Чимээгүй хотын ”Хашгираан” буюу цуврал – 3

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Чимээгүй хотын ”Хашгираан” буюу цуврал – 3

Онгорхой авс, хувхай яс, дээгүүр нь хэрээ эргэлдэж, доогуур нь ноход хуцалдана. Дэргэд нь хүмүүс амьдарч, дотор нь хүүхдүүд тоглоно. Чухамдаа иймэрхүү дүр зургаар оршуулгын газрыг төсөөлсөөр уджээ. Хотжилт эрчимжиж, нийслэлийн төсөв хөрөнгө нь нэмэгдэж байгаа ч орчин үеийн энэ цагт нөгөөх л танил болсон дүр зураг хэвээрээ…

Энд тэнд хөглөрөх хог, шороо, малын сэг, замд Даландавхарын булшнууд дарагдан, эгээ л дэргэд нь хөглөрөх хог, шорооноос ялгаагүй болсон байх аж. Заримынх нь шарилын чулуу доош унаж, хэдэн хэсэг болон салсан байх бөгөөд талийгаачдын нэр аль хэдийнэ харагдахгүй болжээ. Чухам хэзээ амьдарч байсныг нь үл илэрхийлэх хэдэн чулуу, дотор нь хэн нэгнийг оршуулсан эсэхийг нь ч таах аргагүй хогийн сав болсон шарилууд цөөнгүй. Өмнө нь хүний нэр байсан бололтой ором нэгэн гантиг чулуунд үлдсэн байх бөгөөд нэр ус, он сар нь аль хэдийнэ арилжээ. Шарилын чулуунд үлдсэн олон гэмтлийг нь харвал нар, салхины нөлөөгөөр арилаагүй нь илт. 2010 онд бурханы оронд заларсан нэгний шарил дүнхийн байна. Чухам хэн гэдэг хүн байсныг гэрчлэх юм алга болжээ. Энд тэнд олон нүх сүв гарсныг нь харвал хэн нэгэн зориудаар ингэж гэмтээсэн бололтой. Чухам хэн ингэж гэмтээсэн нь хэзээ ч үл мэдэгдэх биз. Яагаад эдгээр булшнууд тоногдож байгааг тодруулах гэсэн боловч манаачийн ажилтай нэгэн эр үг хэлсэнгүй. “Мэдэхгүй” гэсэн ганц үгээр ам таглаад буцаасан юм.

Даландавхарын яг төвд цөөнгүй тооны шарилууд онгойжээ. Нэгэнт онгойсон шарил дээгүүр хоёр, гурван хар хэрээ эргэлдэх аж. Хоол хайж байгаа нь энэ. Оршуулгын газрын доохон талд хоёр гурван золбин ноход гүйлдэх. Эдгээр ноход энд, тэндхийн булшийг очиж үнэрлэн, зарим нь онгорхой шарил руу орж тэндээ хэсэг зогсох аж. Чухам хэзээнээс Даландавхарын шарилууд хар хэрээ, золбин нохдыг тэжээснийг мэдэхгүй. Зарим ноход амандаа цагаан юм зууж явааг нь харвал идэх холбоо олсон нь лавтай.

Даландавхарын бүх л хэсэгт иймэрхүү хувь заяаг эдэлсэн шарилууд цөөнгүй. Заримынх нь авс аль хэдийнэ хогийн сав болжээ. 1975 онд насан хутгийг олсон нэгний авс онгорхой байна. Дотор нь харин араг яс алга. Хэдэн бэлэн гоймонгийн сав, архины шил, хуванцар сав хэвтэх. Уг нь авсыг тойруулаад зарим булшны хажууд цемент, блокон хавтан тэргүүтэн байсан бололтой ул мөр харагдах ч, мөнхийн хутгийг аль хэдийнэ олсон хөөрхий нэгний хэдэн яс нар, салхи, бороо, цасанд идэгдэн хэвтсээр л байна.

Нохой хоол эрэн гүйлдэж, хэрээнүүд дээгүүр нь эргэлдэхтэй зэрэгцэн, хог түүдэг хүмүүс Даландавхараар цөөнгүй. Хэдийгээр энэ оршуулгын газрыг хамгаалан хашаа татсан байх ч ар талынх нь хашаа онгойсон болохоор хүмүүс ингэж ганц, нэгээрээ явдаг ажээ. Сурвалжлага хийхээр очсон тэр мөчид дөрөв, таван хог түүдэг хүн харагдаж байлаа. Учир нь Даландавхарын доохонтой хоёр, гурван шинэ шарил “ирсэн” байх аж. Холоос арцны утаа цоргиж байгааг харвал саяхан “мөнх нойрссон” шарил байлаа. Харин хог түүгчид дөрөв, тавуулаа уралдах шахам тэдгээр шарилын зүг гүйж байгаа харагдав. Гэвч хэрээ, ноход эдгээр хүмүүсээс өрсөж очсон нь холоос харагдаж байлаа.

Ийнхүү эвдрэх хэсэг нь эвдэрч, алга болох хэсэг нь алга болсоор “чимээгүй хот”-ын эмгэнэлт “амьдрал” үргэлжилсээр байна.

Өдгөө нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нийлсэн 17 гаруй оршуулгын газар байдаг аж. Харин эдгээр оршуулгын газрын дунд Даландавхар 137 га талбайтай бөгөөд том оршуулгын газрын тоонд орно. Энэ бүх талбайд хүмүүсийг оршуулсан гэж тооцвол ямар их хорт бодис агаарт дэгдэж, хөрсөнд нэвчиж байгаа нь ойлгомжтой. Ядаж байхад эдгээр булшнуудын чамгүй хувь нь онгойчихсон байдаг. Булш онгойх, тоногдохоос хамгаалан тойруулан том хашаа босгосон хэдий ч өнөөдөр ч булш тонох, явдал тасрахгүй байна.

Эргэлзээтэй нэгэн зүйл байгаа нь зарим нэгэн шарил хашааны гадна үлдсэн байлаа. Чухам яагаад эдгээр шарилнууд хашааны гадна үлдсэнийг хэн ч үл мэдэх. Зарим айлуудын хашаанд эгээл хувцасны шүүгээ мэт дүнхийн байх ажээ. Бүр зарим нь хэдийнэ хогонд дарагдаж, хогийн савны л үүрэгтэй болсон байна.

Хүний цогцсыг газар булж оршуулахад агаар дутмаг орчинд анероб хэмээгдэх задрал явагдаж 3-5 жилд зөөлөн эдүүд, 40-50 жилд хатуу эд болох яс задардаг. Ингэж удаан хугацаагаар задрахад агаар мандалд 20 шахам төрлийн хорт хий дэгдээдэг аж. Хэрвээ задарч дуусаагүй байгаа үед хүний шарил онгойвол дээрх хорт хийнүүд шууд салхитай урвалд орж хотоор нэг тархдаг ажээ. Хэрвээ задарч бүрэн дууссан 25-35 жил болсон шарилын таглаа онгойвол тэр хорт бодисууд хүчилтөрөгчтэй урвалд орж их хэмжээний хортой бодис агаарт тархдаг байна. Хүнийг далд оршуулсны дараа цогцос ялзарч хөрс бохирддог бөгөөд халдварт өвчин үүсэх шалтгаан болдог. Янз бүрийн халдварт өвчин болон химийн эмчилгээ хийлгэж байсан хүний цогцос задарснаар хорт бодисууд хөрсөнд нэвчиж, гүний усанд шингэдэг аж. Газрын хөрсөнд нэвчсэн аливаа өвчний нян 20-30 жилд амьдрах чадвартай юм байна.

“Хавар болж газар гэсэхэд олон төрлийн нян агаарт тархдаг. Дэргэд нь байгаа айлуудад энэ байдал маш хүндээр нөлөөлдөг. Ер нь оршуулгын газраас ялгарч байгаа хорт бодисуудыг тийм амархан цэвэрлэнэ гэж ерөөсөө байдаггүй” гэж Анагаах ухааны профессор Б.Халтар ярьж байна.

Ирж, буцах амьдралын хэлхээ үргэлжилсээр, чимээгүй хот тэлсээр байна. Өдгөө нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нийлсэн 17 гаруй оршуулгын газар байдаг бөгөөд 1000 гаруй га талбайг эзэлж байдаг гэсэн судалгаа бий. Зөвхөн Даландавхарт өдөртөө 16 гаруй хүнийг оршуулдаг. Энэ байдлаараа үргэлжилбэл 2020 гэхэд оршуулгын газар багталцахтай үгүйтэй болж, хаяагаа тэлэхээс өөр аргагүйд хүрнэ гэдгийг мэргэжилтнүүд анхааруулаад буй.

Хавар болж, урин дулааны цаг ирж байна. Даландавхарын булшнуудын хор нь агаарт дэгдэх цаг нь ч хэдийнэ иржээ. Мөнх оршсон хүмүүсийн шивнээ айсуй. Арай шинжлэх ухаанчаар хэлбэл олон төрлийн нян агаарт тархаж, биднийг хордуулах цаг иржээ. Нэгэн цагт хорвоогийн тоосыг хөдөлгөж асан хүмүүсийг мөнх оршоосон газар өнөөдөр иймэрхүү л хар, бараан байдалтай байна.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж