Спрайт супер лигийн плей-офф өнөөдөр эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.24-нд нийтлэгдсэн

Спрайт супер лигийн плей-офф өнөөдөр эхэлнэ

“TLG-13” ТББ болон “MCS Кока кола” компани хамтран зургаа дахь жилдээ зохион байгуулж буй Спрайт супер лигийн плей-оффын шатанд шалгарсан шилдэг найман багийн тоглолт өнөөдөр “Тэмүүжин” спорт зааланд эхэлнэ. Лигийг нэг ч хожилгүй тэргүүлэгч, 2011 оны Спрайт хөгжлийн лигийн аварга, үндэсний шигшээ багийн тоглогчид болох Г.Ихбаяр, Б.Мөнболд, О.Ууганбаяр тэргүүтэй "Танан Импекс” баг, улирлын сүүлийн тоглолтуудад плей-оффын эрхээ авсан лигийн тэргүүн тоглогчидтой "Хөвсгөл нэг үе" багтай плей-оффын шатанд сугалаа таарсан байгаа. Харин хүснэгтийн хоёроор 2011 оны Спрайт хөгжлийн лигийн хүрэл медалийн эзэн "Эрдэнэдрийлинг RIGS" баг, тус хөгжлийн лигийн шагналт дөрөвдүгээр байр, лигийн шилдэг багуудын нэг “УБЦТС ХК” багтай таарсан байна. Энэ жил цом хамгаалан тоглож буй Спрайт супер лигийн хошой аварга ИНЕГ-ын “Буянт-Ухаа” баг 2010 оны Спрайт супер лигийн аварга “Хасу мегаватт” ХХК-ийн “Мега старс” багтай учраа таарчээ. Хоёр аваргын тоглолт ширүүхэн, өрсөлдөөнтэй болох биз ээ. Мөн энэ жил лигийн хүчирхэг багуудын нэг “Хаан” банк багийн М.Төрмөнх, Д.Төгөлдөр, “Баянзүрх Буллс”багийн тоглогч байсан Б.Билгүүн нарыг эгнээндээ нэгтгэсэн “ОТИС" баг, Спрайт супер лигийн “Орчлон Мон торх” багууд плей-оффын эхний шатанд таарлаа.

Харин  Спрайт супер лигийн 2012 оны улирлын “Бүх оддын тоглолт” энэ сарын 31-нд Эрдэнэт хотын “Хангарьд” спорт цогцолборт болох гэж байна. Лигийн аялан тоглолтын хүрээнд, хөдөө орон нутагт анх удаа “Бүх оддын тоглолт”-ыг өмнөх жилүүдийнхээс онцлогтой зохион байгуулах юм байна. Бүх оддын тоглолтын үеэр лигийн шилдэг тоглогчид хоёр багт хуваагдан өрсөлдөнө. Мөн хамгийн сайн холбогчийг тодруулдаг “Ур чадварын тэмцээн”, үзэгчдийн хамгийн их үзэх дуртай “Слэм данкийн тэмцээн”, “Two ball”, “Гурван онооны шидэлтийн тэмцээн”, үзэгчдийн дундах тэмцээн гээд маш олон, сонирхолтой тэмцээн, сюрпризтэй болох юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж