
Тус арга хэмжээний хүрээнд Туул голын усны дээжийг авч, тэргүүн хамба болон лам нар аравнайлан Улаанбаатар хотын төв талбай хүртэлх 3,5 км газарт 3000 хүнээр дамжуулан Туулын усыг өртөөлүүлэх юм. Туулаас аравнайлж авсан усаа Ерөнхий сайд С.Батболд, БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар, Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарт ёсчлон гардуулах юм байна. Мөн дугуйн спортын 15 тамирчин, есөн мотоцикль, 10 спорт машин оролцсон хүндэтгэлийн парадыг зохион байгуулж байна. Түүнчлэн нийслэлийн иргэдийн ундны усны эх үүсвэр болсон Туул голыг хамгаалах хууль эрх зүйн орчин бий болгоход зориулж, 200 мянга гаруй иргэний саналын хуудсыг БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар болон Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр нарт хүргүүлэх аж.