Нэгэн үе “Шөнө дундын бүжиг” жүжиг залуучуудыг байлдан дагуулж Улсын драмын эрдмийн театр руу хөтөлж байсныг хэн хүнгүй санах биз. Тэр хэрээр “Шөнө дундын бүжиг” жүжгийн дуу тухайн үедээ богино долгионы FM радиогын ХИТ-д дээгүүр давхиж байлаа. Одоо ч энэ дуу эгшиглэхэд хуучраагүй шив шинэхнээрээ байдаг. Харин энэ дууг гавьяат жүжигчин Т.Ариунаатай хамтран дуулж, үзэгчдэд хүргэсэн дуучин Т.Дэлгэрмөрөнгийн хувьд “Шөнө дундын бүжиг” түүнийг уран бүтээлчийнх нь хувьд задалж, дуучин болоход нөлөөлсөн гэнэ. Учир нь түүний хувьд хамтлагийнхантайгаа нийлж олон сайхан дууг ХИТ болгосон ч жүжгийн дуун дээр ажилласан туршлага байгаагүй ажээ. Тиймдээ дуучин Т.Ариунаатай хамтран дээрх дууг дуулах саналыг хөгжмийн зохиолч Л.Балхжаваас авсан нь жинхэнэ аз ивээсэн өдөр байсан тухай тэрбээр дурсав. Авьяасаа чамлаж байсан түүний хувьд “Дуугаа дуулж чадахгүй бол хөгжмийн зохиолч саналаасаа татгалзах юм биш байгаа” гэх айдас ч нөмөрч байсан аж. Шантралгүй тэмцсэнээр тэр өөрийгөө задалж, цаашид олон сайхан тайз, дэлгэцийн бүтээлүүдийн дууг амилуулах гараагаа тавьсан байна. Үүнд гавьяат жүжигчин Т.Ариунаагийн нөр их хөдөлмөр хамгийн их нөлөөлсөн гэдгийг дуучин Т.Дэлгэрмөрөн “МN-25 дугаар суваг” телевизийн “Их хотын үдэш” нэвтрүүлэгт оролцох үеэрээ ярьсан юм.
Г.Дарь