Нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээнд зориулж өнгөрсөн жил 12 мянган тонн мах бэлтгэсэн ч, хүрэлцэхгүй болж ирсэн тул дахин аймгуудаас мах нийлүүлэх ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулсан юм. Гэвч “Хүчит шонхор” болоод бусад хүнсний захуудад худалдаалж буй махны үнэ буурах байтугай улам чангарсаар өнөөдрийн байдлаар үхрийн мах нэг кг нь 8500 төгрөгт хүрээд байна. Мөн нөөцийн мах бэлтгэн нийлүүлсэн компаниудын хувьд махны үнийг нэмэхээс аргагүй байна гэдэг санал хүсэлтийг холбогдох газруудад гаргаснаар өнгөрсөн долоо хоногоос үнийг нэмсэн билээ. Ингэснээр үхрийн мах нэг кг-ыг нь 5500, хонины махыг 5100, ямааны махыг 4100 төгрөгөөр тус бүр худалдаалж эхэлсэн. Харин үүнийг Шударга өрсөлдөөнийг хянан зохицуулах газраас “Үндэслэлгүй” хэмээн үзэж байна. Учир нь нөөцийн махыг бэлтгэх үед өнгөрсөн жил махны үнэ одоогийнх шиг үнэ ханштай байгаагүй. Тиймээс махны үнийн өсөлтийг шалгаж тогтоох болно гэдгээ мэдэгдээд байгаа ажээ.
Г.Дарь