Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Та үүнийг мэдэх үү?

Аляска хүрэм

Өнгөрсөн зууны наяад онд ядуухан хүмүүсийн дунд алдартай хүрэм дараагийн арван жилд нь дэгжин хүмүүсийг байлдан дагуулаад удалгүй шүтээн болно гэж хэн санах билээ.

Улбар шар дотортой энэ дулаан хүрмийн эзэн болох мөрөөдөл тэр цагийн монгол бүр, цаашлаад зөвлөлтийн залуусыг эзэмдсэн байлаа. Мэдээж тэр нь Польшид үйлдвэрлэсэн биш, жинхэнэ америк, канад үйлдвэрийнх байсан бол үнэ хайрлахгүйгээр авах л байж.

“Аляска” гэдэг нэр нь Хойд Америкийн гэх ямар нэгэн далдын “ид шидээр” дуудна. Гэхдээ л коммунист орнуудаас өөр улс оронд түүнийг Аляска гэж нэрлэж байсан нь юу л бол. Дэлхий даяар түүнийг “сноркель парк” гэж нэрлэсэн нь юүдэнгийнх нь онцгой хэлбэртэй холбоотой байлаа. Юүдэн нь товчлогдсон байхдаа усанд шумбагчийн баг, эсвэл эскимосуудын үндэсний хувцсыг санагдуулдаг.  Дашрамд дурьдахад, энэ хүрмийг бас “анорак” гэж нэрлэх нь бий. Жинхэнэ эскимосын анорокийг толгойдоо углан өмсдөг ба тэр нь хүйтнээс  биш, гол нь салхинаас хамгаалах ёстой.  Үүгээр л “парк” анорокаас ялгаатай.

Өнгөрсөн зууны 50-иад оны үеэс хүйтэн дайн эсрэг талуудын цэргийн баазуудыг өргөн их өргөрөг уртрагаар тараасан билээ. Тэр үеэр Америкийн Нисэх хүчний захиалгаар “дөрөвний гурвын” (өгзөгний дунд хүрсэн) өвлийн хүрмийг бүтээжээ. Тэр нь -20°С хэмийн хүйтнийг даах юүдэнтэйгээр хийгдсэн байна. Өвлийн хувцасны энгийн үйлдвэрлэгчид үйлдвэрлэхэд хямд сноркель паркийг анзаарч түүний лицензийг цэргийнхнээс худалдан авсан байв. Ингээд л янз бүрийн өнгө, чанартай “Аляска” гарч иржээ.

Хямдхан байснаас хүрэм маш их тархан алдаршив. Жишээ татахад тийм хүрэмгүй англи сурагч ганц ч байсангүй. Наяад оны сүүлчээр Барууны орнуудад тэр хүрмийг армитай холбон үзэхээсээ илүүтэйгээр  ганган хүмүүсийн хувцас гэх болсон байлаа. 

“Өмнөдийн хүрээлэн” хүүхэлдэйн киноны Кенни улбар шар өнгийн тийм хүрэмтэй байсан нь бэлгэдлийн шинжийг агуулсан гэх үү дээ. Рэпчид клипүүддээ өөрсдийн хүүхэд ахуй цагийн дуртай хувцсаа ихээхэн дуртай үзүүлж байсан нь түүний том сурталчилгаа болов.

Ер нь бол тэр гангарсан хүмүүсээс сүүлд шоу бизнесийн одод бишгүй л гарсан билээ. Тухайлбал, “Оазис” хамтлагийн Лиам Галлахер, хөлбөмбөгчин Дэвид Бекхэм нарыг нэрлэж болно. Шинэ зууны эхнээс нийгэм нь дахин “Аляскийг” сайнаар авч үзэх боллоо. Одоо олон эрчүүдийн дуртай хувцас нь тэр болсон ба мэдээж эсгүүр нь стилийнх болоод улбар шар дотор нь харагдахаа болжээ.

Ердөө л цэргийнхээрээ

Ориг  сноркель парк буюу N-3B артикулаар олны мэдэх хувцсыг хийхдээ анх нейлон ашигласан бөгөөд далаад оны дунд үеэс нейлон ба хөвөн даавууны хольцыг ашиглах болов. Даавууны өнгө нь армийн гэх саарал-ногоон өнгөтэй байгаад явцын дунд хөх цэнхэр усан үзмийн өнгөтэй болон хувирав. Харин одоо хүрэн улаан өнгөтэй хүрэм ч гарч ирсэн байна. Үслэг даавуун дотрыг нь далаад оны дунд үеэс хиймэл материалаар солиод улбар шар өнгөтэй болгосон юм. Онгоцноос ослын буулт хийсэн нисгэгчдийг агаараас эрэн хайхад амар гээд л улбар хурц шар өнгийг сонгосон хэрэг. Хүрмийн дизайн нь ер бусын юүдэнтэй хийгдсэн байв. Юүдэн нь цахилгаан товчоор хоёр хуваагдах ба товч татагдсан үед нүдний зайтайгаар хүний нүүрийг бүтэн хаадаг байхаар хийжээ.

Скейтборд

 
Скейтборд экстрим (утгачлан буулгавал “амь дүйсэн”) спортын тамирчдын дунд анх гарч ирсэн ч хагас зууны дотор Олимпийн төрөл болж чадаагүй л байгаа. Түүнд нь экстрим тамирчид баяртай байлгүй яахав.

“Жижиг дугуйтай богино банз” гэхээр энэ төхөөрөмж аль эрт ХХ зууны 20-30-аад онуудад зохиогджээ. Тэр нь бидний орос ах нарынхаа буянаар “самокат” гэж нэрлэсэн нэг хөлөөрөө түлхээд явдаг дугуйны өөрчлөгдсөн жолоогүй загвар байв. Тийм самбарт эргэх механизм байгаагүйгээс шулуухан явдаг байжээ. 1940-өөд онд самокатын шинэ загвар скитер-скейтийг  хийжээ. Шинэ загварын жолоог авч, угсарч болохоос гадна дугуйнууд нь эргэлттэй тэнхлэгтэйгээр хийгдсэн учраас хөдөлгөөнөө удирдаж болох болжээ.

Гэхдээ ихэнх нь өөрийн хийцний тэр дугуйтай самбруудыг хүүхдийн тоглоом гэдэг болсон байна. Калифорнийн далайн давалгаагаар гулгадаг серфингистууд 1950-аад онуудад роликийн тэшүүрийг дугуйнуудыг банзан самбарт бэхлэн “засмал замын серфинг” гэж нэрлэсэн дасгал сургуулийг спортынхоо улирлын төгсгөлөөр хийдэг болов. Тэд серфингийн хөдөлгөөнийг нэг ёсондоо хуурай газар давтан хичээллэх болжээ.

Серферийн тоног төхөөрөмжийн дэлгүүрийн эзэн Лос-Анжелесийн Билл Ричардс 1962 онд хэдэн “тэшүүрийн самбарыг” Чикаго хотод захиалан хийлгэсэн байна. Гэхдээ хамгийн анхны жинхэнэ скайтбордын үйлдвэрийн бүтээгдэхүүн үүнээс жилийн дараа гарч ирсэн ба түүнийг  зохион бүтээгч Ларри Стивенсоны зохиосны дагуу дугуй ба тэнхлэгтэйгээр Makaha компани үйлдвэрлэжээ. Тамирчны янз бүрийн үзүүлбэрт  хэрэгтэй скейтбордын самбарын хойд хэсгийн матаас зэрэг төхөөрөмжийг Стивенсон 1968 онд сайжруулан хийгээд патентыг нь авсан байлаа. Мөн тэр үед хэд хэдэн компаниуд Стивенсоны санааг аван үйлдвэрлэлд нэвтрүүлсэн ч зохион бүтээгч тэдэнтэй заргалдаад патентаа хамгаалж чадаагүй түүхтэй. Зөвхөн хэдхэн компаниуд түүнд зохих хувийг өгөөд хэрэг явдал дуусчээ.

Скейтбордын декийн хэмжээ ба дизайн цагийн явцад гулгалтын стилиэс нь хамааран өөрчлөгдөж ирэв. Орчин үеийн стритстайлийн стилийн төхөөрөмж нь 1980-аад оны скейтбордынхоос илүү нарийхан бөгөөд симметрийнх болсон байгаа. Олимпийн төрөлд скейтбордингийг оруулахаар сүүлийн гучаад жил хөөцөлдөж буй. Гэхдээ ихэнх скейтерүүд нь түүнийг эсэргүүцдэг. Тэгвэл бүгд нэгэн журамд орох учраас л тэр. Жинхэнэ скайтер ямар нэгэн хязгаарлалтад дургүй.

Серфингистуудад зүүдлэгдмээргүй

Дека дээр хийх Скейтбордын үзүүлэлт хөгжихийн хирээр серфингистуудын хөдөлгөөнийг хуулбарлахаа больжээ.  Алан “Олли” Гелфанд скейтбордын гаргүй гэх харайлтыг 1976 онд анхлан бодож хэрэгжүүлжээ. Тэр аргыг хожим “Олли” гэж нэрлэсэн байлаа. Мөн тэр үеэр харайж байхдаа самбараас барих грэб-трюки гэсэн арга гарчээ.

Дэвшил гэгч скейтбордын хөдөлгүүр

Америкийн зохион бүтээгч Фрэнк Нэсуорсийн  полиуретановын гэх дугуй нь төмөр дугуйг бодвол замтай сайн барьцалдах учраас скейтбордингийн хөгжилд 1970-аад оны эхээр шинэ түлхэц өгөв. Тэр цагт үйлдвэрлэгч нар тэнхлэгийг сайжруулан декийг нь шилэн утас ба хөнгөн цагаанаар хийх болсон байлаа. Гэхдээ одоо ихэнх төхөөрөмжийн самбар нь царс модны фанераар хийгдэж байгаа билээ.  

Самбараар ирээдүйд

Скейтбордоор халдварлах ээлжит давалгаанд кино урлаг чухал үүрэг гүйцэтгэлээ. Наяад оны сүүлчээр “Ирээдүйдээ эргээд” гэх зөгнөлт блокбастерийн баатрыг дуурайгаад олон залуу хөвгүүд дугуйтай самбарыг сонгосон билээ.

Термос-халуун сав

Дэлхий даяар термос гэдэг халуун савыг бид Германы thermos gmbh компанийн патентласан савны буянаар мэдэх болсон юм. Нэгэн үе бид хоёр литрийн хятад улаан, цэнхэр цэцэг, луу, шувуудын зурагтай халуун саваар хангагдсан байлаа.

Бидний адил хятад халуун савтай байсан орсуудад энэ өвлийн эсэргүүцлийн цуглаан жагсаалаас болон “термос” гэсэн үг тэдний нийгмийн амьдралд буцан ирж байгаа тухай ярьцгааж байна. Одоо бол ганц хоёр аяга цайтай хуван эх биетэй эсвэл термо аяга голчлон хэрэглэгдэх болжээ. Тэднийг дэлхийн олон орны компаниуд, түүний тоонд 100 жилийн өмнө уг төхөөрөмжийн патентыг авсан Германы Thermos GmbH үйлдвэрлэж байна. Мэдээж социалист орнуудад герман халуун сав ирээгүй, түүний оронд төмөр гэртэй цэцэг ба ургаж буй нар зэрэг зурагдсан гол төлөв улаан өнгийн халуун сав л “дүүрсэн” байв. Хятад халуун сарыг гал тогооны интерьерийн чимэг болгон хадгалдаг байлаа.

Бидэнд нийлүүлэгдэж байсан халуун савыг  жараад оны үед баригдсан Бээжингийн  “Буга” гэдэг үйлдвэрт хийдэг байжээ. Тэр нэр нь Зөвлөлт ба Орост “Олень” гэж нэрлэгддэг байсан бол Барууны орнуудад Bejiing Deer (Бээжингийн буга) гэж орчуулагдан буулгагддаг гэнэ. Ер нь бол компанийн нэрийг орчуулах гээд байдаггүй л дээ.

Хятад халуун сав нь хөнгөн цагаан таглаатай ба түүнийг заримдаа аяга болгон хэрэглэнэ. Савыг нь үйсэн бөглөөгөөр тагладаг байв. Эрэгддэг бөглөө байхгүйг нь хятад халуун саванд шилэн колба ашигладаг байснаар тайлбарлаж болно. Шилэн савыг эргэдэх технологийг Хятадад ч Зөвлөлтөд ч ашиглаж ирсэнгүй. Шилэн савыг эрэгддэг таглаатай болгохын тулд тусгай машин хэрэглэх ёстой байв. Эрэгтэй шилэнд бөглөөг нь эрэгдэх таглааг twist-off  гэдэг бөгөөд тэр нь тэдэнд хожим гарч иржээ.

Практик дээр үйсэн бөглөөтэй савыг эргүүлж хэвтүүлж огт болохгүй байв. Гэлээ ч тэр асуудал нь хятад халуун савыг бүх нийтийн дуртай эдлэл болоход нь саад болоогүй билээ. Их л гоё харагддаг байж дээ.

Үгүйсгэгдэх сав

Ер нь бол “термос” гэдэг нь бүтээгдэхүүний нэр биш, Thermos GmbH (Германд 1904 онд байгуулагджээ) компанийн барааны тэмдэг юм. Энэ савыг Дьюарынх гэвэл үнэнд нийцнэ. Шотландын Жеймс Дьюар 1892 онд нэг сав нь нөгөө дотроо байрлах хоорондоо хоосон орон зайтай системийг бүтээсэн байна. Савнуудын хоорондын агаарыг шахан аваад хоолойгоор нь битүүлсэн байлаа. Дюрар үүнийг бүтээхдээ өмнө нь 1874 онд тусгаарлагч болгон ваакум хэрэглэснээс сайжруулах замаар хийжээ. Дьюарт энэ технологи нь зөвхөн шинжлэх ухааны зорилгоор хэрэгтэй байсан гэдэг. Түүний бүтээсэн саванд  хайлах хэм нь -259,2 °C  байдаг шингэн бөгөөд хатуу устөрөгчийг лабораторид хадгалж байсан гэнэ. Үүнээс өөр зориулалтын талаар Дьюар сэтгээч үгүй бололтой.

Австрийн асаагуур  

Винтов бууны сумны хонгионоос төрсөн тамхичин хүний үнэнч дагуулыг алдаршуулагчид нь Дэлхийн хоёрдугаар дайны цэргүүд болсон юм.

Домогт IMCO асуугуурын эх орон нь Австри гэхэд гайхах зүйлгүй. Учир нь Вена хотын эрдэмтэн Карл Ауэр фон Вельсбах цахиурын уламжлалт асаагуурыг бүтээгч юм. Дашрамд сануулахад байгалийн цахиур чулуу нь 1903 онд фон Вельсбахын патентыг авсан церий, төмөр хоёрын хоьцтой огт хамаагүй.

Фон Вельсбахын нээлт ба IMCO асаагуурын хооронд бүтэн 15 жилийн зайтай. Олон тооны цуглуулагчид Дэлхийн нэгдүгээр дайны үеэр тэр асаагуур хэрэглэгдэж байсан гэдэг нь үнэнд үл нийцнэ. Юлиус Майстерийн үүсгэн байгуулсан IMCO компани үнэн хэрэгтээ цэргийн хэрэглээн дээр ажиллаж байсан ч зөвхөн товч хийж иржээ. Харин дайны дараа л Майстер  үйлдвэрлэлээ асаагуурынх болгосон юм. Асаагуурын үндэс нь сумны хонгио байснаас түүний эх бие нь цилиндрийн хэлбэртэй болжээ. Майстерийн асаагуурын анхных 1918 онд гарч ирсэн ба зөвхөн 1922 онд бүртгэгдэн патентлагдсан байв. Энгийн бөгөөд найдвартай зохион бүтээлтээр уг асаагуур Австри, Германд ихээхэн алдартай болсон байв. Эдгээр орнуудаас гадуур асаагуурыг дэлхийн хоёрдугаар дайн тараажээ. IMCO компанийн бүтээгдэхүүнээр вермахт ба түүний холбоотнуудын арми хангагдсан байсан ба булаан эзлэгдсэн орнуудад нь тэр асаагуур үнэлэгдэн тархав. Дайнд эргэлт гарсны дараа Зөвлөлт, Америк, Английн цэргийнхэнд тэр асаагуур хамгийн алдартай бэлэг дурсгал нь болсон байжээ.

IMCO -гийн хамгийн алдартай загвар Triplex Super-ыг 1936 онд хийжээ. Тусгай таглаа нь бензинтэй савыг найдвартай хааж, хөдөлгөөнтэй дэлгэц нь хүчтэй салхитайд ч тамхиа асаах боломж  өгч байлаа. Тэр загварыг одоо ч үйлдвэрлэдэг. Дизайн нь 75 жилийн турш нэгэн янз л байгаа. Өнөөдөр компани нийтдээ 70 орчим загвар үйлдвэрлэн дэлхийн 80 оронд гаргадаг бөгөөд албан ёсны мэдээгээр 500 000 000 асаагуур зарагджээ.

Олзны “бэлбэсэн авгайчууд”

Ийм өхөөрдсөн нэрээр Зөвлөлтийн цэргийнхэн Австрийн асаагуурыг нэрлэсэн байлаа. Асаагуур хэрэглэхэд амар, элдэв хүндрэл гаргахгүй учраас тэдэнд олзны энэ эдлэл ихээхэн таалагдаж байлаа. Дайны дараа уг асаагуурын хуулбарыг Зөвлөлтөд гаргаж байв.

Нэг үсэг солигджээ

IMCO  компанийн нэр нь JMCO гэсэн үгний нэг үсэг солигдсон нэр юм. Тэр нь “Юлиус Майстер ба компани” гэсэн үг ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж