Хувьцаа эзэмшигчид шүүхэд хандах эрхтэй

Хуучирсан мэдээ: 2012.03.24-нд нийтлэгдсэн

Хувьцаа эзэмшигчид шүүхэд хандах эрхтэй

Компанийн тухай хууль батлагдсанаар хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг төрөөс хэрхэн хамгаалах болсон тухай өчигдөр Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан байцаагч Т.Жамбаажамц Хэвлэлийн хүрээлэнд сэтгүүлчидтэй дугуй ширээний ярилцлага хийлээ.

Компанийн тухай хууль анх 1999 онд батлагдсанаар аж ахуйн нэгжүүдийн бүтэц, зохион байгуулалт, удирдах болон гүйцэтгэх эрх мэдлийг хуулийн дагуу зааж өгсөн. Харин өнгөрсөн оны арваннэгдүгээр сард уг хуулийг шинэчлэн баталсан бөгөөд үүнд, зөвхөн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг түлхүү тусгаж өгсөн байна. Тодруулбал,  жижиг хувьцаа эзэмшигч хүмүүс брокерийн компанид хувьцаагаа зөвшөөрөлгүйгээр алдсан болон өөрт ирэх ногдол ашгаа авч чадаагүй бол шүүхэд хандах бүрэн эрхтэй болсон юм байна.

Санхүүгийн зохицуулах хороонд ирдэг нийт өргөдлийн 70-80 хувийг жижиг хувьцаа эзэмшигчийн гомдол эзэлдэг гэнэ. Энэ нь брокерийн компани хувь хүний, жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьцааг зөвшөөрөлгүйгээр худалдаж ашиг олсон зөрчил илэрдэг гэнэ. Түүнчлэн хөрөнгийн зах зээлийн ашиг орлого үнэмлэхүйц өндөр гэдгийг дугуй ширээний ярилцлагаар онцолсон. Тухайлбал, Монголын томоохон брокерийн компани болох  “BD Sec” ХХК анх хувьцаагаа 100 төгрөгөөр гаргаж байсан бол одоо 5000 төгрөгийн үнэтэй болсон гэнэ. Энэ нь хөрөнгийн зах зээлийн эргэлт, хувьцааны ашиг орлого ямар хурдацтай нэмэгдэж байгааг харуулж буй ажээ. Эдгээр хөрөнгийн зах зээлтэй холбогдох, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийн талаар болон компанийн доторх эрх мэдлийн харилцааг зохицуулах асуудлыг Компанийн тухай хуулийн дагуу зохицуулах юм. Тиймээс хөрөнгийн зах зээлийн салбарт ажилладаг брокерийн компани, хувьцаа эзэмшигчид болон бусад салбарын бүхий л хувьцаа эзэмшигчид, аж ахуй нэгжүүд хуулиа сайтар мэдэж, мөрдөж байхыг Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан байцаагч  Т.Жамбаажамц онцолж байлаа.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж