Нийслэлийн Яаралтай тусламжийн төвд өнөөдрийн 09.00-14.50 цагийн байдлаар 813 дуудлага иржээ. Эдгээрийн 131 дуудлагынх нь дагуу үйлчилгээ үзүүлсэн байна. Үүнээс 12 нь төрөх эхчүүдтэй, ес нь осол гэмтэлтэй холбоотой бол бусад нь өвчлөл байжээ. Дуудлагын дагуу 19 жолооч, 19 эмч ажиллаж, иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн, холбогдох эмнэлгүүдэд хүргэж өгчээ. Ачааллын хувьд өндөр байна гэсэн мэдээллийг 103-ын жижүүр эмч өглөө. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод шилжин ирэх иргэдийн тоо үргэлж нэмэгдсээр байгаа нь Нийслэлийн Яаралтай тусламжийн төвөөр үйлчлүүлэх иргэдийн тоог ч өсгөж байгаа юм. Ингэснээр өдөртөө 100 гаруй дуудлагад хүрч үйлчилдэг байсан 103-ын хамт олон одоо таван цагийн хугацаанд иргэд, аж ахуйн нэгжүүдээс 813 дуудлага хүлээн авч, үүнээс очиж тусламж үзүүлэх шаардлагатай гэж үзсэн 131 дуудлагын дагуу эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлжээ.
Г.Дарь