Тэнгэрт хальсан эрхэм хүнд

Хуучирсан мэдээ: 2012.03.24-нд нийтлэгдсэн

Тэнгэрт хальсан эрхэм хүнд

Харуусалтай мэдээ дуулав. Хөгжмийн зохиолч, УГЗ Чойгивийн Сангидорж тэнгэрт хальжээ. Аатай, амтай, эрчтэй, эрчимтэй нэгэн эр бидний дундаас явсан гэж бодохоор харамсмаар. Идэр залуухан Мөөеө аварга шиг ихээ аатай хүн байлаа, Санги ах.  Чадалтай хүний зан гэж түүнийг хараад боддогсон. Тасхийсэн өвлийн сэнгэнэсэн сэргэлэн жавар шиг эрчим хүчийг түүнээс мэдэрдэг байлаа. Өөрийн гэх ертөнцдөө түүн шиг бардам амьдрах, түүгээрээ бал бурам мэт тэтгэгдэн толгой дээгүүр алхах зиндаа өндөр эр хүний нуруу өнөө цагт дэндүү ховор болсон шиг санагддаг.

“Хөгжимчний гар хүн алахгүй байх гэж бодоод дөрвөн хүүхдээ дөрвүүлэнг нь төгөлдөр хуурч болгосон” гэж түүний ярьж байсан санаанд оров. Удам залган хөгжмийн хүн болгох гэж юм уу, эсвэл авьяасаа өвлүүлэн сайн хөгжимчин болгох гэж гэсэн тайлбарыг тэр хийгээгүй. Зүгээр л зөв хүн болгох гэсэн эцгийн сэтгэлд хамгийн ойр бөгөөд зөв зам нь хөгжим байж. Өнөөдөр түүний хүүхдүүд аавынхаа нэрийг улсынхаа далбаатай хамт хилийн чанадад хөгжмийн эгшгээр мандуулж яваа.

Урлагийн гавьяат зүтгэлтэн болсных нь дараа түүнээс ярилцлага авахаар утсаар ярьлаа. Эмнэлэгт байж байна. “Яасан бэ? Бие зүгээр үү?” гэхэд “Яахав дээ, энэ гавьяатын тэмдгийг чинь хэд хоног зүүхээ бодъё доо” гээд хөхөрч байна. Түүний зан яг л ийм.

Ард түмэн түүнийг “Зулай цагаан Алтай” дуугаар нь мэднэ. Бас “Монгол далай” дууг нь ч аялдаг. Түүний урын санд  500 гаруй нийтийн дуу бий. Мэргэжлийн хөгжмийн зохиолчийн хувиар туурвисан симфони сонатууд, симфони удиртгалууд, төгөлдөр хуурын концертууд, хөгжмийн найруулгууд гээд дан хөгжмийн бүтээлүүд олныг туурвисан хүн. “Морин хуур” наадмын шилдэг дууны шагналыг хоёр ч удаа хүртэж байсан. Харин тэр “Манай Баянхонгорынхон намайг юу ч хийдэг юм нэг нөхөр ингээд яваад л байдаг юм, дуу муу бичдэг л гэсэн гэж боддог ш дээ” гээд хоржоонтой инээж байсан сан.

73-ныхаа жил дээр тэр тэнгэрт халив. Бие нь чилээрхүү сар гаруй болжээ. Өнгөрсөн оны сүүлчээр охин нь Испаниас ирж аавынхаа тайлан тоглолтыг хийсэн. Сүүлчийн тоглолт нь байж. Гэхдээ тэр туурвисан бүтээлүүдээрээ, авьяаслаг үр хүүхдүүдээрээ дамжин бидний дунд амьдарсаар байх болно.

Эрхэм хүн Чойгивийн Сангидоржтой ДБЭТ-т даваа гаригийн өглөөний 08.00-09.30 цагт салах ёс хийнэ. Тэнгэрийн орон таны аялгуугаар хөглөгдөн баясах болтугай.

Б.ЦАЦРАЛ
ArtLar House
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж