-УИХ-ын ээлжит бус чуулганаар шүүх эрх мэдлийн шинэчлэлд үр нөлөөтэй хэд хэдэн хуулиудыг батлан гаргасан. Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль гээд. Эдгээр хуулийн ач холбогдлоос яриагаа эхлэх үү?
-Шүүхийн шинэчлэлийн үзэл баримтлал нь ҮАБЗ-өөс дэмжсэн Шүүхийн шинэтгэлийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн. Эдгээр хуулиуд анхны үзэл баримтлалаасаа өөрчлөгдсөн зүйл байхгүй. Мэдээж хуулийн төслийг олон хүн тал талаас нь хэлэлцэж, улам чамбайруулахыг хичээж ажилласан. Өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн ивээл дор болсон Шүүх эрх мэдлийн шинэчлэлийн үндэсний чуулган, үүний өмнөхөн батлагдсан Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хөтөлбөр гэх эрх зүйн баримт бичиг, хэлэлцүүлгүүдэд тулгуурлаж шүүх эрх мэдлийн шинэтгэлийн ажил хийгдэж байна. Хуулийн төслүүд нь үндсэндээ шүүхийн хараат бус байдлыг хангах, үүнтэй зэрэгцүүүлэн шүүхийн хариуцлагатай, шударга, ил тод байдлыг хангах гэсэн үндсэн зорилгын хүрээнд хийгдсэн. Энэ зорилгодоо хүрэх ёстой. Гэхдээ өнгөрсөн жилүүдийн туршид алдаж ирсэн нэг алдааг давтахгүй байх хэрэгтэй. Хууль баталчихаад бүх зүйл сайхан болчих мэт орхидгоосоо салах ёстой. Одоогоор гурван хууль батлагдчихсан, дараа, дараагийн хуулиуд нь парламентийнхаа хэлэлцүүлэгт ороод удахгүй батлагдах байх.
-Хууль батлагдчихлаа. Хуулийг хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө амжууулах зүйл их л байгаа байх?
-Хуулиудыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгийг одооноос анхаарч, цаг хугацааны хувьд боломж олгосонд алгуурлалгүй, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх эрх зүйн дэд бүтцээ байгуулах ажилд нэн даруй орох шаардлагатай. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хуульчдыг нэгтгэсэн байгууллага ажиллах ёстой байгаа. Шүүгч, өмгөөлөгч, прокурор нэгдэж нэг бүтцэд орж байгаа. Хуульчдын холбоо нь өөрийн дотоод бүтцээ бий болгож, дүрэм журмаа баталж, хуулийн хүрээнд ажиллах бүтцээ биежүүлэх хэрэгтэй. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиуд нь мөн л шүүхийн дотоод зохион байгуулалтад өөрчлөлт хийх, гэмт хэргийн гаралт болон, шийдвэрлэлттэй холбоотой ачааалал, хүн амын нягтрал зэргийг харгалзан шинэчлэгдэх, зохион байгуулагдах агуулгатайгаар хуульд зохицуулалт орсон. Үүний дагуу шүүхийг тойрог болгож, аймаг орон нутагт байгаа хэргийн ачааллыг харгалзан шүүхийн тойргийн зохион байгуулалтад орох зэрэг хийх зүйл их бий.
Нэг үгээр хэлбэл, хууль боломжийг нээчихсэн. Одоо хэрэгжүүлэхийн тулд хийх үйл ажиллагаа чухал. Ер нь хуульд байдаг бага ч гэсэн санааг амилуулж, хэрэгжүүлж чадвал ямар ч хууль үр нөлөөтэй байдаг.
-Эхний ээлжинд гурван хууль гарлаа гэж байна. Ер нь шүүхийн шинэчлэлийн хүрээнд хэдэн хууль батлан гаргах юм бэ?
-Ерөнхийлөгчийн өргөн барьсан нийт зургаан хууль байгаа. Энэ хуулиуд батлагдсаны дараа прокурорын болоод цагдаагийн байгууллагын тухай хуулиуд, эдгээрийн ажил хэрэгтээ барьж ажилладаг Эрүүгийн болоод Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Өмгөөллийн тухай хуулиуд нь нэн даруй өөрчлөгдөх ёстой. Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд цаашид төрийн албаны бусад байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулсан хуулиуд хөндөгдөхийг үгүйсгэхгүй. Ер нь шүүх эрх мэдлийн шинэчлэлийн ажил гарын арван хуруунд багтчих хэмжээний хууль дотор хийгдэх зүйл биш. Ямартай ч энэ ажил сууриа их сайхан тавилаа. Шүүхийг шинэчлэнэ гэдэг нь зөвхөн шүүгчийг шинэчлэнэ гэсэн үг биш, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүхий л байгууллагыг шинэчлэнэ гэсэн үг. Тухайн байгууллагынханы арга барилын мөрдлөг болдог Эрүүгийн, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудад ч өөрчлөлт орох байх. Онцолж хэлэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль ч өөрчлөгдөх ёстой. Тэр хуулийг хэрэглэж ажилладаг шийдвэр гүйцэтгэх байгууллага, цагдаагийн болон прокурорын байгууллага, өмгөөллийн хуулиуд өөрчлөгдөнө гээд бодохоор олон хууль бие биенийхээ араас хөврөөд шинэчлэгдэхээр байна.
-Хугацаа өглөө гээд тайвшралгүй хэрэгжүүлэх бэлтгэл ажилдаа орох ёстой. Гурван хуулийн үйлчилж эхлэх хугацаа нь хэзээ вэ?
-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс, Шүүхийн тухай хууль болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль 2013 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн үйлчилж эхлэхээр хуульд заасан. Тэгэхээр бид энэ хуульд заасан хугацаа болохоос өмнө хууль үйлчилж эхлэхэд дор нь ажиллаж байх байгууллагуудаа эмхлэн зохион байгуулах ёстой. Шүүхийн ерөнхий зөвлөл, Хуульчдын холбоогоо байгуулж, үйл ажиллагааг нь нарийвчлан зохион байгуулах дүрэм журмаа баталж, ёс зүйн кодоо шинэчлэх, мөн хугацаанд багтаж Прокурорын болон өмгөөллийн хуулиудад өөрчлөлт оруулж, хуульчийн мэргэжлийн хариуцлагатай холбоотой асуудлыг батлагдсан хуульдаа нийцүүлэх гээд олон зүйл байна.
-Тойргийн зарчим гэх зүйл шинээр хуульчлагдлаа. Энэ зарчим хэр хурдан “нутагших” бол. Тойргийн гээд шинэ хуваарилалтад ороход асуудал үүсэхгүй байгаа даа?
-Одоогоор олон зүйл харагдахгүй байна. Тойргийн зохион зохион байгуулалтад орох бэлтгэл ажлыг Шүүхийн ерөнхий зөвлөл хийж байгаа байх. Хэргийн ачааллыг харгалзан тойргоор зохион байгуулахад шинээр шүүхүүд байгуулагдах хэрэгтэй болно. Үүнтэй холбоотой байр орон сууц, материаллаг асуудлуудыг шийдэх зүйл гарах байх. Гэхдээ үүнийг шийдвэрлэхгүйгээр цааш цаашдынхаа ирээдүйг харахад хэцүү тул шийдэмгий л хөдөлцгөөх ёстой.
-Асуудал гарлаа, шүүхийн шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй байгаа тухай. Үүнийг шийдвэрлэх боломж одоогийн хуульд байгаа юу?
-Шүүхийн шийдвэр хангалтгүй байгааг би хувьдаа хоёр хүчин зүйлтэй холбож хардаг. Нэг талаасаа бүтэц талаасаа буруутай холбоотой байх. Нөгөө талаас, ажлын арга барил, хандлагатай холбоотой. Өнөөдөр, ялангуяа иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн биелэлт туйлын хангалтгүй байгаа гэх яриа газар авсан байна. Тоо баримт ч үүнийг нотолж байгаа. Энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн дэргэд байх ёстой ч гэдэг юм уу, өөр байгууллагын дэргэд байх ёстой, эсвэл бие даасан том байгууллага байх ёстой гэх маргаан мэтгэлцээнээс ч илүүтэйгээр үйл ажиллагааг нь зохицуулсан зарчим, арга барил нь хэр оновчтой бэ гэдэгт байгаа юм. Зохион байгуулалтын хувьд шийдвэр гүйцэтгэл нь шүүхийн дэргэд байх нь оновчтой байж магадгүй. Гэхдээ улс орон болгон л өөрийнхөөрөө зохицуулдаг. Миний хувьд ажлын арга барилд нь илүү асуудал байх шиг санагддаг.
-Та урамшууллынх тухай нь ярих гэж байна уу?
-Тийм ээ. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага буюу төрийн гурван эрх мэдлийн нэг хэсэгт. Тодруулбал, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагад, төрийн хөрөнгөөр санхүүжиж үйл ажиллагаа явуулахдаа хувь этгээдээс урамшуулал авч ажиллана гэдэг нь эрүүл бус үзэгдэл. Хэрвээ хувь этгээдээс урамшуулал авна гэвэл энэ хүмүүс төсвөөс санхүүждэгээ болих хэрэгтэй. Хэрвээ төсвийн хөрөнгөөр санхүүжиж, цалин авч, хангамж эдэлж, төрийн албадлагыг хэрэгжүүлэх дүрэмт хувцас өмсч л байгаа бол энэ хүн төсвийн цалин дээрээс нэмж урамшуулал авдгаа болих хэрэгтэй. Үүнээс болж “төлсөнд нь хөдөлдөг” гэх хувийн үйлчилгээний итгэл үнэмшил сууж, нийтэд алагчлалгүй үйлчлэх ёстой гэх зарчим үгүй болж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг хаана харъяалуулах нь дараагийн асуудал бөгөөд аль тохиолдолд хэмнэлттэй, шуурхай, бүтээмж өндөртэй вэ гэж ярих ёстой. Өнөөдрийн хувьд хэмнэлт, бүтээмж гэдгээс хэд дахин ноцтой асуудал болох огт үр дүнгүй байгаа тухай асуудал шүү дээ. Хамгийн бага үнийн дүнтэй нэхэмжлэлийг хангадаггүй атлаа өндөр үнийн дүнтэй шийдвэрийн араас үхэн хатан гүйдэг гээд иргэдийн шүүмжлээд байгаа нь бодитой зүйл шүү дээ.
-Нэг шийдвэр гүйцэтгэгчид жилд 290 орчим хэрэг ногддог гэсэн. Энэ нь ачааллаас болж шийдвэр гүйцэтгэл хангалтгүй байгаа гэх тайлбар болдог. Харин удахгүй шүүх нь тойргийн зарчмаар ажиллах юм чинь шийдвэр гүйцэтгэх байгууллагыг шүүхдээ аваачаад тавьчихаар мөн адил шийдвэр гүйцэтгэлд эерэг нөлөөтэй юм шиг санагдах юм?
-Зөв л дөө. Үнэндээ шүүхийг тойргийн зарчмаар байгуулна гэдэг нь дагаад л прокурор тойргийн зарчмаар, цагдаагийн мөрдөх алба, өмгөөлөгчид, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид мөн энэ зарчмаар ажиллана гэсэн үг. Бүгд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогчид учраас бүгд шүүхийн зохион байгуулалтыг дагана. Харин удирдлага, зохион байгуулалт, бүтэц нь заавал шүүхийн гадна байх, дотор байх гэдэг нь менежментийн л асуудал.
-Долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотой цагдаагийн дарга нарын шүүх хурлын хэрэг шүүх тогтолцооны олон асуудлыг ил гаргаж байх шиг байна. Жишээ нь, шүүгчийг шүүх хуралдааны явцад заналхийлэх ч гэдэг юм уу. “Та охинтой хүн шүү” гэж шүүгчид хэлж байгаа нь эрүүгийн үйлдэл мэт сэтгэгдэл төрүүлж байна. Шинээр батлагдсан хуулинд шүүгчид нөлөөллийн мэдүүлэг гэх зүйл ашиглан энэ мэт шүүгчийн бүрэн эрхэнд халдсан санаа бодол, дарамт шахалтыг зохицуулж, гол нь хүлээх хариуцлагатай болгож байгаа нь олзуурхууштай. Гэхдээ шинэ хуулийн хариуцлагын нөлөөлөл үйлчилж эхлэхээс өмнө ямар нэгэн хариуцлага хүлээлгэж чадахгүй гэж үү?
-Эрүүгийн хуульд шүүн таслах, хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүн бий л дээ. Одоогийн дагаж мөрдөж байгаа хуулиар хариуцлага хүлээлгэх боломж байгаа.
-Тодорхой тохиолдол руу ороод тайлбар хийвэл ямар вэ. Цагдаагийн дарга нарын хэрэг гэдэгт улс төрийн биш, хууль эрх зүйн тайлбар илүү чухал байгаа болоод ингэж асууж байгаа юм. Улс төрийн тайлбарыг бол хангалттай сонслоо.
-Өнөөдөр бид хэдхэн хүн дээр л асуудал байгаа мэт харж байна. Хурандаа нар болохоо байчихаж, эсвэл шүүхийнхэн буруу ажиллаж байна, прокурор захиалгаар ажиллаж байна гэх мэтчилэнгээр хардаж, шүүмжилж байна. Үнэн хэрэг дээрээ хүмүүс ийм хандлагатай болтол нь, “эргээд уулзнаа” гэж нэгнээ заналхийлэх хэмжээнд хүртэл нь, хүмүүсийг хүмүүжүүлж, “эвдэж”, цагдаагийн байгууллагын албан тушаал хашиж байгаа хүн дураараа юу ч хийж болно гэж итгэж үнэмштэл нь өөрчилчихсөн тогтолцоог бид байгуулчихсан байна шүү дээ. Ингээд өнөөдөр байгуулчихсан тогтолцооныхоо бүтээгдэхүүнийг жигшиж шүүмжилцгээж байна. Би хувьдаа цаазаар авах ялыг халахыг дэмждэг. Яагаад гэвэл хүнийг хамгийн харгис жигшүүртэй алуурчин болтол нь нийгэмд бэлтгэчихээд тэр хүн түүнийг нь хийхээр харь гаригаас ирсэн юм шиг жигшиж хардаг. Яг үүнтэй адил үр дүнг нь бид жигшиж харж байна. Цагдаа нарын дураар авирлалтыг, эрхэмсэг дээрэнгүй, эрх мэдлийг гартаа авснаараа эрдэж байгааг, шүүх эрх мэдлийн байгууллагууд уян хатан, үр нөлөөтэй ажиллаж чадахгүй байгааг, тодруулбал, тогтсон Практикаас нь өчүүхэн төдий өөр тохиолдол гарч ирэхэд л гацаж сандарч буйг бүхэлд нь харвал шүүхийн шинэчлэлийг цаг алдалгүй хийхгүй бол болохгүй болсныг л харуулж байна. Ийм тулгамдсан шаардлага буйг харуулж байгаа олон хэрэг байна. Дуулиантай, халуун нь л энэ цагдаагийн дарга нарын хэрэг болохоос биш.
-Шүүхийн шинэчлэлийг шаардсан өөр ямар хэрэг байна. Жишээ хэлээч?
-Би харин өөрөөс чинь асууя. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд дуулиантай хэрэггүй өдрүүд байсан уу. Авлигын, аллага хүчирхийллийн, тэр болгонд нь шүүх эрх мэдлийн байгууллага шуурхай ажиллаагүй талаар гомдол хэлэлцүүлэггүй өдрүүд байв уу. Мөрдөн байцаагч, шүүгч прокурор буруу шийдвэр гаргаснаас болж гарсан аллага, авлигын хэргийг хууль бус үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, эсвэл хилсдүүлсэн тухай хэргүүдгүй өдөр байсан уу? Хэтэрхий олон жишээ бий гэж бодож байна.
-Ингээд бодохоор нэг өөр дүрэм журам үйлчлээд байх шиг ээ. Нэг сайд нь нөгөө сайдынхаа хууль бус үйлдлийг Авлигатай тэмцэх газарт өгөхөд нөгөөдөх нь “би дөрвөн сар “но”-г чинь тэсвэрлэж явсан шүү, одоо дэлгэнэ” гээд л. Хууль зүйн сайд нь хүртэл хууль бус үйлдлийг мэдсэн даруйдаа гаргаж тавьдаггүй гэж бодохоор хуулиас өөр зүйлээр хоорондоо тохиролцож ажил хэрэг явдаг гэдэг нь үнэн ч юм шиг…
-Нийгэмд шударга ёсны тухай хүн бүхэн өөр өөрийн төсөөлөлтэй, тэр нь төлөвшөөгүй нэг цаг үе байх шиг байна. Хууль зүйн сайд нь гэмт хэргийн тухай мэдэж байгаа атлаа хүлцэж байгаад тэсэхээ болингуут гэмт хэрэг юм шүү гэж гаргаж тавьж байгаа бол харамсалтай л байна. Үндсэн хуулин дахь шударга ёсны тухай ойлголт тэр хүний толгойд өөр байна л гэж ойлгох нь. Хэн нэгэн албан тушаалтан “энэ бол буруу юм, гэхдээ би мэдүүлэхгүй” гэж хүн чанарынхаа хувьд бодох, хуулиар мэдээлэх ёстой гэх үүрэг хүлээх хоёр бол тэс ондоо зүйл. Мэдээлэх үүргээ биелүүлэлгүй, өөр шалгуураар асуудлыг харна гэдэг албан тушаалтны хувьд их л харамсалтай юм.
-Батлагдсан хуулиудын хувьд эргэн харах зүйл юу байна?
-Батлагдсан хуулийн талаар хуульчийнхаа хувьд баримтлах зарчим бий. Батлагдсан хуулийг шүүмжлэхээс илүү хэрэгжүүлэх л ёстой. Мэргэжилтнийхээ хувьд хэлэхэд, олон хуулийг шүүмжлээд хэрэгжүүлэхгүйгээр, амь оруулахгүйгээр нийгмийг завхруулсан олон жишээ байна. Хуулийн хүчин чадал, нөөц боломжид нь тулгаад ажиллуулах нь хууль сахиулагчдийн хүсэл зориг, чадварын л асуудал.
-Дараагийн хуулиуд удахгүй хэлэлцэгдэж эхлэх байх. Миний сонсохнээ, шүүх хуралд оролцдог иргэдийн төлөөлөгчдийн үүрэг оролцоонд эрс өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа гэсэн…
-Одоо байгаа шүүх эрх мэдлийн тогтолцоонд иргэдийн төлөөлөгч гэдэг шүүн таслах ажиллагааны оролцогч гэхээс илүүтэйгээр дэлгүүрийн шилэн хоргонд байдаг үзмэр төдий зүйл. Үүнийг социалист нийгэм нь ард иргэдтэйгээ хамт шийдвэр гаргаж байна гэж жүжиг тавихын тулд бий болгож, ямар ч үүрэг нөлөөгүй, ач холбогдолгүй явж ирсэн илүү хуруу шиг зүйлийг бид шүүхийн шинэтгэлийн хүрээнд өөрчилнө. Шүүн таслах ажиллагаанд оролцоотой, шийдвэр гаргагч иргэнийг бий болгоё гэсэн хуулийн төсөл байгаа. Хуулийн төсөлд хувийн байр суурь илэрхийлэхэд, иргэний болоод захиргааны хэрэг шийдвэрлэхэд иргэдийн оролцоо өндөр байх нь дэлхий нийтэд ховор. Ялангуяа шийдвэр гаргахад нөлөөтэйгээр оролцоход зарим талаар эрсдэл дагуулдаг гэх ч бий. Дэлхийн нийтийн жишгээр эрүүгийн шүүн таслах ажиллагаанд иргэдийн төлөөлөгч шүүгдэж буй этгээдийн гэм бурууг шүүн цэгнэх үүрэгтэйгээр оролцох нь зүйтэй зүйл.