Барак Обама Сөүлд айлчлав

Хуучирсан мэдээ: 2012.03.25-нд нийтлэгдсэн

Барак Обама Сөүлд айлчлав

БНСУ-ын нийслэл хотноо олон улсын цөмийн эрчим хүчний аюулгүй байдлын асуудлаарх дээд хэмжээний уулзалт болох гэж байна. Даваа, мягмар гаригт болох дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ, Хятад зэрэг дэлхийн 54 орны тэргүүн, албаны хүмүүс оролцох гэнэ. Тус дээд хэмжээний уулзалтын гол хүмүүсийн нэг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнөөдөр Сөүлд газарджээ. Барак Обама БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Бактай уулзана гэж эх сурвалжууд мэдээлж байна. Олон улсын цөмийн эрчим хүчний аюулгүй байдлын асуудлаарх дээд хэмжээний уулзалт болох сургаар Сөүлд хотод Умард Солонгосын залуу удирдагч Ким Чен Уныг эсэргүүцсэн жагсаал өрнөж эхэлсэн байна. Умард Солонгос цөмийн болон холын тусгалт пуужингийн хөтөлбөрөө түр зогсоож, НҮБ-ын цөмийн шинжээчдийг өөрийн улсад нэвтрэхийг зөвшөөрсний хариуд АНУ-аас хүнсний тусламж авахаар болсон билээ. Гэвч Умард Солонгос ирэх дөрөвдүгээр сард хиймэл дагуулын пуужин хөөргөхөөр төлөвлөж буй гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн нь олон улсын хамтын нийгэмлэгүүдэд тус улстай хамтарч ажиллах зөвшилцөлд эргэлзэхэд хүргээд байгаа юм. Пхеньяний дээрх мэдэгдлийн хариуд АНУ энэ гуравдугаар сарын эхээр тус улсад хүнсний тусламж илгээх гэрээнд саад учруулж болзошгүйг анхааруулсан байна. БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Бак Олон улсын цөмийн эрчим хүчний аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтаар цөмийн зэвсэгтэй  хойд хөршөө номхотгож авахад олон улсын дэмжлэгийг хүснэ гэдгээ хэдийн мэдэгдсэн аж. Харин Умард Солонгосын  тал “БНСУ Олон улсын цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтыг Умард Солонгосын эсрэг гүжирдлэгийн кампанит ажил болгохоор улайрч байна” хэмээн буруутгаж байгаа гэнэ.  Солонгосын хуваагдлаас хойш бий болсон зэвсэггүй бүсэд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама анх удаа айлчилж буй нь энэ юм. Барак Обама гурав хоногийн айлчлалынхаа үеэр Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэргийн баазад алба хааж буй 28,500 гаруй цэргийн албан хаагчидтай мөн уулзах юм байна. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа БНСУ-д хоёр удаа айлчилсан авч зэвсэггүй бүсэд очиж байгаагүй гэнэ. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон 2010 онд тус бүсэд айлчилж байсан юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж