
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “УИХ-ын намрын чуулганаар Боловсролын тухай хуулийг батлах ёстой байсан ч, боловсролын салбарт ажиллаж байгаа туслах ажилчдад олгох урамшуулалтай холбоотой асуудлаас болж, маргаан гарч, энэ асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаас байнгын хороо руу шилжүүлсэн. Хаврын чуулган эхлэхэд энэ асуудлыг дахиж ярина. Ер нь УИХ-ын гишүүдийг ялангуяа орон нутгаас сонгогдсон гишүүдийн өмнө тавигддаг нэг зовлонтой асуудал яах аргагүй энэ. Шийдвэрлэж ёстой асуудал гэдэгтэй гишүүн бүр санал нэгддэг, тиймээс энэ асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэх шатанд асуудлыг дахин тавина” гэдгээ илэрхийлсэн байна. Харин малчдын хувьд цалин, тэтгэврийг төрөөс нэмсэн явдал нь зөвхөн мал аж ахуйгаар амьдралаа залгуулдаг малчин иргэдийн хувьд хүндээр тусах болсныг анхааруулжээ. Хэдийгээр төрөөс Малчдын талаар төрөөс баримтлах бодлого, “Монгол мал” хөтөлбөр, “Таван эрдэнэ” хөтөлбөр, Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн бирж байгуулах тухай УИХ-ын тогтоол гээд хөдөө аж ахуйн салбар руу хандсан бодлогууд олноор батлагдсан ч түүнийг дээрх цалин, тэтгэврийн нэмэгдэл нь баллуурдаж байгаа тухай шүүмжилсэн байна. Цалин, тэтгэвэр нэмэгдэх сургаар хөдөөд гурил будаа, өмсөж зүүх гутал хувцасны үнэ хаданд гардаг. Арга буюу малчид малынхаа үнийг өсгөхөөс аргагүйд хүрдэг. Мөнгөтэй ченжүүд хүрч ирээд малыг амьдын жингээр болон махаар нь худалдаад аваад явчихдаг, дараа нь хэд, дахин нугалаад хотын зах дээр зарчихдаг. Эцэст нь малчид махны үнэ хөөрөгддөг гэсэн муу нэр зүүдэг. Иймд Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн бирж байгуулах асуудлаа амьдралын хөрсөнд буулгаж энэ төрлийн ажлыг эхлүүлэх цаг болсныг ч сануулжээ.