Ажиллагсдын тоог хөнгөлөлт үзүүлэх нөхцөл болгоё гэв

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Ажиллагсдын тоог хөнгөлөлт үзүүлэх нөхцөл болгоё гэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Жижиг, дунд үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжих нь” сэдэвт хэлэлцүүлгийг “Иргэний танхим”-д өнгөрөгч баасан гаригт зохион байгууллаа. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд УИХ-ын хүндэтгэлийн чуулганд Ерөнхийлөгч үг хэлэхдээ жижиг, дунд үйлдвэрлэлийг татварын аргаар дэмжих, тодорхой асуудлууд дээр хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх талаар саналууд дэвшүүлж байсан бол одоо УИХ, Засгийн газар дээр татварын асуудлаар саналуудыг боловсруулж байгаа аж. Тиймээс  яригдаж буй саналуудыг нэгдсэн бодлогод оруулах, оролцогч талуудын байр суурийг ойртуулах зорилгоор энэ хэлэлцүүлгийг хийсэн юм.

Өнөөдөр манайд 70 гаруй мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн 92 хувь нь 20 хүртэл ажиллагстай жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид аж. Тэдэнтэй холбоотой олон асуудлыг зохицуулах, шийдвэрлэх шаардлагатай байгаа юм. Наад зах нь жижиг, дунд аж ахуйн нэгж ямар байх, өмнө нь байсан хувиараа аж ахуй эрхлэгчдийг үүнд яаж хамруулах, НӨАТ-ын асуудлыг байлгах эсэх, байвал хэдээр босго тогтоох, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хэрхэн үзүүлэх зэрэг олон асуудлыг ярьж нэгдсэн байр суурьтай болох, санал боловсруулах нь чухал байгаа. Одоо 10 сая төгрөг байгаа НӨАТ-ын босгыг гэхэд Засгийн газар 50 сая, УИХ-ын зарим гишүүд 100 сая, Ерөнхийлөгчийн Тамгын газар 250 сая байвал зохистой гэж үзэж байна. Хуульд 250 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг жижиг, дунд үйлдвэрлэл гэж тооцно гэсэн заалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газар үндэс болгожээ. Бас ажиллагсдын тоогоор дамжуулж аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх, татвар төлөлттэй холбоотой зардлыг хялбаршуулсан тогтолцоонд шилжүүлэн бууруулах, НӨАТ-ыг ч ийм хэлбэрт оруулах, ер нь татварын үндсэн бодлогоо өөрчлөх ёстой гэж үзэж байна.

1990-ээд оны эхнээс боловсруулсан хуулиуд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, дэмжихэд чиглэсэн бодлоготой байлаа. Одоо байдал өөр болсон. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, түүнийг дагалдсан Тогтвор байдлын гэрээ зэрэг нь хэрэгтэй уу, үгүй юу гэсэн асуулт гарч ирж байгаа. Мөн давхар татварын гэрээ хэлэлцээрийг ч эргэж харах цаг болсон. Яагаад гэвэл бидний тэдэнд өгч буй урамшууллыг тухайн улс нь төсөвтөө аваад тухайн компанидаа өгөөжөө өгөхгүй байна гэж хэлэлцүүлгийн үеэр яригдаж байлаа. Энэ мэт ярилцах, жигдлэх олон асуудал бий тул хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.

Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын ахлах байцаагч Б.Галбадрах “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хэрэгжиж буй татварын зохицуулалт, цаашдын хандлага”, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Ц.Ням-Осор “Жижиг, дунд үйлдвэрийн талаар хэрэгжүүлж буй арга хэмжээ, татварын бодлого”, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд хувийн хэвшлийн байр суурь, санал” гэсэн илтгэл тус тус тавьж ярилцлага өрнүүлсэн байна.  Оролцогчдын дийлэнх нь татвартай холбоотой эрх зүйн шинэлчлэл хийх, НӨАТ-аас чөлөөлөх эсвэл босгыг 250 сая төгрөгөөр тогтоох, бүх аж ахуйн нэгжээс ижил бага хувиар орлогын албан татвар авч, далд эдийн засгийг ил болгох, төрийн оролцоог хязгаарлаж, төрийн зохицуулалтыг нэгдсэн бодлоготой хэрэгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, хөнгөлөлттэй зээл олгох, элдэв дарамтыг арилган, шинэ бүтээгдэхүүн, шинэ үйлдвэрлэлийг дэмжих, хувиараа стандарт бус үйлдвэрлэл явуулахыг зогсоох  хэрэгтэй байгааг өөрсдийн үйл ажиллагааны бодит жишээнд тулгуурлан ярив. Орлогын албан татварыг өсөн нэмэгдэх хувь хэмжээтэй болгох талаар ч тодорхой саналууд гарлаа. НӨАТ болон худалдааны татвар, орлогын албан татвар, орон нутгийн татварын тогтолцооны шинэчлэл, гадаадын хөрөнгө оруулалт, давхар татварын гэрээ хэлэлцээрийн өнөөгийн байдал зэрэг асуудлаар хэлэлцүүлэг хийхээр тохиролцлоо. Эдгээр хэлэлцүүлгүүдийг хийсний дараа зөвлөмжүүд гаргах юм. Иргэд ч энэ хэлэлцүүлэгт оролцох боломжтой ба татварын ямар бодлого хэрэгжүүлэх шаардлагатай талаар Ерөнхийлөгчийн тамгын газарт, ирэх сарын 15-нийг хүртэл илгээж болох аж. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж