Олимпийн аваргад 1 сая ам.доллар өгөхийг уриалав

Хуучирсан мэдээ: 2012.03.25-нд нийтлэгдсэн

Олимпийн аваргад 1 сая ам.доллар өгөхийг уриалав

Өчигдөр "Баянгол" зочид буудлын хурлын танхимд МЖБХ-ны Удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо. Энэхүү хурал нь сэтгүүлчдэд нээлттэй болсны зэрэгцээ шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдыг байлцуулснаараа онцлогтой байв.

Удирдах зөвлөлийн хурлаар тус зөвлөлийн бүтэц дэх өөрчлөлт, 2011 оны санхүүгийн тайлан, 2012 оны зорилго, төлөвлөгөө зэрэг олон асуудал хэлэлцсэний дотроос хамгийн их анхаарал татсан зүйл нь олимпийн наадамд амжилт үзүүлсэн тамирчдад олгох шагнал урамшууллын тухай байв. МЖБХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Х.Баттулга тун удахгүй эхлэх УИХ-ын хаврын чуулганы нээлтэн дээр энэ талаар хуулийн төсөл өргөн барих гэж буйгаа өгүүлээд үүндээ олимпийн аваргад 1 сая ам.доллар (эсвэл 1 тэрбум төгрөг), мөнгөн медальтанд 500 мянган доллар, хүрэл медальтанд 300 мянган долларын шагнал олгох, мөн дасгалжуулагч, бэлтгэл хангагчдад урамшуулал олгож байхыг тусгана гэсэн юм. Улс эх орныхоо нэрийг дэлхий дахинд дуурсгахын төлөө залуу нас, амь амьдралаа зориулан зүтгэдэг тамирчдадаа төр засаг нь гар таталгүй урамшуулал өгч байх ёстойг тэр өгүүлээд ОХУ, Казахстан, Франц зэрэг спорт өндөр хөгжсөн орнуудын жишээг харьцуулж ярьсан. Олимпийн наадамд 100 шахам медаль авч, багийн дүнгээр эхний гурваас буудаггүй ОХУ алтан медальт тамирчин бүртээ 350 мянган "ногоон", дасгалжуулагчдад нь мөн тэр хэмжээний мөнгө өгөхөө амласан бол казахстанчууд олимпийн аваргаа 250 мянган ам.доллароор шагнахаар болжээ. Түүнчлэн францууд олимпийн медальтнууддаа нэг удаагийн мөнгөн урамшууллаас гадна сар бүр тэтгэлэг олгодог тул тамирчид ар гэр, ахуй амьдралдаа огт санаа зовохгүй, зөвхөн амжилт гаргахын төлөө хүсэл эрмэлзэлтэй байж чаддаг аж.

МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга Монголын нийт спортын тамирчдад хамаатай энэхүү саналыг УИХ-д өргөн барихаа өгүүлээд энэ санал нь дэмжигдэх эсэхээс үл хамааран жүдочдодоо энэ хэмжээний шагнал өгнө гэдгээ амлав. Удирдах зөвлөлийн гишүүд ч Ерөнхийлөгчийнхөө санал, уриалгыг халуун дотноор хүлээн авч, дэмжихээ илэрхийлсэн. Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав "Тамирчдаа урамшуулах тухай яриа хөндөгдөж байгаа нь сайшаалтай боловч яг дэргэд нь энэ тухай ярих нь зөв үү, буруу юу гэдгийг тооцох хэрэгтэй юм шиг санагдлаа. Энэ бөхийг л ялчихвал миний амьдрал өөрчлөгдөнө гэсэн бодолдоо дийлдээд тухайн бөх оюун санаагаа төвлөрүүлж, бүх хүч чадлаа дайчлан барилдаж чадахаа байчихаж ч мэднэ. Зарим хүнд харин ч эергээр тусч, эрч хүч өгч болно. Тэгэхээр бөхчүүдтэйгээ ойр байж, зан араншин, сэтгэлзүйг нь ойлгодог болсон ерөнхийлөгч, дасгалжуулагч та бүхэн үүнийг тооцож тамирчдадаа хандаарай" хэмээн зөвлөөд "Зөв зүйтэй санал" гэж дэмжив.

Үйл ажиллагаа, ажил үйлсээрээ спортын бусад холбооддоо үлгэр жишээ болдог МЖБХ, түүний ерөнхийлөгч Х.Баттулга ийнхүү бас нэгэн шинэ санал, санаачилгаар Монголын спортод түрлэг нэмлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж