Үзэсгэлэнг Японы ЖЕТРО байгууллага, МҮХАҮТ-аас хамтран зохион байгуулж байгаа бөгөөд манай улсаас 30 компанийн 60 гаруй бизнес эрхлэгчид оролцож байна. Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын ажиллагаа 21-ний өдөр болж, Японы ГХЯ-ны дэд сайд Ю.Накано, Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн дэд сайд К.Янагисава, Японы парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга И.Кога, Зөвлөхүүдийн танхим дахь Япон, Монголын найрамдлыг бүлгийн дарга С.Эда, Японы ЛАН дахь Япон, Монголын харилцааг дэмжих нийгэмлэгийн дарга Ц.Такэбэ, Монгол улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар нар тус тус оролцов. МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл, ЖЕТРО-ийн ерөнхийлөгч Х.Ишигэ нар үзэсгэлэнд оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд болж буй энэхүү үзэсгэлэн Монгол, Японы худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа тус тус илэрхийлэв.
ЖЕТРО байгууллагаас Монголын үзэсгэлэнг дөрөв дэх удаагаа зохион байгуулж байгаа юм. Манай улсаас хүрэлцэн ирсэн бизнес эрхлэгчид гурван өдрийн турш үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ японы бизнесийнхэн, хэрэглэгчдэд танилцуулж, японы талтай хэлхээ холбоогоо бэхжүүлэх, шинээр холбоо тогтоох зэргээр ажиллах юм гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.