Дараа нь, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамны Хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Ананд Элчин сайд Х.Бэхбатын мэндчилгээг уламжилж, тус байгууллагын 10 жилийн ой тохиож байгаад баяр хүргэхийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газраас “Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” батлагдсан болохыг судлаач эрдэмтдэд танилцууллаа.
АМСТ-ийн хурлын үеэр Монгол соёлын төвийн Удирдах зөвлөлийн гишүүн С.Энхцэцэг төвөө танилцуулж, АНУ дахь Монгол соёлын төв, Торонто хотын монголчуудын холбоо, Торонто хотын Хазара монголчуудын нийгэмлэгтэй хамтран урлагийн тоглолт, хүлээн авалт зохион байгуулав.
Дээр нэр дурдагдсан хүмүүсээс гадна тус хуралд Монгол Улсаас Канад Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх Д.Ганболд, Монгол соёлын төвийн тэргүүн М.Саруул-Эрдэнэ, Удирдах зөвлөлийн гишүүн Н.Ундрам, Торонто хотын монголчуудын холбооны дарга Ю.Оюунхишиг, дэд дарга Г.Содномдорж, гишүүн Ц.Цогбаяр, Монгол нийгэмлэгийн Ерөнхийлөгч А.Кэмпи, гүйцэтгэх захирал С.Дрост, Конгрессийн номын сангийн монгол-түвд номын эрхлэгч С.Мэйнхэйт, Торонто хотын Хазара нийгэмлэгийн тэргүүн Ж.Чангези, Монреаль хотын Монголчуудын холбооны төлөөлөгч н.Баярсайхан зэрэг нийт 80 орчим хүн оролцлоо.
Гуравдугаар сарын 17-нд Монгол нийгэмлэгийн хуралдаан болов. “Монгол нийгэмлэг” өнгөрсөн жилийнхээ үйл ажиллагаа, санхүүгийн байдал, шинэ гишүүдээ танилцуулсан бөгөөд Монгол Улсаас Канад Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх Д.Ганболд Монгол-Канадын харилцааны тухай гол илтгэл тавив.
Хурлын үйл ажиллагаа Торонтогийн их сургуульд үргэлжлэн Э.Нэфийн бүтээсэн Монгол уул уурхайн тухай баримт киног үзүүлж, дугуй ширээний ярилцлага хийсэн байна. Ярилцлагад Хойт Америк Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн С.Саундерс, доктор А.Кэмпи, Торонтогийн Их Сургуулийн профессор Ж.Пуртл нар оролцож, Монголын уул уурхай, байгаль орчин, боловсролын талаар саналаа илэрхийлэв гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.