“Ану хатан” “Гэгээн муза”-д өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.24-нд нийтлэгдсэн

“Ану хатан” “Гэгээн муза”-д өрсөлдөж байна

УДЭТ-ын тайзнаа өчигдөр “Ану хатан” заларлаа. Энэ сарын 27-нд драмын урлагийнхан шилдгээ шалгаруулж, “Гэгээн муза-2011” наадмын эзэд тодорно. Тиймдээ ч ойрын өдрүүдэд тус театр хөл ихтэй, уран бүтээлчдийн “цусгүй тулаан” тайзнаа өрнөж байна. Өнгөрсөн жил тайзнаа амилсан “Ану хатан” жүжиг энэ удаагийн наадамд найман номинацид нэр дэвшин өрсөлдөж байгаа юм.

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, УДЭТ-ын 80 жилийн ойд зориулж бүтээсэн эл түүхэн жүжгийн зохиолыг Б.Шүүдэрцэцэг бичиж, Урлагийн гавьяат зүтгэлтэн, театрын найруулагч Б.Баатар найруулж, Ану хатны дүрд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин  Ц.Баясгалан, Галдан бошигтын дүрд Ц.Цэрэнболд, Данжилагийн дүрд жүжигчин Б.Эрдэнэбилэг, Очирт цэцний дүрд Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Юм-Агас хатанд Гавьяат жүжигчин С.Сарантуяа, Галдмаа баатарт Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, Мандарваад Соёлын тэргүүний ажилтан Ж.Оюундарь, Балсанд  Соёлын тэргүүний ажилтан  Г.Эрхэмбаяр, Равдан зайсанд Гавьяат жүжигчин С.Дамдин, Цэвээнравданд Соёлын тэргүүний ажилтан  Г.Амгаланбаатар, Содномравданд Г.Алтаншагай, Маханд Соёлын тэргүүний ажилтан  Д.Баттөмөр, Майяад М.Тогтохжаргал, Ахайд жүжигчин Д.Ганцэцэг  нар тоглон, жүжгийн хөгжим, дууны аяыг Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр бичсэн юм.

Найруулагч Б.Баатар бүтээлийнхээ талаар "Жүжгийн зохиолч ховордсон энэ үед Монгол хатны тухай сайхан роман бичиж, тайзнаа амилуулж байгаа зохиолчдоо баярлалаа. Гол нь энэхүү зохиолоороо түүхэнд нэрээ мөнхөлсөн Монгол хатны дархан ухааныг илүүтэй товойлгон харуулахыг зорьсон" хэмээн ярьсан байдаг. 1950 онд тухайн үеийн ЗХУ-ын найруулагч, уран бүтээлчдийн дэмжлэгтэйгээр драмын эрдмийн тайзнаа “Мандухай сэцэн хатан” драмын түүхэн жүжгээс хойш тавьж буй хоёр дахь томоохон хэмжээний түүхэн жүжиг буюу домогт хатны тухай өгүүлж буй эл жүжиг 70 гаруй сая төгрөгийн өртгөөр боссон. Тиймдээ ч хувцас, эдлэл, тайз заслын хувьд өөлөх зүйл тун ховор.

Жүжиг Юм-Агас хатны уй гашуугаар эхэлнэ. Тэрбээр хунтайжид өргөмжлөөд байсан хүүгээ хааны удмынхны төрийн төлөөх суудлын золиост алдсан хэдий ч Лхасын оронд номын мөр хөөн сууж буй отгон хүү Галдан бошигтоо дуудан, ахынх нь үйл хэргийг залгамжлуулахаар болно. Хааны удмынханд мөчөөгөө өгхийг хүсээгүй Юм-Агас хатан Галдан хүүгээ Ойрадын хамгийн хучирхэг хоёр аймгийн нэг хошуудын тэргүүн Очирт цэцэн ханы ганц охин Анутай гэрлүүлнэ. Очирт цэцэн бол дөрвөн Ойрадын холбооны чуулганы тэргүүн байсан Ойрадын томоохон удирдагчдын нэг. Тиймдээ ч Галдан зүүн гарын улсыг нэгтгэн хаан ширээнд суухаар болоход Очирт цэцэн хан өөрийн мэдлийг үгүй хийх гэлээ хэмээн хэсэг ноёдын хамт тэрслэн босно. Энэ тухай Галдан өөрийн шадар баатруудын хамт эцгийг нь дайлаар мордох болсноо дуулгахад Ану эр нөхрөөсөө сөхрөн уйлж, эцгийнхээ амийг гуйж байсан ч төр улсын минь хэрэг тэргүүнд хэмээн нөхрийнхөө шийдвэрийг дэмждэг. Юм-Агас хатан Ануг төрийн хэрэгт бүү хутгалдуул, эм хүн төрд сүлбэлдээд дэмий хэмээн Галданг Ану хатны эсрэг байлгадаг байсан ч энэ бүхний эцэст түүний хатан ухааныг үнэлэн хүүдээ захиасаа хэлээд тэнгэрт хальдаг. Ану хатны эцэг Очирт цэцэн тэрхүү тулааны дараа өөрийн хийсэн болчимгүй үйлдэлдээ үр хүүхдээ хүртэл хэлмэгдэж байсныг ухаардаг ч насан эцэслэдэг.

Ану  хатан монголчуудын өөр хоорондоо хэмлэлдэн байлдаж байсан тэр гашуун үед ухаант хатад ямар үүрэг гүйцэтгэж байсан тухай өгүүлдаг. Монголын түүхийн тэмцэл, тулаантай үе үеийн хатад ухааны ур тэгширсэн, төрт ёсны нэгэн тулгуур болсон эрхэм хүмүүс байсан тухай өгүүлэх энэхүү түүхэн жүжигт Манжид Халх монголын ноёд урваж, Ойрад Монгол хүчирхэгжин өөр хоорондоо хагаралдан тэмцэлдэж байсныг харуулах ба тэрхүү хүнд хэцүү цагт Ану хатан Тэрэлжийн Зуун модонд 1696 онд болсон тулалдаанд Манжийн бүслэлтийг бут цохиж, эр нөхөр Галдан бошигт, хайрт хүү, монгол  дайчдадаа аюулаас гарах гарцыг зааж, өөрөө амь эрсдэж буйг үзүүлдэг. 

“Ану хатан” жүжгийн “Гэгээн муза” наадамд нэр дэвшсэн байдлыг толилуулъя.

  • Драмын жүжгийн төрөлд шилдэг жүжиг: “Домогт Ану хатан” /УДЭТеатр/
  • Оны шилдэг жүжгийн найруулагч: Б.Баатар
  • Оны шилдэг жүжгийн зохиолч:·Б.Шүүдэрцэцэг
  • Оны шилдэг тайзны зураач: Я.Санжаасүрэн
  • Оны шилдэг хөгжмийн зохиолч: Б.Бямбабаяр
  • Оны шилдэг эрэгтэй гол дүр: Ц.Цэрэнболд “Ану хатан” жүжгийн Галдан бошгитын дүрээр
  • Оны шилдэг эмэгтэй гол дүр: Ц.Баясгалан “Ану хатан” жүжгийн Ану хатны дүрээр
  • Оны шилдэг эмэгтэй туслах дүр: С.Сарантуяа “Ану хатан” жүжгийн Юм-Агас хатны дүрээр
“Ану хатан” зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү


Г.Даша
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж