УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн тойрогтоо ажиллав

Хуучирсан мэдээ: 2012.03.25-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн тойрогтоо ажиллав

УИХ-ын хаврын чуулганыг ирэх дөрөвдүгээр сарын 5-нд нээх тул эрхэм гишүүд энэ хугацаанд тойрогтоо ажиллаж, намрын чуулган хийгээд ээлжит бус чуулганы хугацаанд баталсан хууль, тогтоомжуудын талаар иргэдэд таниулж, цаашид ямар бодлого шийдвэр батлагдах талаар мэдээлэл өгч явна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хөвсгөл аймагт ажиллаж байна. Түүнийг тус аймгийн Тосонцэнгэл суманд өнгөрсөн баасан гаригт ажиллах үеэр дунд сургуулийн ажилчид Боловсролын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан асуудал тавьжээ. Энэ нь боловсролын салбарт ажилладаг туслах ажилтнууд тэр дундаа тогооч, цэвэрлэгч, галч, манаач нарт багш нарын нэгэн адил таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгох шаардлага байгаа талаар хөнджээ. Ингэхдээ тэд эл урамшууллыг туслах ажилчдад олгоход эдийн засгийн боломж алга гэж үзэж байгаа бол тасралтгүй 20 жил ажилласан туслах ажилчдад энэхүү урамшууллыг таван жил тутамд олгоод явахад болохгүй гэх зүйлгүй. Хувийн сургуульд ажиллаж байгаа багш нарт таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгохоор заалт оруулаад байгаа үед улсын сургуульд ажилладаг ажилчид ялгаварлагдаж үлдэх нь төр иргэнээ “мэргэжилтэй, мэргэжилгүйгээр нь ялгаварласан хэрэг болно” гэжээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “УИХ-ын намрын чуулганаар Боловсролын тухай хуулийг батлах ёстой байсан ч, боловсролын салбарт ажиллаж байгаа туслах ажилчдад олгох урамшуулалтай холбоотой асуудлаас болж, маргаан гарч, энэ асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаас байнгын хороо руу шилжүүлсэн. Хаврын чуулган эхлэхэд энэ асуудлыг дахиж ярина. Ер нь УИХ-ын гишүүдийг ялангуяа орон нутгаас сонгогдсон гишүүдийн өмнө тавигддаг нэг зовлонтой асуудал яах аргагүй энэ. Шийдвэрлэж ёстой асуудал гэдэгтэй гишүүн бүр санал нэгддэг, тиймээс энэ асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэх шатанд асуудлыг дахин тавина” гэдгээ илэрхийлсэн байна. Харин малчдын хувьд цалин, тэтгэврийг төрөөс нэмсэн явдал нь зөвхөн мал аж ахуйгаар амьдралаа залгуулдаг малчин иргэдийн хувьд хүндээр тусах болсныг анхааруулжээ. Хэдийгээр төрөөс Малчдын талаар төрөөс баримтлах бодлого, “Монгол мал” хөтөлбөр, “Таван эрдэнэ” хөтөлбөр, Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн бирж байгуулах тухай УИХ-ын тогтоол гээд хөдөө аж ахуйн салбар руу хандсан бодлогууд олноор батлагдсан ч түүнийг дээрх цалин, тэтгэврийн нэмэгдэл нь баллуурдаж байгаа тухай шүүмжилсэн байна. Цалин, тэтгэвэр нэмэгдэх сургаар хөдөөд гурил будаа, өмсөж зүүх гутал хувцасны үнэ хаданд гардаг. Арга буюу малчид малынхаа үнийг өсгөхөөс аргагүйд хүрдэг. Мөнгөтэй ченжүүд хүрч ирээд малыг амьдын жингээр болон махаар нь худалдаад аваад явчихдаг, дараа нь хэд, дахин нугалаад хотын зах дээр зарчихдаг. Эцэст нь малчид махны үнэ хөөрөгддөг гэсэн муу нэр зүүдэг. Иймд Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн бирж байгуулах асуудлаа амьдралын хөрсөнд буулгаж энэ төрлийн ажлыг эхлүүлэх цаг болсныг ч сануулжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж