Татварынхан зөвлөлдлөө

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Татварынхан зөвлөлдлөө

“Бизнесийн шинэтгэл -татварын нээлттэй орчин” сэдэвт төрийн бус байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэхүү зөвлөгөөнд Татварын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга Ц.Оюунбаатар, дэд дарга Ч.Жигжид, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо /МАОЭНХ/-ны  гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын орлогч дарга М.Оюунчимэг тэргүүтэй 50 гаруй төлөөлөгч оролцсон юм.  Зөвлөгөөний үеэр ТЕГ-ын дарга Ц.Оюунбаатар “Татварын албаны шинэчлэл, иргэний нийгмийн оролцоо”, МҮХАҮТ-ын орлогч дарга М.Оюунчимэг “Татвар төлөгчдөөс төсвийн бүрдүүлэлт, зохицуулалтад тавих хяналт”, МАОЭНХ-ны  гүйцэтгэх захирал Х.Ганбаатар “ Татварын салбар дахь төр хувийн хэвшлийн түншлэл”, “Урбаник” ХХК-ийн захирал Б.Лхагважав “Улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд иргэдийн оролцоо” сэдвээр илтгэл тавьсан нь олны анхаарлыг татсан. Энэ үеэр зөвлөгөөнд оролцогчдын санал бодлыг сонирхсон юм.

ТЕГ-ын дарга Ц.Оюунбаатар:
Зөвлөгөөнд оролцогчид маш чухал санал гаргаж байна

-“Бизнесийн шинэтгэл -татварын нээлттэй орчин” сэдвээр Монгол Улсын татварын ерөнхий газар, төрийн бус байгууллагууд хамтран анх удаа зөвлөгөөн зохион байгуулж байна. Татварын шинэчлэл, иргэний нийгмийн оролцооны асуудалд гол анхаарлаа хандуулж байгаа. Татварын байгууллага төрийн захиргааны байгууллагаас төрийн үйлчилгээний байгууллага болгон төлөвшиж байгаа. Энэ хүрээнд бид үйл ажиллагааны технологийн  томоохон шинэчлэлүүдийг  хийж, энэ чиглэлээрээ дөрвөн  томоохон хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлж байна. Татварын салбарт авлига, хээл хахууль, хүнд суртлаас  урьдчилан сэргийлэх зэрэг хэд хэдэн хөтөлбөрийг хэрэгжүүлээд жил гаруй боллоо. Дээрх хөтөлбөрийн үр дүн, явцыг дүгнэн ярилцаж байна. Монгол Улсын татварын салбарыг боловсронгуй болгох, хууль эрхзүйн орчныг сайжруулах, татварын үйлчилгээг  орчин үеийн шинэ төвшинд хүргэхэд  юуг анхаарах талаар санал бодлоо чөлөөтэй солилцлоо.   Түүнчлэн ямар алдаа дутагдал төрийн байгууллага байна гэдэг дээр санал бодлоо хуваалцсан. ТЕГ үйл ажиллагаагаа олон түмэнд ил тод тайлагнадаг. Энэ хүрээнд төрийн бус байгууллагуудаас тодорхой санал дүгнэлтийг авч, үйл ажиллагаандаа дүн  шинжилгээ хийж байна.  Монгол Улсын татварын байгууллага төрийн байгууллага дотроос бүх аймаг дүүрэгтээ нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлж үйл ажиллагааг нь жигдрүүллээ.  Үүгээр хүнд сурталгүй, дараалал, дугааргүй  үйлчлүүлэх  бололцоо бүрдэж байгаа. Түүнчлэн нэг цэгийн үйлчилгээгээр үйлчлүүлсэн хүн автомат системээр татварын ажилтанд үнэлгээ дүгнэлт өгдөг болж байна.  Цаашдаа татварын ажилтны талаар татвар төлөгчид өөрсдөө санал дүгнэлт үнэлгээгээ өгдөг тогтолцоо бий болгоно.  Дээрх санал дүгнэлтийг нь татварынхан ажилдаа тусгаж ажиллах юм. Бид татварын шинэчлэлийн хөтөлбөрийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлсний үр дүнд татвар төлөгчийнхөө сэтгэл зүйг өөрчлөх  тогтолцоог бүрдүүлнэ. Ингэснээр татварын байгууллага маань  орчин үеийн өндөр хөгжилтэй улс орнуудын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах  боломж бүрдэх юм. Бид зөвлөгөөнөөс  гарсан оновчтой санал дүгнэлтийг үндэслэсэн зөвлөмж гаргана. “Цаашдаа  татварын байгууллагын дэргэд татварын шинэчлэл ил тод хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих төрийн бус байгууллагуудын   зөвлөхийг ажилуулъя гэсэн маш зүйтэй санал гарсан. Улирал тутамдаа нэг удаа татварын байгууллагын дэргэдэх төрийн бус байгууллагуудтай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулж байя. Ингэснээр татварын байгууллагын үйл ажиллагаа шуурхай, ил тод болж олон нийтэд хүрэх бололцоо бүрдэнэ” гэсэн санал дүгнэлтүүдийг хэлсэн нь сайшаалтай санагдлаа.   

“Урбаник” ХХК-ийн захирал Л.Лхагважав: Олигархийг тэжээх бодлого УИХ-д байгаа

-Би энэ зөвлөгөөнд “Иргэд төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд гол үүрэгтэй” гэсэн илтгэл тавьсан.  Иргэд өөрсдөө эцсийн хэрэглэгч байдаг.  Өнөөдрийг хүртэл манай татварын эрхзүйн орчин маань дэлхий дээр хэрэглэдэг гол концепцүүдийг оруулж чадахгүй байгаа. Энэ  концепцүүдийг манай хууль гаргаж байгаа УИХ-ын гишүүд маш сайн ойлгох ёстой. УИХ-ын гишүүд маань татварын эрх зүйн ойлголтгүйгээсээ болж тодорхой нэг салбарт хөнгөлөлт, чөлөөлөлт өгч байна. Энэ нь тэгш бус байдал  үүсгэж байна. Үндсэн хуульд хүн бүр тэгш эрхтэй байна гээд заачихсан шүү дээ. Үүгээрээ дамжуулаад олигархийг тэжээх бодлого УИХ-д явагдаад байгаа.  Тэгэхээр эцсийн хэрэглэгчдэд татварын хяналтыг өгөх нь чухал юм. Одоогоос таван жилийн өмнө ТЕГ-ын даргатай татвар төлөгч зэрэгцэж суугаад санал бодлоо солилцох боломжгүй байлаа. Одоо бол татвар төлөгч, татварын байгууллага ижил хэмжээнд нэг хуулийн зохицуулалттай гэдгийг хүн бүр ойлгож эхэлжээ.

МҮХАҮТ-ын орлогч дарга Оюучимэг: Татвар төлөлтийн хэмжээ өссөн

-Өнөөдрийн зөвлөгөөн маш ач холбогдолтой зүйл болж байна.  Энд бизнес эрхлэгчид, татвар төлөгчдын эрх ашиг, мөн  ТЕГ, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа, түншлэлийн асуудал  сайжрах үр дүнг би хүлээж байна. Сүүлийн үед ТЕГ-ын үйл ажиллагаа харьцангуй сайжирсан гэдгийг онцлох хэрэгтэй. Татварын хуулинд өөрчлөлт оруулснаар бизнес эрхлэгчид татвараа төлөхөд  маш нээлттэй болсон.  Өмнөх жилүүдтэй харьцуулахад татвар төлөлтийн  хэмжээ өссөн. Татварын бодлогод сайжруулах зүйлүүд байгаа. Энэ саналуудаа танхимаар дамжуулан нэгтгээд УИХ-д хүргүүлж байгаа боловч,  гаргаж байгаа баримт бичгүүдэд төдийлөн тусгагдаж чадахгүй байна. Тиймээс шинэтгэлийн жилийн хүрээнд ТЕГ, МҮХАҮТ-ын хамтран  ажиллах санамж бичгийг гуравдугаар сард байгуулсан.  Энэ нь маш үр дүнгээ өгнө гэдэгт илгэлтэй байгаа.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж