Хуучирсан мэдээ: 2012.03.24-нд нийтлэгдсэн

Хаврын уулсын замаар

Халуун намраараа Ховд

УИХ-ын
дарга Д.Дэмбэрэл намрын чуулганы завсарлагаар Ховд, Баян-Өлгий аймагт
энэ сарын 18-22-нд ажиллалаа. Ховд аймгийн өндөр уулын бүсийн сумд болох
Цэцэг, Мөст, Дуут, Мөнххайрхан, Ховд руу УИХ-ын дарга энэ удаа УИХ-ын
эрхэм гишүүн С.Бямбацогт, ХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нарын хамт аяны
жолоо залав.

Ховд хотод буухад хавсаргатай хавар бус тос даасан
халуун намраараа дүр төрх угтав. Ер өвөл болоогүй мэт. Хотын төв талбайд
Хатанбаатар Магсаржавын нэрэмжит зэвсэгт хүчний 123 дугаар ангийн
хүндэт харуул жагсч эрхэм спикерт хүндэтгэл үзүүллээ. Ховд хотыг 100
жилийн тэртээ чөлөөлж Манжийн амбаныг үлдэн хөөснөөс авахуулаад өдгөө
цагт дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулж яваа дайчин түүхтэй домогт
Ховдын хорооны дайчид Галдан бошигт, Ард Аюушийн хөшөөны өмнүүр яралзтал
алхаж баруун хязгаарын амар амгаланг айлтгалаа.

Галдан бошготын
буурь дугуйлснаас тоолбол энэ жил Ховд хотын 350, одоогийн энэ газраа
төвхнөснөөс хөөвөл 250 жилийн ой тохиох гэж буйг аймгийн Засаг дарга
Г.Нямдаваа УИХ-ын даргад хэллээ. Эндээс үзвэл Ховд хот нь насаараа
нийслэл Улаанбаатарын дараа орох Монголын хоёр дахь том суурин газар
ажээ. Аймгийн төвд дөнгөж дөрөө мултлаад УИХ-ын даргын цуваа шууд Цэцэг
сум руу гарсан юм. Эхний сумыг зорих зам зуур нар нуугитал төөнөж замын
хоёр талаар өнжмөл борог хөхөлбөр шаргал туяа татуулах нь ид намрын
цагийг санагдуулна. Зам зуур тааралдах тэмээдийн бөх туг ширээ, адууны
зоо бөнбөн туулай. Машины бараанаар үргэн цахилах хонь, ямаадын хөл
чанга, царигтай орсон нь илт. Сарлаг голдуу үхэр сүрэг ч намрын таргатай
харагдана. Нутгийнханы яриагаар өнгөрсөн өвөл “ялаагүй зун” болжээ.

Ингэ
ботголоод эхэлчихэж. Хөөрхөн бор ботго эхээс дөнгөж унаад тэнцэж ядан
ахуйд цаахна нь хорвоотой арай хэд хоногийн өмнө “танилцсан” нэг нь
ээжийгээ түшин зүүрмэглэнэ. Айлуудын хотонд хурга, ишиг хуурсан арвай
шиг бужигнаж, идээ цагаа элбэгшиж, эзэгтэй нар орсон гарсныг шинэхэн
уургаар дайлж луу жилийн хаврын тэргүүн сарын хуучдаар хүн, малын зоо
тэнийжээ.

Ийн явсаар домогт Ард Аюушийн нутаг Цэцэг нуурын
хөвөө, Цэцэг суманд үдшийн бүрийгээр хүрэв. Ард Аюушийн жич охин, сумын
дунд сургуулийн ахлах менежер н.Лхагвасүрэн багш нарын хамт УИХ-ын
даргыг дагалдан явсан багийнхныг хүлээн авсан нь бас л сонин учрал. Ард
Аюушийн махаа барагдтал заргалдаж явсан Маньбадар гүнгийн удам
угсааныхан байдаг ч ихэнх нь хот хүрээ бараадан нүүцгээжээ. Хоёр
талынхны удам хэдэн үе солигдон одоо хэн хэнийгээ гэлтгүй нэгэн нутаг
усныхны ёсоор аж төрж, өвгөдийн тэмцэл түүх болон үлдсэн байна. 

Цэцэгийн
хувьд Ховдоос өндөр хүчдэлд холбогдоогүй ганц сум. Орой нарны зайгаар,
үдшээс дизель станцад шилжүүлэн хэсэг гэрэлтүүлж байгаад 00.00 цагт
салгаж сумыг харанхуй нөмөрнө. Гэхдээ энэ байдлаас тун удахгүй салж
өндөр хүчдэлд холбогдоно гэсэн таатай хүлээлт сумынханд бий. Очсон
сумдаас хөгжлөөр арай тааруу нь Цэцэг юм. Тиймдээ ч нэлээд хөрөнгө татах
амлалтыг спикерээс авч чадлаа.

“Бартаат замын авто ралли”

УИХ-ын
дарга энэ удаа хамгийн өндөрлөгт оршдог, хамгийн бартаатай сумдыг
зорьсон юм. Алтайн уулсын салбаруудыг хэжиж, дундуураа голтой гүн гүн
хавцлаар өгсч уруудан өдөр ч, шөнө ч цуваа довтолгов. Голын толь шиг
мөсөн дээгүүр явах үе ч тохионо. Нутгийн жолооч нарын жолоодох урлаг нэн
өндөр. Туршлагагүй жолооч нийслэлийн төв замын онгорхой цоорхойд бүдчиж
түгчин явдаг байхад Ховдын “ралличууд” хайрга туучин давхих хэрнээ хар
замаар яваа мэт жигдхэн сүнгэнүүлнэ. Замын бартаа их, огцом өгсүүр, уруу
үргэлж тааралдах тул бид цуваандаа “бартаат замын авто ралли” хэмээх
нэр оноов. Хаврын уулсын замаар сүлжин өгсч уруудахад алсад цайрах мөнх
цаст Жаргалант хайрхан, Сутай хайрхантай нэг үе чацуурах мэт өндөрт
гарах атлаа тун удалгүй бэлтэй нь зэрэгцэн доошилно. Монгол Улсын
хамгийн өндөр цэгт байрлах сумд Ховд аймгийн тэхий дунд байх аж.
Мөнххайрхан сум далайн төвшнөөс 2100, Дуут сум 2400 метрийн өндөрт
оршино. Нэг ёсондоо Богд Дүнжингаравын оройгоос ч өндөр газарт эдгээр
сумд суурьшжээ. Эргэн тойрон хурц шовх оройтой халил улаан уулс дүнхийж,
тув тунгалаг устай уулын гол харгиатах нь үзэсгэлэнтэй. Хаврын тэргүүн
сар дөнгөж шувтарч, өндөр уулын сумдад өглөө оройдоо хүйтрэн үе үе
хавсрага салхи дэгдэж байсан ч цаг нь ирсэн тул голууд харзалж эхэлжээ.
Малчид
өвөлжөөндөө байшин барин тохижиж, олон сувгийн телевиз үзэж, гадаад
дотоодод болж байгаа үйл явдлыг хотынхноос дутахгүй мэдэхээр барахгүй
мад тавих шинжтэй. Цэцэг сумын малчин С.Минжин, Мөнххайрхан сумын Цэнхэр
багийн Индэрт хэсгийн малчин Н.Чоглом нарынд буугаад мордоход тийм
байв. Модгүй газар тул малдаа чулуун хороо, шавар хашаа барьжээ. Сумын
төвийн айлууд ч шавар блокон хашаатай. Гэм нь цөөхөн жил халхавч болоод
бутраад унадаг ч хольцгүй шавар тул хог болохгүй, салхины аяар таран
хөрстэйгээ тэгширдэг гэнэ. Эртний хүний сүг зургаараа алдартай Цэнхэрийн
агуй, сэнжит хад, алдарт Цамбагарав хайрхан, Мянган угалзатын нуруу
гээд түүхт хийгээд үзэсгэлэнт газрууд хаврын уулсын замаар довтолгож
явахад замын дагуу үргэлжилнэ. Мянган угалзатын нуруу нэг хэсэг эзгүйрэх
шахсан ч өдгөө аргаль, янгирын тоо толгой 300-400 дөхжээ. Улаан номд
орсон цоохор ирвэс ч олширч гэм нь айлын малаас зооглох болсон гэнэ.

Өндөр
өндөр хавцлын завсар айлууд хаваржиж байна. Чухам тооноороо малаа
хардаг айлууд тэр ажээ. Тооноор хавцлын орой харагдана. Хавцлын оройд
сарлаг сааглаж ямаа сортойно. Эзэгтэй цайгаа самрангаа малаа харна. Нэг
талыг нь ууланд шахаж барьсан чулуун хороонд төл бужигнана. Үхэр
харгана, шаваг тэргүүтнийг малын аргал хорголтой холин түлш залгуулна.
Хавцал шувтарч задгайд гарч ирэхэд явж явж ганц айл тааралдана. Тэр
айлууд “Монгол Улсын нутаг дэвсгэр энэ мөн” гэдгийг баталгаажуулан
гэрийн буйраараа газраа тамгалан жинхэнэ эрхэмсэг оршихуйгаар аж төрөх
мэт санагдана. Хязгааргүй зэлүүд уудам нутагт амь оруулж газар шороондоо
эзэн суусан тэдэнд талархал илэрхийлмээр.

Шинэ өдрийн баяр

УИХ-ын
дарга дараа нь Баян-Өлгий аймагт ажиллалаа. Ховд аймгийн казах сум
болох Ховд сумаас Шинэ өдөр-Наурызын баяр эхлэв. Ховд сумын олон иргэн
“Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, салбарын шангалуудаар
энгэрээ мялаалгав. Цаашаа Баян-Өлгийн нутагт ороход 1921 онд алдарт
Хасбаатар, Байкаловын партизанууд цагаантны генерал Бакич, Кайгородов
нарын цэрэгт бүслэгдэн 42 хоног хөвөөнд нь тэмцсэн Толбо нуур цайвалзаж
угтав.

Домогт нутгаар давхисаар Өлгий хот орж, гуравдугаар сарын
22-нд УИХ-ын дарга Наурызын баярт оролцлоо. Шагналын хур гэдэг жинхэнэ
утгаараа Өлгийд бууж Наурызын “битүүн”-д гурван гавьяат төрж, олон олон
хүн төр, засгийн шагналаар энгэрээ мялаалгав. Наурызын өдөр Өлгийн төв
талбайд казах гэрүүд барьж баярын жагсаалд оролцогчид болоод УИХ-ын
дарга, дагалдан явсан гишүүд, сайд нарыг баярын гол хоол болох көжө
шөлөөр дайллаа. Махны шөлөнд аарцтай буцалгасан будаатай көжө, шинэхэн
айраг, шаргалтсан сүүтэй цай баярын идээ будааны дээж. Гүүгээ өвөлжин
барьдаг казахчууд саам амтагдсан шинэхэн айраг сөгнөсөн нь сонихон.
Цагаан тэмээ унасан өвч цагаан өмсгөлтэй аксакал бата ерөөл айлтгаж,
Кыран бүргэд гар дээрээ өргөсөн анчид сүрийг үзүүлж, морьтон эрчүүд хөх
ямааны тулам булаалдаж, хурдан морьтой бүсгүй зуларч зугтсан залууг
гүйцэн ташуураар ороолгодог “Кыз хуар” наадмаас харуулж,  домборын
аялгуу эгшиглүүлж олон сонин үзүүлбэртэй иргэдийн жагсаал Өлгийн төвд
үргэлжилж казах түмэн луу жилээ угтлаа.

Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж