…Би бодохдоо, С.Батболдыг бороогийн алтыг буцааж булаасай гэж боддог
У.Хүрэлсүхийг боловсролтой болоосой гэж боддог
Д.Дэмбэрэлийг тэтгэвэртээ гараасай гэж
Ц.Нямдоржийг байртай болоосой гэж боддог
Би бодохдоо, С.Баярыг архинаас гараасай гэж боддог
Н.Багабандийг болор цомд түрүүлээсэй гэж боддог
Т.Бадамжунайг тариачин болоосой гэж
Г.Занданшатарыг лас вегаст очоосой гэж боддог
Би бодохдоо, Ж.Энхбаярыг цэрэгт яваасай гэж боддог
Ц.Дашдоржийг уушгины эмнэлэг байгуулаасай гэж
Д.Хаянхярвааг хонгорт амьдраасай гэж боддог
Би бодохдоо, МАН Хөгжлийн хөтөлбөрөөрөө Монгол улсыг сүйрүүлнэ гэж боддог…
Нээрээ ч Монголын улс төрд янз бүрийн, есөн шидийн хүмүүс орж ирж, дуртайгаа ярьж, дургүйгээ унагаж, өөр өөрийнхөөрөө өнгө нэмж байдаг нь жам. Ганцхан тэр нь “хувийн” онцлогууд нь бусдыгаа хорлоод, нийгмээ сүйрүүлчих гээд байхгүй бол шүү дээ. Жишээ нь Ардын намын дарга Сү.Батболдын хувьд улс төрд орж ирсэн 10 гаруй жилийн хугацаанд “Бороогийн алтыг ухаж дуусгасан” гэдэг нэрнээс өөр зүйл дуулгасангүй. Уг нь бол энэ ордоос 400 гаруй сая долларын борлуулалтын орлого олсноос 240 сая орчим нь Монголын зах зээл дээр шингэсэн юм гэнэ лээ. Ажилчдын цалин, дотоодын зах зээл дээр хийсэн худалдан авалт, татварт төлсөн орлого энэ тэр нь нийлээд. Тэгэхээр Бороогийн алтыг Сү.Батболд ганцаараа идээгүй нь үнэн юм шиг байгаа юм.
Харин яагаад одоо болтол “Алт л ухсан” гэдэг нэг тиймхэн цол гуншинтай явдгийн учир нь мань хүн улс төрд орж ирэхдээ ямар ч бодлого, зорилго, төлөвлөлтгүй орж ирсэнтэй л холбоотой юм шиг байгаа юм. Н.Энхбаярын “улс төрийг санхүүжүүлэх” бодлогын л нэг хэлтэрхий болоод, золиосоор ороод ирчихсэн гэх үү дээ. Тэгсэн хэрнээ эрхэлж байгаа албан тушаал нь улам л өндөр аваад, эрх мэдэл нь нэмэгдээд байдаг. Харин орой дээр нь суугаа Сү.Батболд гэдэг хувь хүний оролцоо, нэр нөлөө ч юм уу, үзэл бодол, байр суурь төдийлөн ялгарч харагддаггүй. Баруунд боловсрол олсон гэсэндээ Ерөнхий сайд болсныхоо дараа “Кембрижийн боловсрол” гэдэг зүйлийг ЕБС-ийнханд шахах гэж үзсэн ч тэр нь Ё.Отгонбаяр сайдын бүрэн эрхийн хугацаатай хамт дуусч байх шиг байна. Тийм байхад 70, 80, 90 жил дарга нарынхаа нударган дор явсан намынх нь гишүүд У.Хүрэлсүхийн “нударга”-ыг хүсэмжлэхгүй ч яах юм билээ. Харин У.Хүрэлсүхийг бол хэн ч “боловсрол мэдлэгтэй” гэж хэлдэггүй юм билээ. Цэргийн мэргэжилтэй, офицерийн мөрдэс зүүдгийг нь эс тооцвол шүү дээ.
Мөн Монголын төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсээр хувьдаа байр байшин ч худалдаж авч чадаагүй гэж бусдад үнэмшүүлдэг хэрнээ сарын таван сая төгрөгийн түрээстэй хувийн компанийн барилгыг хөлсөлж амьдардаг Хууль зүйн сайд манайхаас өөр хаана ч байхгүй.
Н.Багабанди “Титэм үг”-ээрээ “Болор цом” авна ч гэж юу байхав, гэхдээ залууст бол сургамжтай л юм бичдэг юм шиг байгаа юм. Нэг хэсэг намынхаа экс дарга Н.Энхбаярыг унаж явахад нь битүү хатуу үгээр баахан шорлосныг эс тооцвол.
За тэгээд, цэргийн сургуульд сурч байгаад хурандаа нарынхаа “дэг”-ийг даалгүй сургуулиа хаясан нөхөр хожим Батлан хамгаалахын сайд болж очоод генералуудаа жижигрүүлсэн, Хонгорыг хордуулаад хөөгдсөн Дарханы Засаг даргыг УИХ-ын гишүүнээр дэвшүүлэн зайлуулж, удалгүй улсын сангийн түлхүүрийг атгуулсан, тамхины бизнесмэн Барилгын /ард нь хот байгуулалт, зам тээвэр гэж нэг том том юмнууд яваа, дөрвөн давхар байшингийн тоосгыг тэгшхэн өрөх тухай асуудал бол биш/ сайд болсон, Солонгосын казинод банкны мөнгө алдаад шоронд орохоо дөхсөн нөхөр Монгол Улсын гадаад харилцааг тодорхойлдог гээд зөвхөн манайд л байж болох маш олон сайхан жишгүүд байна даа. Тэгэхээр Х.Баттулга сайдын боож үхэх гээд, бор шидмэс бариад, салбараа самраад явааг буруутгах ч арга алга л даа. Ингээд бодохоор “архи, тамхины наймаачныг улс төрд оруулахгүй” байх тухай түүний санаачилсан хуулийн төслийг дэмжмээр ч юм шиг.
Харин Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсыг сүйрүүлэх үгүйн тухайд ёстой Сүхбаатарын Батболдын сэтгэлийн чин зориг биш, тархины багтаамж мэдэж дээ.