Уул уурхайн компаниуд хямд ус хэрэглэдэг

Хуучирсан мэдээ: 2012.03.26-нд нийтлэгдсэн

Уул уурхайн компаниуд хямд ус хэрэглэдэг

Дахиад л уул уурхайн компаниуд. Улсын төсвийн дийлэнхийг энэ салбарыг бүрдүүлдэг гэх эерэг үр дагавар байдгийн адил саар зүйлсийн олонх мөн л энэ салбараас гарч байна. Ялангуяа байгаль орчны асуудлыг хөндөж буй үед. Нөхөн сэргээгддэггүй гүний усыг уул уурхайн үйлдвэрлэлд ашиглаж байгаа “тансаглал” нь хэзээ нэгэн цагт сөрөг үр нөлөөг авчрахыг мэргэжилтнүүд хэлж байна. Өнгөрөгч усны өдрөөр салбарын сайдын хэлсэн үг нь уул уурхайн салбарынханд нэг их таатай сонсогдохоор байсангүй. Учир нь тэдний үйлдвэрлэлд хэрэглэдэг усны төлбөрийг нэмэх талаар яриа ажил хэргийн төвшинд дахин идэвхижсэн байна.

“Оюутолгой, Тавантолгой зэрэг уул уурхайн томоохон төслийн усны хэрэгцээг одоохондоо гүний усаар хангаж байгаа. Нэгэнт зөвшөөрөл авчихсан юм чинь гээд авирлаж болохгүй” гэж Байгаль орчин, аялал жуучлалын сайд хатуу анхааруулсан нь энгийн нэг илтгэлийн үг биш байсан бололтой. Иймд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх төлөвлөгөөг хөрөнгө оруулалтын бодлогодоо одооноос суулгаж ажиллах нь “Оюутолгой”, “Тавантолгой” компанийн үүрэг болоод байгаа бөгөөд говийн төслүүдийг гадаргын усаар хангахдаа усыг тухайн уурхайн нэгжүүдэд яаж хүргэх төлөвлөгөөг тэднээс шаардах эрх үүсч буй бололтой.

“Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй журмаар уул уурхайн компаниудын ус ашигласны төлбөр гэр хорооллын иргэдийн төлж байгаагаас зургаа дахин хямд байгааг эргэн харах шаардлагатай”. Энэ тооцооллыг сайд хэлсэн ба удахгүй усны төлбөрийн хуульд өөрчлөлт орох нь гэх “мессеж”-ийг өгөв. 

Уул уурхайнхан гадаргын ус ашиглахдаа нэг м кубэд 100 төгрөг, газрын гүний усыг нэг м кубэд 150 төгрөг төлдөг байна. Өөрөө хэлбэл 1 литр усыг уул уурхайнхан 15 мөнгөар авдаг аж. Гэтэл Сингапур улсын иргэд ахуйн хэрэглээнд нэг куб метр усанд 1.2 доллар төлдөг байхад аж үйлдвэрийнхэн нь 1.4 доллар төлдөг аж. Айл өрхийн ахуйн хэрэглээний усыг цэвэрлэх зардал харьцангуй бага байдаг. Харин үйлдвэр, аж ахуйн нэгжээс гарч байгаа бохир усыг цэвэрлэх зардал хамаагүй өндөр байдаг аж. Уул уурхайн салбарын хурдацтай хөгжилтэй холбоотойгоор гүний усны нөөцийг хамгаалах асуудал Усны өдрийн хамгийн чухал сэдвийн нэг байх болов уу хэмээн эдийн засгийн сэтгүүлүүд онцолж байсан ч ёсоор болсон нь энэ.

“Усны газраас одоогийн төлөвлөгдөж байгаагаар гүний усыг ашиглабал 2018-2020 он гэхэд өмнөд бүсийн уул уурхайн компанийг усаар хангах боломжгүй болно хэмээн мэдэгдсэн бол Дэлхийн банкнаас манай улсыг Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон ордуудаас асар их хэмжээний хөрөнгө орж ирнэ хэмээн хүлээхээс урьтаж усны хангамжийн асуудлыг бодолцож үзэхийг зөвлөж байгаа гэнэ. Тодруулбал, судалгаагаар говийн бүсэд хамгийн багаар тооцоход өдөрт 500 мянган шоо метр ус ашиглах боломж байгаа бөгөөд энэ хэрэглээгээр тооцвол 10 жилийн дараа нөөц шавхагдах аж. Түүнчлэн, манай орны усны жилийн хэрэглээний 50 гаруй хувийг 2015 он гэхэд уул уурхайн салбар дангаар эзлэх бол 2020 он гэхэд энэ хэмжээ 60 хувьд хүрнэ.

Иймээс усны нөөцтэй холбоотой асуудал цаашид хүчтэй сөхөгдөх бол орон нутгийнхны хүчтэй эсэргүүцэлтэй тулж, “урт нэртэй” хуультай адил зарим уурхайнуудыг хаах асуудал ч сөхөгдөж болзошгүйг судлаачид анхааруулж буй юм” /Mining.mn/. Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд усны үнийн дээд хязгаарыг заачихсан ба 2009 онд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж 100 төгрөг байсныг 150 болгож нэмсэн. Тэгэхээр одоо хуулийнхаа дээд хязгаарт тулчихсан тул дахин нэмнэ гэвэл хуулийг л өөрчлөнө гэсэн үг. Тодруулбал, 2009 оны Засгийн газрын 351 дүгээр тогтоолоор усны үнийг нэмэхдээ зөвхөн уул уурхай гээгүй ба эрчим хүч, хөдөө аж ахуйн салбараас усны төлбөр авдаг болсон байна. Харин хурван тохиолдолд усны үнийг чөлөөлдөг бөгөөд хүн амын унд, бэлчээрийн мал аж ахуй, өрхийн хүнсний ногоонд ашиглах ус үнэгүй. Мөн байгалийн гамшиг, гал түймэртэй тэмцэхэд усыг үнэгүй ашиглуулдаг юм. Мөн асуудал байгаа нь уул уурхайн компаниудын ус ашигласны төлбөрөө төлөх хугацаандаа төлдөггүй гэдэг аж.

БОАЖЯ-наас энэ оныг “Усны жил” болгон зарласан бөгөөд энэ жилийн зорилтод Усны тухай хууль, Ус, рашааны нөөц ашигласан төлбөрийн тухай хууль болон Байгалийн нөөц баялгийг ашигласны орлогоос байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хувь хөрөнгийн хэмжээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулж, тодорхой саналуудаа яамдад хүргүүлээд байгаа гэнэ. Эдгээр төслүүдэд БОАЖЯ болон бусад яамнаас саналыг нь авахдаа нэг зүйлийн анхааруулгыг дайж явуулахаар болжээ. Тэр нь “ус ашиглалт бол ямар нэг салбарын ашиг сонирхолд нийцэж байх ёсгүй” гэх зарчим аж.

Усны төлбөрийг нэмэгдүүлж, хяналтыг сайжруулснаар хэмнэлт гаргаж болдгийг өмнөх туршлага ч нотолж байгаа бөгөөд тоолуурын систем нэвтрүүлэхээс өмнө орон сууцанд амьдарч буй өрхийн хүн бүр 450 литр ус хэрэглэдэг байсан ба ийм хэмжээний ус хэрэглэдэг гэсэн тооцоо байгаа боловч ихэнх нь хүндээ хэрэглэгдэлгүй урсч алга болдог байсан байна. Орон сууцанд амьдардаг хүн крантаа хаахгүйгээр нэг удаа шүдээ угаахад л 6-7 литр ус үргүй асгадаг гэсэн тооцоо байна. Иймээс усны хэрэглээг тоолууржуулсан, ингэснээр энэ хэмжээ 250 литр болж багассан сайн үр дүн гараад байгаа.

Бусад улстай харьцуулахад манай усны төлбөр харьцангуй хямд ч цаашид тухайн салбарын борлуулалтын орлого, нөгөө талаас усан орчинд учруулж байгаа хохирол, нөхөн сэргээлтэд тохируулж усны үнийг шинэчлэн тогтоох шаардлагатай юм. Хэрвээ уул уурхайд ашиглах усны үнийг нэмэх шаардлага гарвал уснаас олсон орлогоор усан орчныг нөхөн сэргээх зардлаа нөхдөг байх хэмжээнд үнэ нэмнэ гэдэг зарчмыг баримталж байгаа.аж.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж