Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаална

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаална

Одоогийн Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан ажлаа хүлээж авсныхаа дараа эзэмшдэг хувьцаагаа шалгуултал “Таны хувьцаа аль хэдийнэ зарагдсан байна” гэсэн хариу сонсчээ. Энэ бол өнгөрсөн арав гаруй жил хүчин төгөлдөр мөрдөж ирсэн Компанийн тухай хуулийн “цоорхой”-н энгийн нэгэн жишээ. Удахгүй Монгол Улсын иргэн бүр өнгөрсөн сонгуулиар намуудын амлалт, сонгуулийнх гол шоу болсон эх орны хишиг хувь гэгчийн ачаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигч болно. Ингэхээр бид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хөрөнгө оруулагчид болж, хувьцааны ногдол ашиг хүртэх юм.

Тэгвэл эх орны хишиг хувь гэх 1072 ширхэг хувьцаагаа 1990-ээд оны цэнхэр, ягаан тасалбар шиг болгохгүйн тулд жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх, үүргийн талаар багагүй мэдлэгтэй болох нь чухал. Өнгөрсөн арав гаруй жил мөрдөж ирсэн Компанийн тухай хуулийг шинэчлэн найруулж, 2011 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Харин үнэт цаасны тухай хуулийг шинэчлэн найруулах төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам өргөн барьсан тухай мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооноос өгч байна. Иргэд хувьцааны талаар мэдлэг багатай, 1999 оны долдугаар сарын 2-нд батлагдан өдрөөс мөрдөж ирсэн хууль тодорхой бус, хэрэгжихэд ойлгомжтой бус байснаас олон иргэд хохирсон гашуун түүх бидэнд бий.

Өнгөрсөн баасан гаригт Хэвлэлийн хүрээлэнд “Жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг төрөөс хэрхэн хамгаалахаар болов” сэдэвт дугуй ширээний ярилцлага боллоо. Дугуй ширээний ярилцлагад Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын Ахлах хянан шалгагч Т.Жамбаажамц, жижиг хувьцаа эзэмшигч Ж.Дамчаа нар оролцсон юм. Энэхүү ярилцлагаар шинэ гарсан хуулийн өөрчлөлтөөр жижиг хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрхэн хамгаалах, компаниудын хяналтыг хэрхэн хийдэг болон хүндрэлтэй тал, жижиг хувьцаа эзэмшигч нар хэрхэн хохирдог талаар мэдээлэл өгсөн юм.

Монголын хөрөнгийн зах зээлд жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг ихэвчлэн хоёр хэлбэрээр зөрчсөөр иржээ. Жижиг хөрөнгө оруулагчийн хувьцааг хууль бусаар зарах явдал 1999-2000 оны хооронд их гарчээ. Тухайлбал “Мөнхөд” брокер дилерийн компани 500 гаруй жижиг хөрөнгө оруулагчийн хувьцааг зарсан гэмт хэрэг үйлджээ. Энэ нь 1990-ээд оны цэнхэр, ягаан тасалбараар тараагдсан хувьцаа бөгөөд үүнийг өрх гэрийн тэргүүнд олгодог байсан. Тэгэхээр нэг хохирогчдын ард 3-4 хүн байгаа гэж тооцвол 1500 гаруй жижиг хөрөнгө оруулагчийн хувьцааг хууль бусаар заржээ. Нөгөө нь жижиг хувьцаа эзэмшигчдийн компанийн удирдлагад оролцох боломжгүй байсан явдал аж.

Үүнээс үүдэн жижиг хөрөнгө оруулагчид компанийн удирдлагуудад ашигтайгаар эргүүлж буй сонирхлын зөрчлийг зогсоох эрх зүйн боломжгүй байжээ. Ингэснээр компанийн том хувьцаа эзэмшигчид  ТУЗ-дөө суудаг, эрх мэдлээ ашиглан жижиг хөрөнгө оруулагчдыг хохироодог, ногдол ашиг хүртээдэггүй тохиолдол газар  авчээ. Энэ мэтээр хохирсон жижиг хувьцаа эзэмшигчид хохирлоо барагдуулахаар холбогдох газруудад өргөдөл, гомдлоо гаргадаг ч шийдвэрлүүлж чадалгүй эцэстээ шантран орхиход хүрдэг аж.  Арав гаруй жил хуулийн байгууллагаар яваад өдий хүртэл хохирлоо барагдуулаагүй иргэд олон. Бас хохирсноо мэдээгүй иргэд ч байгаа талаар Санхүүгийн зохицуулах хорооныхон хэлдэг. Мөн хувь эзэмшдэг компани нь групп болтлоо өргөжсөн ч ногдол ашиг хүртээдэггүй гэсэн зөрчлүүд ихэвчлэн гардаг байжээ. Санхүүгийн зохицуулах хороонд ирдэг өргөдөл гомдлын 70-80 хувийг жижиг хувьцаа эзэмшигчдийнх эзэлдэг гэнэ.

Иргэн Ж.Дамчаа “Монгол эд импекс” компанийн 1.57 хувийн хувьцааг эзэмшдэг байжээ. Гэтэл удирдлагууд нь сонирхлын зөрчилтэй хэлцэл хийн компанийнхаа өмч хөрөнгийг зарж, жижиг хувьцаа эзэмшигчдээ хохироосон байна. Ж.Дамчаа хохирлоо барагдуулахаар 10 гаруй жил Санхүүгийн зохицуулах хороо, шүүх, цагдаагийн байгууллагаар яваад цөхрөнгөө барснаа дуулгасан юм. Хэрэг өдий хүртэл шийдвэрлэгдээгүй байгаа аж.     

Харин 2011 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн мөрдөж буй Компанийн тухай хуулийг өнгөрсөн арван жилийн алдаа, дутагдлыг арилгах хэмжээний сайн хууль болсон үздэг аж. Энэ хууль жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахад түлхүү анхаарчээ. Тэдний эрх ашгийг хамгаалах хамгийн найдвартай гарц нь тухайн компанид жижиг хөрөнгө оруулагчдын төлөөлөл болгон, хараат бус гишүүнийг ажиллуулах нь чухал гэж хуулийг шинэчлэн найруулагчид үзжээ. Хараат бус гишүүнээр тухайн компанийн таван хувиас дээшгүй хувьцаа эзэмшигч сонгогдох эрхтэй. Ингэснээр компанийн ТУЗ-д жижиг хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл орох боломж бүрдэнэ. Мөн өмнөх хуулиар тухайн компанийн хувьцааны нэгээс дээш хувийг эзэмшдэггүй хүн шүүхэд хандах эрхгүй байсныг өөрчилж, нэг ширхэг хувьцааг эзэмшигч ч хөрөнгө оруулсан компанийнх нь удирдлагууд сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсэн гэж сэжиглэвэл шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болжээ. Хэрвээ шүүхээр томоохон хөрөнгө оруулагчид сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсэн гэж үзвэл тухайн хэлцлийг хүчингүй болох аж.

Мөн компанийн хувь нийлүүлэгчдийн хурлыг ч боловсронгуй болгосон байна. Компанийн хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэхээр товлоогүй асуудал оруулж, хэлэлцүүлэх тохиолдол өмнө ихээр гардаг. Энэ тохиолдолд гарсан шийдвэрийг хүчингүйд тооцох заалтыг Компанийн тухай хуульд шинээр тусгасан байна. “Хэрвээ жижиг хувьцаа эзэмшигчид брокерийн компани, томоохон хөрөнгө оруулагчдад  хувьцаагаа зөвшөөрөлгүйгээр алдсан бол, ногдол ашгаа авч чадаагүй бол шүүхэд хандах бүрэн эрхтэй болсон” тухай энэхүү дугуй ширээний ярилцлагын үеэр Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын Ахлах хянан шалгагч Т.Жамбаажамц онцолж байлаа.

Манай улсад үйл ажиллагаа явуулдаг хувьцаат компаниуд цаг хугацаандаа хувь нийлүүлэгчдийн хурлаа зарладаггүй, дампуурсан, үндсэн хөрөнгөгүй атлаа хөрөнгийн зах зээлд хувьцаагаа арилждаг гэсэн нийтлэг зөрчил илэрсэн байна. Ийм зөрчил илэрсэн 160 гаруй компанийг Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрээр үйл ажиллагааг зогсоосон байна.  

Б.ОЙНБИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж