Үндэсний чуулганыг Ерөнхий сайд С.Батболд нээж аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх талаар Засгийн газраас баримталж буй бодлого, цаашид шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг тодорхойлж, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар энэ чуулганаас санаачилга гарган хэлэлцэхийг хүссэн ба өсөлттэй байгаа энэ салбарт шийдвэрлэх асуудал ч мөн олон гарч буйг хэлж байна.
2011 онд Ази Номхон далайн орнуудад ирсэн гадаадын жуулчдын тоо 11 саяар нэмэгдэж 216 саяд хүрчээ. Харин сүүлийн гурван жилд Монголд ирсэн жуулчдын тоо 11 хувь, аялал жуулчлалаас олсон орлого 32,5 хувиар нэмэгдсэн байна. Зөвхөн 2011 оны байдлаар аялал жуулчлалын салбарын нийт орлого 280 гаруй сая ам.долларт хүрч дотоодын нийт бүтээгдэхүүний тав орчим хувийг эзэлж байгаа төдийгүй, энэ салбарт 25 мянга орчим ажлын байр бий болоод байгаа гэнэ. Тиймээс нэн түрүүнд аялал жуулчлалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг Ерөнхий сайд хэлээд үндэсний шинэ хөтөлбөр боловсруулж, батлуулах үүргийг холбогдох сайд нарт өглөө. Түүнчлэн дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд салбарын яам, аймаг, нийслэлийн Засаг дарга ихээхэн санаачилга гарган хамтран ажиллаж ахиц дэвшил гаргах цаг болсныг хэллээ.
Нөгөө талаас аялал жуулчлалын их түрэлтийг дагалдан хууль бус мөнгө угаах, хар тамхи, мансууруулах бодис түгээх зэрэг улс үндэстэн дамнасан гэмт хэрэг, нийгмийн шинж чанартай өвчин дэлгэрч байгааг бодлого, үйл ажиллагаандаа анхаарч ажиллахыг Засгийн газрын тэргүүн анхааруулж байлаа. Түүнчлэн гайхамшигт өв соёлоо хадгалан хамгаалах, сэргээн засах, шинэчлэн бүтээх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох, сурталчлан алдаршуулахад хангалттай ажиллаж чадахгүй байгааг шүүмжлээд байгаль, соёлын өвийг хамгаалахад бүх нийтийн анхаарлыг хандуулж, аялал жуулчлалын дорвитой бүтээгдэхүүн бий болгох, үндэсний соёлын парк, палентеологийн орд болон томоохон археологийн дурсгалт газруудад нээлттэй музей, түүх соёлын томоохон цогцолборууд барьж байгуулах ажлыг дэмжих болно гэдгээ илэрхийллээ.
Тус салбарын тулгамдсан асуудлууд, цаашдын хөгжлийн чиг зорилт, оролцогч талуудын үүрэг оролцоог тодорхойлсон үндсэн илтгэлийг БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар тавьж хэлэлцүүлж, холбогдох бусад яам, агентлагийн албаныхан болон оролцогчдын санал бодлыг сонссон юм.
Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд боловсон хүчний асуудал чухал байтал хэлтэй чадварлаг боловсон хүчин нь цалин өндөр гээд уул уурхайн салбарт шилжчихдэг гэнэ. Мөн ирсэн жуулчдад үзүүлж харуулах газар байхгүй тухай нийтлэг бэрхшээлийн талаар ч хөндөж байв.
Ийнхүү “Хүний хөгжил-хөдөлмөрийн зах зээл”, “Гадаад сурталчилгаа-маркетинг”, “Дэд бүтэц-хөрөнгө оруулалт” сэдвүүдээр гурван салбар болж аялал жуулчлалын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, салбарын гадаад сурталчилгааг эрчимжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх талаар төрийн болоод төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр тодорхой санал, шүүмжүүд гарган хэлэлцсэнээр зөвлөгөөн өндөрлөсөн юм.