AIBA-гийн ерөнхийлөгч ”Алтан гадас” хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.03.24-нд нийтлэгдсэн

AIBA-гийн ерөнхийлөгч ”Алтан гадас” хүртлээ

Монгол
Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Олон Улсын Сонирхогчдын Боксын
Холбоо /AIBA/-ны Ерөнхийлөгч доктор Чинг Ко Вүг хүлээн авч, уулзан,
Монгол Улсын боксын спортыг тив дэлхий, олон улсын тавцанд сурталчлан
таниулах, боксын спортыг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр
үнэлж, Алтан гадас одонгоор шагнав.

Шагнал гардуулсны дараа
ОУСБХ-ны Ерөнхийлөгч ноён Чинг Ко Вү хэлэхдээ, “Миний бие Монгол Улсад
хоёр дахь удаагаа зочлон ирж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч таныг бүс
нутагтаа төдийгүй дэлхийд танигдсан ардчилсан үзэл санааны удирдагч,
түүхэн хүн гэдгээр нь хүндэтгэж явдаг. Танай орон бол эрт үеийн
түүхээсээ эхлээд тулааны урлагийн өндөр их өв соёлтой, уламжлал дүүрэн
ард түмэн. Монгол Улсад боксын спорт үе өртөөлөн хөгжиж ирсний том үр
дүн бас амжилт нь 2008 оны Бээжингийн олимпийн амжилт байсан. 2012 онд ч
бас их зүйлийг хүлээж байгаа. Энэ удаагийн олимпоос эхлэн эмэгтэй
боксын төрөл нэмэгдэж, гурван жинд хүч үзэхээр болж байгаа. Энэ мөчид
Монгол Улсад Азийн аварга шалгаруулах эмэтгэйчүүдийн боксын зургаа дахь
удаагийн тэмцээн зохион байгуулагдаж буй нь ач холбогдолтой юм. Цаашид
Монголын боксын спортыг дэмжиж өөрийн холбооны удирдах бүрэлдэхүүн,
хороодод монгол хүнийг дэмжиж ажиллуулах сонирхолтой байгаа. Цаашлаад
тамирчдын бэлтгэл сургуулилт, дасгалжуулагчдын ур чадвар төдийгүй
спортын амжилт гаргахад онцгой нөлөөлөх техник тоног төхөөрөмж,
технологийн дэвшлийг сайжруулханы тулд их зүлийг хийх шаардлагатай.
Үүний нэг нь Монгол Улсад азийн “Training center” буюу бэлтгэл
сургуулилтын төв байгуулах боломжийг ч судлах хэрэгтэй. Дэлхий дахинд
улс орон, бүс нутаг, тив дэлхий, олон улсын хэмжээнд жилдээ 4000 орчим
боксын жижиг том тэмцээн уралдаан зохион байгуулагддаг. Монгол Улс нь
сүүлийн жилүүдэд эдийн засгийн өндөр хурдацтай хөгжиж байгаа, өөдрөг
ирээдүйтэй орон. Энэ ч үүднээс та бүхний боксын спортыг дэмжсэн бодлогыг
манай холбооноос хамгийн сайнаар дэмжиж байхыг эрмэлзэх болно” хэмээв.

Дараа
нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ, “Боксын спорт бол Монголчуудын
удамд хадгалагдсан, оюун санааны мөн чанарт шингэсэн тулааны урлагийн
нэг төрөл. Дэлхийн их гүрэн байгуулж байсан үндэстний  дайтах хийгээд
тулааны урлагийн түүх бол баялаг уламжлалтай байх нь мэдээж. 2008 онд
Монгол Улс боксын төрөлд Олимпийн алт мөнгөн медалын эзэд болсны дараа
манай өсвөр үеийнхэн энэ спортоор амжилттай хичээллэх урам илүү их
дэлгэрсэн. Таны манай улсын боксын спортыг дэмжиж байгаа үйлсэд тань
талархал илэрхийлэн цаашдын тань спортын төлөөх ажил үйлсэд өндөр амжилт
хүсч байна” гэв.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж