Францад арав гаруй хоногийн хугацаанд гарсан гурван халдлагын гол сэжигтний төрсөн ахыг байцаахаар тус улсын сөрөг тагнуулын газарт шилжүүлжээ. Энэ сарын 11-19 хооронд Францын Тулуз, Монтобан хотод гарсан гурван өөр халдлагын гол сэжигтэн болох Мохаммед Мерах тусгай ажиллагааны үеэр толгойдоо буудуулсан байна. Алжир гаралтай, 23 настай Мохаммед Мерагийн байрыг Францын цагдаа нар бүсэлж, амьдаар нь барих гэж оролдсон ч амжилтгүй болсон аж. Цагдаа нар тусгай ажиллагааны үеэр сэжигтэнтэй хэлэлцээ хийхийн тулд түүний найз бүсгүй, ахыг нь аваачсан байжээ. Харин сэжигтнийг буудуулсны дараа тэднийг сөрөг тагнуулын газарт байцаахаар шилжүүлсэн байна. Францын Дотоод хэргийн яам Мохаммед Мераг алан хядагч Аль-Кайда бүлэглэлтэй холбоотойг тогтоож, 2007 онд Кандагарт тэсрэх бөмбөг хийх гэж оролдсон хэргээр баривчлагдаж байсныг илрүүлсэн аж. Гэвч Францын цагдаагийнхан түүнийг яагаад дээрх хэрэгт сэжиглэх болсноо мэдэгдээгүй билээ.
Н.Энх