Уг хэвлэлийн хуралд тус яамны дэд сайд Т.Пүрэвдорж, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Бямбажав, Зам тээврийн бодлогын газрын дарга Д.Наранпүрэв, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын орлогч дарга бөгөөд Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нямдаваа нар оролцсон юм. Тэд энэ хуралд их бэлтгэлгүй оролцсон болох нь эхнээсээ харагдаж байсан бөгөөд асуусан асуултад үл ойлголцсон, будилсан янзаар хариулж байв. Гурван гэрээг энэ хуралд авчирсан байсан ба үүнийгээ Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хүсэлт тавьж авсан гэнэ. Гол хэлэх гэсэн санаа нь байгууллагын дотоод журмын дагуу гадаадын хуулийн этгээдтэй байгуулж байгаа баримт бичгийг хадгалж, бүртгэх үүрэгтэй байтал Х.Баттулгын гарын үсэгтэй гэрээ нь энэ архивт ороогүйгээс асуудал үүссэн аж. Цөөнгүй асуулт, хариулт өрнөсний эцэст Х.Баттулгатай холбоотой гурван гэрээний асуудал ийн сөхөгдсөнөөс ямартаа ч хоёр нь санамж бичиг, нэг нь гэрээ болж таарав.
Хэвлэлийн хурал дээр авчирсан бичиг нь нууц гэсэн дардастай байсан бөгөөд хэвлэлийн хуралд ЗТБХБЯ-ныхан хоорондоо “хүүе нууц гээд байгаа зүйлийг дэлгээд байх шаардлагагүй” хэмээн нудралцаж суув. Мөн асуултуудад ялгаатай хариулт өгч байсан ба “Хорин хуудас нууц гэрээ байгуулсан зүйл байгаа юм уу? гэхэд нэг нь “Тийм гэрээ мэдэхгүй” гэхэд хажуунаас нь “тийм гэрээ байна” гэх.
-Яг ямар гэрээ байгаа юм бэ?
-Энэ гэрээ нь ААН хоорондоо байгуулсан гэрээ байна. Тэгэхээр заавал манай яаман дээр хянагдах ёсгүй. Түүн дээр Х.Баттулга сайд танилцав гэдэг байдлаар гарын үсгээ зурсан байна билээ.
-Х.Баттулга сайдын хувьд тэгэхээр хууль зөрчсөн асуудал байгаа юм уу?
-Хууль зөрчсөн эсэхэд хариулт өгдөг хүмүүс нь бид биш. Хууль зөрчсөн эсэхийг тогтоодог газар Засгийн газрын бүтцэд бий. Энд суугаа бид хариулах боломжгүй.
-Х.Баттулга нууцаар хийсэн болоод нууц гэрээ гээд байна уу, эсвэл нууц гэх ангилалд багтаж байгаа болоод “нууц” гээд байгаа юм уу?
-Би үүнд хариулж чадахгүй.
Дэд сайд цааш нь “Энэ гэрээг харуулья” гээд ”Төмөр зам хөгжүүлэх тухай хамтарсан гэрээ” гэж бичсэн байна. Энэ гэрээ жинхэнэ гэрээ мөн эсэхийг бид өнөөдөр мэдэхгүй. Манай дээр хадгалагдаж байгаа гэрээн дээр л албан ёсны тайлбар хэлнэ. Энэ гэрээний ард яалт ч үгүй манай хуучин сайд байсан хүн гарын үсгээ зуржээ. Бид сайдын гарын үсэг мөн гэж мэдэж байгаа тул энд ярьж байна. Гарын үсэг нь энэ байна, та нар дуран авайтай улс юм чинь татаад хар. Энд улсууд гарын үсгээ зурсан байна. Доор нь байгаа нь сайдын гарын үсэг байна. Бид өнөөдөр ганцхан үүрэгтэй. Байгаа зүйлийг байгаагаар нь хэлэх. Хоёр ААН хоорондын гэрээнд сайд гарын үсгээ зурсан гэдгийг Б.Бямбажав дарга сая ярилаа” гэв.
Сэтгүүлчид тодорхой хариулт хүсч, ямар ямар талуудаас юуны талаар гэрээ байгуулсан талаар нь тайлбарлахыг хүсэхэд “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал н.Батзаяа гарын үсэг зурсан байна. Дараа нь “Монголын төмөр замын дэд бүтэц” ХХК-ийн Уилиам Ван гэсэн дарга зурсан байна. Мөн энэ компаний ахлах зөвлөх Ион Жу Ким гэсэн хүний гарын үсэг байна. Тэгээд доор нь зөвшөөрсөн гээд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга гэсэн гарын үсэг байна” хэмээн харуулахад бусад нь “Нууц гэж нэг зүйл бий. Бүх юмыг ингэж дэлгээд байж болохгүй. Одоо наадахаа далд хий. Болсон” гээд татаж авав.
Ийнхүү хэвлэлийн хурал зарлачихаад “мэдээлэл өгөхгүй” гэж, гэрээ авчирчихаад “танилцуулахгүй” гэж, “нууцын дардастай байна” гэчихээд хэн гарын үсэг зурсан байна гэж зарласан, асуусан асуултад тодорхой бус хариулт өгч, нэг нь тайлбарлах гэхэд нөгөөх нь чангаасан хурал өндөрлөлөө. Хурал зохион байгуулагчид харин хэвлэлийн хурлаа нууц задалсан гэж үзэхгүй байгаа бөгөөд “доторх агуулгыг нь дэлгээгүй болохоор улсын нууц задлаагүй гэж ойлгож байна” гэж байв.