Өнгөрсөн жилийн сүүлээр 600 сая ам.долларын өрийн бичгийг олон улсын зах зээлд гаргах эрхийг Засгийн газраас Хөгжлийн банкинд олгосон бөгөөд энэхүү өрийн бичгийн баталгааг Засгийн газар хариуцсан билээ. Хаалтай гэрээгээр, хаалттай хэлбэрээр, өндөр хүү амалсан Монгол Улсын Засгийн газрын баталгаатай өрийн бичгийг худалдан авах сонирхол гадныханд нэлээд байсан гэсэн. Үүнийг ч Хөгжлийн банкныхан өөрсдөө батална лээ. Монгол Улсын зээлжих зэрэглэл Италитай зэрэгцсэн гэх тус банкны удирдлагууд Италийн улсын өрийн хэмжээ нь дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийнхээ 121 хувьд хүрээд буйг мэдэж байгаа болов уу, ингэхэд.
Засгийн газрын баталгаатай Хөгжлийн банкны бондыг Ази, Европ болон АНУ-ын санхүүгийн зах зээл дээр арилжаалахаар санал болгоход нийт 300 гаруй хөрөнгө оруулагчид зургаан тэрбум гаруй ам.долларын бонд худалдан авах захиалгаа ирүүлсэн юм байх. “580 сая ам.долларын бондоос 10,7 дахин их худалдан авах санал ирсэн нь хамгийн онцлох үйл явдал. Солонгосын Хөгжлийн банкны бондод гэхэд л хамгийн ихдээ 4,2 дахин их захиалга ирж байсан” гэсэн Хөгжлийн банкны удирдлагуудын үгнээс харахад байгуулагдсан цагаасаа хойш их мөнгөний бараа хараагүй тэднийг энэ мөнгө ихээхэн баярлуулсан бололтой. Тиймдээ ч тэрхүү мөнгөний өнгөний сайхныг л голлож харснаас цаад асуудлыг нь бусдад дэлгэхийг хүссэнгүй. Тэгэхээр Хөгжлийн банк хоногт төлөх 95 мянган ам.доллараа хаанаас , юунаас гаргах вэ гэдэг экспортын орлого шүтэж, уул уурхайн олборлолт дээр тулгуурлаж амьдардаг Монголын эдийн засагт хамгийн чухал асуулт юм. Тус банкны ТУЗ-ын дарга Б.Батжаргалын хэлснээр хоногт төлөх 95 мянган ам.доллараа гадаадын хөрөнгийн зах зээлээс босгосон гэх 580 сая ам.доллараасаа гаргах юм байна. Нөгөө “хойд хормойгоо авч урд хормойгоо нөхнө” гэдэг л болох юм даг уу даа. Таван жилийн туршид хойдохоо авч урдахаа нөхөөд явна гэхээр Засгийн газар амлаад байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхээс өмнө 580 сая ам.доллар өр хүүндээ л зарцуулагдах шинжтэй. Төлөвлөгөөгөөр бол Засгийн газрын бодлогын дагуу төмөр зам, авто зам, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг барих төслүүдийг дээрх хөрөнгөөр санхүүжүүлэх гэсэн. Тавдугаар цахилгаан станцыг барихад багахан хэмжээний мөнгө амсуулах юм байна.
УИХ-аас 5683.5 км төмөр замын суурь бүтцийг гурван үе шаттайгаар 1520 мм-ийн өргөн царигаар барихаар шийдвэрлэсэн байгаа. Эхний үе шатанд нийт 1100 орчим км, хоёр дахь үе шатанд 900 орчим км, гурав дахь үе шатанд 3600 орчим км төмөр замыг барих маршрутыг тогтоосон. Эхний ээлжинд Даланзадгад-Тавантолгой-Зүүнбаян, Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан чиглэлд төмөр зам барих ажлыг эхлүүлэх бөгөөд таван тэрбум ам.долларын хөрөнгө, мөн Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг барихад дор хаяж арван тэрбум ам.доллар шаардлагатай гэхээр 580 сая ам.доллар дээрх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд ёстой л “аманд ч үгүй, хамарт ч үгүй” хөрөнгө болчихоод байгаа юм. Тэгэхээр хамарт ч үгүй, аманд ч үгүй хөрөнгөөр хийсэн ч биш хийгээгүй ч биш “өөх ч биш булчирхай ч биш” болгож байхаар эхний ээлжинд дээрх 580 сая ам.долларыг газрын тосны үйлдвэр барихад зарцуулбал Монгол Улс дээрх зээлийг эргэн төлөхөд санаа зоволтгүй болно гэдгийг ч эдийн засагчид зөвлөж байна. Өөрөөр хэлбэл, мөнгө эргэлдэх, мөнгөө өсгөж болох салбараа дэмжихгүйгээр өндөр хүүтэй зээлийг хөрөнгө, мөнгө хүн хүч ихээхэн шаардагдах салбарт зарцуулах нь тийм ч оновчтой шийдвэр биш гэсэн. Монгол Улсын Засгийн газарт гадаадаас өндөр хүүтэй мөнгө зээлэхгүйгээр томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх мөнгө байгаагүй гэвэл нүгэл болно. Адаглаад л амлалтаа биелүүлэх нэрээр ард түмэнд тараасан 800 тэрбум төгрөгийг зөв зүйлд зарцуулсан бол өндөр хүүтэй мөнгө зээлж, өрөнд унахгүй л байлаа. “Айлаас гуйхаар авдраа уудал аа” гэж нэг мэргэн үг байдаг даа.