Ч.Содномцэрэн: Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил эхэлсэн | News.MN

Ч.Содномцэрэн: Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил эхэлсэн

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Ч.Содномцэрэн: Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил эхэлсэн

УИХ-ын сонгууль удахгүй болох гэж
байгаатай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос бэлтгэл ажлаа хийж
эхэлсэн байна. Хуулийн дагуу энэ удаагийн орон нутгийн сонгууль УИХ-ын
сонгуультай нэг өдөр явах ёстой. Тиймээс хоёр сонгуулийн бэлтгэл ажил
ямар хувьтай явна вэ гэдэг асуудал болоод байгаа. Энэ талаар Сонгуулийн
ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнгээс тодрууллаа.

-УИХ-ын ээлжит сонгууль эхлэхэд  хэдхэн сар үлдээд байгаа. Бэлтгэл ажил хэр явж байна вэ?

-2012
оны УИХ-ын сонгуулийг зохион байгуулах бэлтгэл ажил эхлээд багагүй
хугацаа өнгөрсөн. Бид төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа. Юуны түрүүнд 
хуулинд заасан графикт ажлуудыг хийж байна. Тухайлбал, УИХ-ын хуулинд
тойрог байгуулах саналыг Сонгуулийн ерөнхий хороо оруулах  ёстой. 26
тойрог 48 мандаттай байгуулах тогтоолын саналыг УИХ-д оруулаад тойргийг
байгуулсан. Аймаг, сум дүүрэгт хоёрдугаар сарын 15-ны дотор хэсэг
байгуулагдах ёстой. Нийт сум дүүргүүдэд хэсгүүд байгуулагдаж, нийтдээ
1889 хэсгийг улсын хэмжээгээр байгуулагдаад байна. Өөрөөр хэлбэл, энэ
удаагийн сонгуулиар 1889 хэсэг дээр сонгогчдын санал авна гэсэн үг.

Мөн
сонгогчдын нэрсийн жагсаалтыг  Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн
захиргааны байгууллага гуравдугаар сарын 15-ны дотор вэб сайтад
байрлуулах ёстой, УБЕГ энэ ажлаа хийгээд байгаа. Тэгэхээр сонгогч
өөрийнхөө мэдээллийг тухайн  хаягаар ороод авах боломжтой болж байгаа
юм. Үүнээс гадна СЕХ сонгуулиас өмнө сонгуультай холбоотой хууль
журмуудыг боловсруулж хурлаараа хэлэлцэх ёстой. Нийтдээ 50 гаруй заавар
журам, загвар маягтын төсөл гаргасан. Одоогоор 20 гаруйг нь СЕХ-ны
хурлаар хэлэлцэж батлаад явж байна. Тухайлбал, сонгогчийн нэрсийг дахин
нягтлан шалгах журам гарах ёстой, санал авах бүхээгний загвар,
сонгуулийг ажиглах, сурвалжлах журам, ажиглагчийн үнэмлэхний загвар
зэргийг хэлэлцээд баталсан. Үнэмлэхний хувьд сурвалжлагчийн, гадаад,
дотоодын ажиглагчийн үнэмлэх тус бүртээ өөр өөр.

-Энэ жилийн
сонгуулийн хувьд автоматжуулсан системээр явуулах болсон. Тиймээс
бэлтгэл ажил өмнөх жилүүдээс онцлогтой байгаа байх?

-Энэ
удаагийн УИХ-ын ээлжит сонгуулийг автоматжуулахтай холбогдуулан шинэ
хууль батлагдаж,  мөрдөгдөж эхэлсэн. Үүний дагуу бид 10 гаруй шинэ
журам, хуулийг батлах ёстой байсан бөгөөд боловсруулах шатандаа явж
байгаа. Дөрөвдүгээр сард багтаагаад шинэ журмуудаа гаргаад дуусах
төлөвлөгөөтэй байна. Сонгуулийн санал хураах, тоолох машин, тоног
төхөөрөмжөө сонгосон, эхнээсээ ирж байгаа. Санал тоолох машины хувьд
одоогоор 35 машин ирээд туршилт тестинд орж байна. Энэ сарын 31 гэхэд
700 гаруй, дөрөвдүгээр сарын сүүлчээр 2000 гаруй, үлдсэн 470 машин
тавдугаар сарын 15-нд ирэх ёстой. Автомат машиныг шалгах, тестийн ажлыг
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өгсний дагуу эхэлсэн. Энэ машиныг
шалгаж, хүлээж авах, байрыг тусгайлан сонгох ёстой. Бид одоогоор хаана
хадгалах, хүлээж авахаа бэлтгэж байна.

-СЕХ долоо хоног бүр хуралддаг. Өнөөдрийн /өчигдрийн/ хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцэв?

 -Энэ
долоо хоногийн хуралдаанаар дотоод, гадаадын байгууллага болон хэвлэл,
мэдээллийн байгууллагууд сонгуулийн явцыг ажиглах, сурвалжлахтай
холбогдсон харилцааг зохицуулах журмын төслийг хэлэлцлээ. Энэ журмаар
ажиглагч нар ямар бичиг баримт бүрдүүлж  бүртгүүлэх, сонгуулийн хороод
ажиглагч, сурвалжлагч нарыг ямар боломжоор хангах  ёстой, тэд ямар эрх,
үүрэг хүлээх талаар мөн түүнчлэн  ажиглагч, сурвалжлагчийн үйл
ажиллагаанд хориглох зүйл зэргийг зохицуулахаар болсон. Журмын төслийг
дахин боловсруулж  дараагийн  хуралдаанаар хэлэлцүүлнэ. Мөн санал
хураалтын үр дүнгийн үзүүлэлтийг хэлэлцсэн. Тухайлбал,  нийт санал өгсөн
сонгогчийн тоо, үүнээс хүчинтэй, хүчингүй хуудсын тоо, саналын тоог
гаргах зэрэг үр дүнг гаргаж ирэх програм боловсруулахаар болсон.

-Саналын хуудасны хувьд?

-Саналын
хуудас хэвлэх үйлдвэрийг бид сонгосон. Сонгогчийн саналын хуудас хэвлэх
байгууллагаар  “Мөнхийн үсэг” ХХК  шалгарсан. Үнэт цаас хэвлэх эрх
бүхий хэвлэлийн байгууллагуудын дунд явуулсан мэргэжлийн үнэлгээгээр тус
байгууллага сонгогчийн саналын хуудсыг хэвлэх технологийн нарийн
шаардлагыг хангаж байна гэсэн дүгнэлтийг АНУ-ын  Dominion Voting Systems
компани гаргасан юм. Мөн саналын хуудасны загварыг СЕХ урьдчилсан
байдлаар гаргасан байгаа. Загвар хоёр хэсэгтэй байна. Эхний хэсэг нь
тойрогт нэр дэвшигчийн нэр, харьяалагдах намын нэртэй байх бол нөгөө
хэсэг нь намын нэр байхаар урьдчилсан байдлаар гарсан ч УИХ-ын сонгууль
болох тов гарсны дараа загварыг баталгаажуулах хуультай. Орон нутгийн
сонгууль, УИХ-ын сонгууль нэг өдөр болох эсэх дээр УИХ-д суудалтай хоёр
намын бүлэг санал зөрөөтэй байгаа учраас загварыг баталгаажуулаагүй.

-Хоёр
намын бүлэг хоёр сонгуулийг зэрэг явуулах эсэх дээр маргаантай байгаа.
Гэвч огт хуульгүй биш. СЕХ орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлыг
эхлүүлсэн үү?

-Ер нь бол одоогийн хүчин төгөлдөр байгаа
хуулиараа нэг өдөр явуулна гэсэн байгаа. Орон нутгийн сонгуулийн
бэлтгэлийг хуульд заасанчлан тухайн оро нутгийн ИТХ-ын тэргүүлэгчид
хангах ёстой. СЕХ-нд зарим аймгаас хандаж тодруулга авч байгаа. Бид
хүчин төгөлдөр байгаа хуулийнхаа дагуу бэлтгэлээ хий гэсэн арга зүйн
заавар, зөвлөгөө өгсөн.

-Зарим төрийн бус байгууллагууд СЕХ-г огцрохыг шаардсан. Энэ шаардлагын хариуг өгсөн үү?

-Төрийн
бус байгууллагуудаас СЕХ-г огцруулах шаардлага хоёр удаа  ирсэн. Бид
үүнийг СЕХ-ны хурлаар танилцуулж хариуг нь өгч байгаа. Ер нь бол СЕХ-г
томилдог байгууллага УИХ. Нэр дэвших эрхийг нь Улсын дээд шүүх, Монгол
Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлж УИХ-аар  баталгаажуулдаг. Нэр
дэвшүүлдэг байгууллагуудад нь хан­дах нь зүйтэй. Түүнээс биш СЕХ өөрөө
ийм шийдвэр гаргах байгуул­лага нь биш. Хуульд зааснаас бусад
то­хиолдолд Хорооны гишүүнийг чөлөө­лөх, огцруулах түүнчлэн өөрийнх нь
зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглосон. Мөн
СЕХ түүний гишүүн хууль ёсны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд аливаа
бай­гууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч нөлөөлөх, хөндлөнгөөс
орол­цохыг хориглосон хуулийн заалттай.

Ш.ОЮУНЧИМЭГ
2012.03.21

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж