Далд эдийн засгийг газрын наймаа цэцэглүүлж байна гэв

Хуучирсан мэдээ: 2012.03.25-нд нийтлэгдсэн

Далд эдийн засгийг газрын наймаа цэцэглүүлж байна гэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнгөрсөн баасан гаригт “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болох үеэр далд эдийн засгийг газрын наймаа, ашигт малтмалын лиценз “цэцэглүүлж” байгаа тухай “Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо”-ны тэргүүлэгч мэдэгдсэн юм. Тэрбээр энэ мэт далдуур хийгдэж байгаа наймааг ил болгох нь эргээд төсвийн орлогыг нэмэгдүүлэх бааз суурь болно гэж үзэж байгаа аж.

Нөгөөтэйгүүр, НӨАТ-ын босгыг өөрчлөх хуулийн төслийг Засгийн газар болоод УИХ-ын нэр бүхий гишүүд санаачлан УИХ-д мэдүүлэхээр тогтоод буй. Энэ нь сайн зүйл боловч, Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд дүн шинжилгээ хийж үзвэл татвараа төлөөгүй тохиолдолд Татварын байгууллагын дэргэд мөрдөн байцаах алба шиг тусгай алба ажиллаж, иргэд, аж ахуйн нэгжүүдээс мэдүүлэг авч эхлэхээр заалт оруулсан нь бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд улам дарамттай цаг айсуйг сануулсан хэрэг болж байгаа тухай шүүмжиллээ. Тиймээс УИХ-ын төвшинд энэхүү хуулийн төслийг хэлэлцэхдээ нягт нямбай хандахыг зөвлөж байв.

Мөн Оюутолгой компанийн хувьд бүхий л төрлийн бүтээгдэхүүнээ Хятад улсаас импортлох болсон. Уул уурхайн тоног төхөөрөмж гэх мэтчлэн үйлдвэрлэл явуулахад шаардагдах эд ангийг гадаадаас экспортлох нь зүйн хэрэг боловч, Монголд үйлдвэрлэж байгаа 26 нэр төрлийн бүтээгдэхүүнийг мөн л өмнөд хөршөөс импортолж байгаа нь манай улсын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд нэрмээс болж буй гэнэ. Тиймээс төр бодлогын төвшинд энэ асуудлыг анхаарах шаардлагатай. Хэдийгээр өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийн өсөлт нь жижиг, дунд үйлдвэрлэл дээр бус томоохон корпорациуд, тэдгээр нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд экспортолж ашиг орлогоо нэмэгдүүлснээр улсынхаа эдийн засгийн өсөлтийг хангасан байдаг ч, Монголын хувьд жижиг, дунд үйлдвэрлэлээр дамжуулж иргэдээ ажилтай, орлогтой болгох нь чухал байгаа. Хоёрдугаарт, дээр дурдсанчлан дэлхий дахины жишгийн дагуу том үйлдвэрүүдийг байгуулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гадаад зах зээлд экспортлох нь чухал. Өөрөөр хэлбэл, жижиг, дунд үйлдвэрлэгчдийг жижиг гэж голж болохгүй, бодлогын төвшинд анхаарах. Тэр дундаа татварын бодлогод уян хатан хандвал нийслэл хийгээд аймгаасаа алслагдсан сумдад жижиг, дунд үйлдвэр хөгжих бололцоо бүрэн дүүрэн байгааг онцоллоо. Гол нь суурийг нь зөв тавих нь чухал гэж үзэж байна.

Мөн энэхүү хэлэлцүүлэгт оролцогсод УИХ-ын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандсан юм.  Жил бүр баталдаг улсын төсөв нь зарлага өндөртэйн дээр Мөнгөний бодлоготой уялддаггүй, асуудлыг зөвхөн улстөрийн өнцгөөр хардаг. Ирэх зургадугаар сард сонгууль болох учраас амласнаа биелүүлэх ёстой гэсэн өнцгөөр асуудалд хандаж, цалин, тэтгэврийг нэмсэн нь эдүгээ хувийн хэвшлийн салбарт ажиллагсдыг элгээр нь мөлхүүлэх, зээл авч үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг зээлийн хүүгийн өрөнд унахад хүрээд буйг санууллаа. Учир нь цалин, тэтгэвэр нэмэх сургаар бараа бүтээгдэхүүний үнэ ханш өссөөр эдүгээ махны үнэ хүнсний захуудад нэг кг нь 8500 төгрөгт хүрээд байгаа бол супер маркетуудад 12000 төгрөгт хүрсэн. Энэ нь инфляцийг улам гааруулж байгаа. Инфляцийг бууруулахын тулд Монголбанк хоёр долоо хоногийн өмнө бодлогын хүүгээ өсгөж 12.5 хувьд хүргэсэн. Энэ нь эргээд хувийн хэвшлийн салбарынхан бодит эдийн засгийг дэмжих зорилгоор үйлдвэрлэл эрхлэх ёстой ч арилжааны банкуудын зээлийн хүү өссөн учраас зээл авах боломжгүйд хүрчээ. Дэлхийн орнуудаас хамгийн өндөр зээлийн хүүтэй орны тоонд Монгол багтаж байна. Монголбанкны бодлогын хүү дөрвөн хувь байж гэмээнэ арилжааны банкуудын иргэд, аж ахуйн нэгжид олгох зээлийн хүү зохистой хэмжээнд очно. Гэтэл одоо 12.5 хувьд хүрсэн нь дээр дурдсан зохистой хэмжээнээс даруй гурав дахин их үзүүлэлт болоод байна. Тиймээс ч Засгийн газраас “100 мянган айл орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг иргэдэд олгох шийдвэр гаргасан ч амьдралын хөрснөө хатуу буух болж байгааг санууллаа. Хоёр жилийн өмнө хоёр өрөө байр 42 сая төгрөгийн үнэтэй байсан бол өнөөдөр нэг өрөө байр 57 сая төгрөгөөр үнэлэгдэх болсон. Орлоготой нэг нь 90 сая төгрөгийн үнэтэй орон сууц худалдаж авлаа гэхэд 20 жилийн дараа түүнийгээ хоёр дахин нугалж өгөх болж байгаа. Өөрөөр хэлбэл, 95 сая төгрөг нь зөвхөн зээлийн хүүнд явах болж байгааг жишээ аван тайлбарласан юм. Тиймээс цаашид гадаад зах зээлд тэр тусмаа хөрөнгийн зах зээлээс мөнгө босгон зээлийн хямд эх үүсвэр босгох талд төр санаачлагатай ажиллаж, Монголбанкны бодлогын хүүг бууруулах талд ажиллахгүйгээр эдийн засгийн өсөлт жирийн иргэдэд буухгүй болохыг энэ удаагийн хэлэлцүүлэгт оролцогчид тэмдэглэж байлаа.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж