Америк түрүүчийн эхнэр өмгөөллийн сан байгуулав

Хуучирсан мэдээ: 2012.03.25-нд нийтлэгдсэн

Америк түрүүчийн эхнэр өмгөөллийн сан байгуулав

Афганистанд 16 энгийн номхон иргэнийг буудаж хөнөөсөн хэргээр ял сонссон америк түрүүч Роберт Бейлсийн эхнэр Кари өмгөөллийн сан байгуулах болсноо өчигдөр мэдэгджээ.  Кари Бейлс энэ сарын 11-нд Афганистанд үнэхээр юу болсон талаар үнэн бодит мэдээлэл, нотлох баримт байхгүй гэж үзэж байгаа юм. Тэрбээр нөхрийг нь 16 хүнийг зүгээр л буудсан гэж бичиж буй зүйлс болон АНУ-ын Засгийн газрын мэдэгдэлд итгэхгүй байгаа аж. Кари Бейлс өмгөөлөгч авах, зөвлөгөө болон бусад хууль зүйн үйлчилгээний төлбөрийг ганцаараа барагдуулж чадахгүй болсон тул ийнхүү өмгөөллийн сан байгуулахаар шийдсэн гэнэ. Бүсгүй хэлэхдээ Афганистанд энгийн иргэд амиа алдсанд харамсч, Америкад хүн болгон шударгаар шүүгдэх эрхтэй гэдэгт итгэж буй хүн болгон энэ сард хандивлаж болно гэжээ. АНУ-ын албаны хүмүүс Афганистаны Кандагарт үүрэг гүйцэтгэж байсан түрүүч Роберт Бейлсийг зэргэлдээ хоёр тосгоны айлуудаар орж, 16 энгийн иргэдийг буудаж хөнөөсөн хэргийг ганцаараа үйлдсэн гэж үзэж байгаа юм. Амиа алдсан иргэдийн дунд хүүхэд хүртэл байсан аж. Роберт Бейлсийг Афганистаны тал өөрийн улсын шүүхээр шүүхийг хүссэн боловч АНУ Цэргийн шүүхээд шүүх болсон юм. Мөрдөн байцаалтын үед түрүүч хэрэг гарсан өглөө болон оройны үйл явдлыг санаж байсан ч тэр хооронд юу болсныг огт санахгүй байсан гэнэ. Роберт Бейлсийг одоо Канзас муж дахь Форт Ливенворт дахь цэргийн шоронд хорьж байгаа аж. Өнгөрсөн баасан гаригт Холбооны шүүх 16 хүнийг хороосон хэрэгт түүнд 17 төрлийн ял оноосон юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж