Боловсролын яармаг үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.25-нд нийтлэгдсэн

Боловсролын яармаг үргэлжилж байна

“Оюунлаг үйлс” төрийн бус байгууллагаас санаачлан 12 дахь жилдээ олон улсын боловсролын үзэсгэлэн яармагийг “Чингис хаан” зочид буудалд зохион байгуулж байна. Хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа тус үзэсгэлэнд АНУ, Австрали, Япон, ОХУ, Энэтхэг, БНХАУ, Турк, Украйн, Канад, Малайз, Сингапур зэрэг 20-иод орны их, дээд сургуулийн төлөөлөгчид оролцож, өөрийн сургуулийн сургалтын онцлог хийгээд давуу талуудыг сурталчлан таниулж байгаа юм. Зохион байгуулагчдын хэлснээр гадаадаас оролцож байгаа их, дээд сургуулиудын хувьд гол төлөв Монголын залуусыг эдийн засаг, бизнес, уул уурхайн сургуулиудад урьж байгаа ажээ. Энэ нь уул уурхайн эрчимтэй хөгжилтэй холбоотой байж болох талтайг тэмдэглэлээ. Монгол Улсын хувьд Оюутолгой, Тавантолгой гэх зэс, нүүрсний арвин баялаг ордоод дэлхийд танигдах болж, тэр хэрээр Монгол Улсад ирээдүйд уул уурхайн мэргэжилтнүүд хамгийн их хэрэгцээтэй болох нь гэдгийг урьдчилан харж, энэ чиглэлийн их, дээд сургуулиудыг санал болгож байна хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

Мөн гадаадын их, дээд сургуулиуд өөрсдийн төлөөлөгчдөө илгээснээр залуусын хувьд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа зарын дагуу сонирхсон сургуульдаа бүртгүүлэх бус өөрсдийн биеэр тухайн сургуулийн онцлог, давуу тал, тус сургуульд суралцах тохиолдолд юун дээр анхаарах, ямар тохиолдолд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой байдаг, тухайн сургуульд Монгол Улсаас хэчнээн оюутан аль мэргэжлээр суралцаж байгаа гээд хамгийн бодит мэдээллийг авах боломж бүрдэж байгаа юм. Боловсролын үзэсгэлэн яармаг өнөөдөр өндөрлөнө.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж