
хэрэгцээг хангалттай хангаж чадахгүй байгаа нь энэ салбарыг “хөлдөө
чирж” байна.
Мөн гадаадын, тэр дундаа Хятадын
худалдааны хамгийн том түнш болох барууны орнуудын эрэлт буурсан нь
сөрөг хүчин зүйл болж байгаа юм. HSBC-ийн таамаглаж байгаагаар Хятадын
Европ руу гаргах экспортын хэмжээ нэг хувиар буурах аж. Гэсэн хэдий ч
HSBC-ийн захирал, Азийн эдийн засгийн судалгааны төвийн дарга Фредрик Н.
“Хятадын эдийн засагт гарч буй уналтаас айх хэрэггүй” хэмээн CNN
агентлагийн “World Business Today” буланд өгсөн ярилцлагадаа дурдав.
Тэрбээр “Хятадын эдийн засгийн өсөлт харьцангуй тогтвортой байна. Найман
хувийн өсөлт гэдэг тийм ч муу биш. Тус улсын эдийн засгийг уналтад
орсон гэдэгт итгэхийн тулд бид үүнээс бага тоон үзүүлэлтийг харж байж л
итгэх хэрэгтэй. Холбогдох салбарын уналтыг зохион байгуулалттай гэж үзэж
болно. Учир нь, Хятадын Засгийн газраас барьж буй мөнгөний бодлого үл
хөдлөх хөрөнгийн салбарт “гаарч” байгаа үнийн хөөрөгдлийг арилгах
оролдлого юм. Үр дүн нь энэ. Тиймээс Хятад улс “нурж” байна гэж ярих нь
эртэднэ” гэлээ.
Тиймээс урд хөршийн эдийн засгийн уналт харьцангуй зөөлөн газардах нь
байна. Энэ тухай HSBC-ийн удирдлага төдийгүй Францын Credit Agricole
банкны шинжээчид л мөн хэлж байна.
Б.Үүрийнтуяа