Тулузийн алуурчны аллагын зэвсгийг олжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Тулузийн алуурчны аллагын зэвсгийг олжээ

Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт хийгдсэн еврейн сургууль дахь аллагын дараа Францын өмнөд нутагт зарлагдаад байсан “Вижипират” нэртэй террорын эсрэг зарлагдсан дээд зэрэглэлийн байдал гуравдугаар сарын 24-нд цуцлагдлаа. Елисейн ордонд ерөнхийлөгч Николя Саркозийн даргалан хийсэн үндэсний аюулгүй байдлын асуудлаарх хуралдааны дараа энэ тухай Дотоод хэргийн сайд Геан мэдэгджээ.

Дашрамд өгүүлэхэд RAID гэх тусгайнхны буудан хөнөөсөн Мохаммед Мерахын ах Абделькадер гэгч Тулуз ба Монтабанд хийгдсэн аллагын хэргийн гол хүний нэг болж байна. Бямба гаригийн өглөө түүнийг эхнэрийн хамт террорын эсрэг алба байрладаг Парисийн захын дүүрэгт авчирсан байв. Өмнө нь түүний гэрт нэгжлэг хийжээ. Тулуз хотод түүнийг байцааж байхад дүүгийнхээ хийсэн хэргээр “бахархаж” буйгаа 29 настай Адбелькадер Мерах хэлжээ. Гэхдээ дүүгийнхээ хийх гэж буй хэргийн талаар огт мэдээгүй байсан гэв.

Гэтэл мөрдөн байцаалтын явцад тэр дүүгийнхээ хэрэгт ямар нэгэн талаар хамаатай байж болох багагүй баримтууд илэрч байна. Тухайлбал, тэрээр Мохаммед Мерах аллага үйлдэхдээ унаж байсан моторт дугуйг хулгайлахад нь оролцсон байна.

Гурван аллагын зэвсэг кольт гар бууг Мохаммед Мерахын түрээслүүлэгчээс аваад гараашид тавьсан байсан “Рено Клио” автомашинаас олжээ. Энэ үеэр алуурчны эхийг хэргийн сэжиг гараагүй учраас хорионоос сулласан байна.

Тулуз хотноо Озер Хатор коллежийн дэргэд цагдаагийн эргүүл жижүүрлэж байгаа гэнэ. Мерахын өссөн Изер хорооллынхон чоцролоос гараагүй л байна. “Энэ аймшигтай гэмт хэрэг. Тийм хүн бидний дунд амьдарч байсан гэж хэзээ ч бодоогүй. Түүний хийсэн хэрэг санаанд багтамгүй аймшигтай бөгөөд түүнийг дэмжигч байж болохгүй” хэмээн хөрш эмэгтэй нь ярьж байна.  Гэхдээ л тусгай албаныхан тэр террористын дурсгалд зориулсан арга хэмжээ гарч магадгүй хэмээн бэлэн байдалд байна. Тусгай албаныханд тийм үйл явдал бямба гаригийн үдээс хойш гарна гэсэн мэдээлэл ирсэн байв.

Алуурчин Мохаммед Мерах гэдэг нэртэй, 23 настай, алжир гаралтай франц иргэн. Тулузад амьдардаг ба автомеханикийн мэргэжилтэй байлаа. Цагдаагийн албанд тэр хэдэн жижиг хэрэг үйлдэж танил болжээ. Сэжигтнийг Францын тусгай албадынхан ч сайн мэдэж байв. Тэрээр хоёр удаа Афган ба Пакистанд очсоны дараа эргэн ирээд тусгай албаны хараанд оржээ.

Алуурчин гэгдэх Мохаммед Мерахыг түүний интернэтэд үлдээсэн ул мөрөөр хайн илрүүлсэн юм. Мөрдөн байцаалтад ойр эх сурвалжийн мэдээгээр тэрээр интернэт ашиглан анхны хохирогчтойгоо холбоо барин моторт дугуй хадалдан авна гээд уулзахаар болзжээ. Тэр нь десантын цэргийн бага дарга Имад ибн Зиатен байсан ба түүнийг болзоонд ирэхэд нь гуравдугаар сарын 14-нд буудан хороосон байлаа. Алуурчин тусгай вэб-сайтад Зиатены үлдээсэн мэдээллээр дамжин түүнтэй холбоо барьсан байна.

Цэргийн албан хаагчдыг хөнөөсөн хэргийн дараа цэргийн 20 мянган хувийн хэргийг сөхөн шалгасан байна. Тэдний хэлхээ холбоог нарийвчлан авч хүрээг нь тогтоосон байлаа. Дараагийн өдрүүдэд нь алуурчин десантын хоёр цэрэг, еврейн сургуулийн гурван хүүхэд нэг  том хүнийг хөнөөсөн юм.

Тулузын алуурчны хэрэг ерөнхийлөгчийн сонгуулийн шинэ хүчин зүйл болж байна. “Моторт дугуйтай” алуурчны гарт долоон хүн үрэгдсэн нь Үндэсний фронтын лидер Марин Ле Пенийн кампанийн эргэлтийн үе болж байна. “Олон жилийн турш цагаачлал терроризмын импортлогч” гэж Үндэсний фронт хэлж ирсэн ба тэд исламизмтай тэмцэх уламжлалт сэдвээ шинээр гаргаж ирэх боломжтой болов. Николя Саркозийн таван жилийн турш авч байсан бүх арга хэмжээ эдгээр аллагыг зогсоож чадсангүй гэж сонгуулийн гурав дахь том өрсөлдөгч Марин Ле Пен одоо хэлж болохоор болов.

Сануулахад Дотоод хэргийн сайд Клод Геан тусгай албаныхан алуурчинг хараанаасаа алдсан гэж хүлээн зөвшөөрсөн байв. Үүний хажуугаар Мерахын хөрш эмэгтэй тэр хүүд нь “Аль-Каидагийн” бичлэг үзүүлж нөлөөлөх гэж оролдсоныг цагдаа нарт нэг биш удаа дуулгасан гэж хэлж байв.

Төвийг сахисан нэр дэвшигч Байру нийгмийг хуваах гэсэн хэмээн Саркози ба Ле Пен хоёрыг шүүмжлэхээр оролдож байв. Үүний дараа Үндэсний фронт “Өөдгүй амьтдад” гэсэн нэртэй илгээлт гарган нэр дэвшигчид Меланшон, Байру зэрэг бусад хүмүүс болсон хэргийг Ле Пенийн эсрэг ашиглахаар оролдож байна гэв. Түүний эсрэг Зүүний хүчний мэдэгдэлд “махчин шувууд хүлээдэггүй… Үндэсний фронтын хувьд мусульманчуудын эсрэг дуулианаа өдөөхөд бүх хэрэг ашигтай болжээ” гэсэн байлаа. Тулузын хэрэг явдал 10 нэр дэвшигчид чансаагаа нэмэхэд нь ихээхэн хэрэг болж байна.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж