“Жинхэнэ гэрээ мөн, биш эсэхийг бид мэдэхгүй”

Хуучирсан мэдээ: 2012.03.23-нд нийтлэгдсэн

“Жинхэнэ гэрээ мөн, биш эсэхийг бид мэдэхгүй”

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар өнөөдөр Орон нутгийн сонгуулийн тухай хуультай холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлэгт Засгийн газрын зүгээс хариуг нь өгч буйгаа мэдээлэх үеэрээ “УИХ-ын гишүүн Х.Баттулга нь Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа төмөр замтай холбогдох нууц гэрээ байгуулсан байсан. Тэрхүү гэрээг харсан. Энэхүү нууц гэрээг олон нийтэд харуулж эргэлзээг тайлах цаг болсон” гэж мэдэгдэн Зам тээвэр барилга хот байгуулалтын яамныхан энэ талаар мэдээлэх ёстой” гэсэн билээ. Энэ дагуу тус яамны дэд сайд Т.Пүрэвдорж тэргүүтэй албаны хүмүүс Төрийн ордны “Г” танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Зам тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд Т.Пүрэвдоржийн хэлснээр бол энэхүү нууц гэрээ нь “Төмөр зам хөгжүүлэх тухай” нэртэй хамтарсан гэрээ аж. Тэрбээр “Жинхэнэ эх хувь нь Зам, тээвэр барилга хот байгуулалтын яаманд байхгүй, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас авсан тул “Жинхэнэ гэрээ юу, үгүй юу” гэдгийг бид мэдэхгүй. Яагаад гэвэл манай яаманд хадгалагдаж байгаа бичиг баримтууд дотор энэ гэрээ байхгүй. Гэхдээ энэ гэрээний ар талд манайд сайд байсан хүн гарын үсэг зурсан байгаа. Гарын үсэг нь манай сайдынх мөн тул бид энэ асуудлыг ярьж байна. Байгаа юмыг байгаагаар нь мэдээлэх үүрэгтэй” гэсэн юм. Түүнээс сэтгүүлчид “Гэрээг байгуулахын тулд бодлогынх нь яаман дээр боловсруулах учиртай. Ядаж гэрээг боловсруулсан хүн танай яаманд байгаа биз дээ” гэж асуухад “Манай яамны төвшинд энэ гэрээг боловсруулсан эзэн гэж байхгүй. Яагаад гэвэл яаманд хийгдээгүй, хоёр аж ахуйн нэгжийн хооронд хийгдсэн гэрээг сайд зөвшөөрсөн байна. Энэ бүхнийг бид бүрэн мэдээлэх бололцоо алга” гэсэн юм. Түүнээс сэтгүүлчид дараах асуултад хариулт авав.

-Дэд сайдаар ажиллаж байж яагаад ийм гэрээ байгуулсныг та мэдээгүй юм бэ?

-Бүх гэрээг яамны сайд мэддэггүй, төмөр зам хариуцаж байсан дэд сайд нь тухайн үед А.Гансүх байсан. Ардчилсан нам засгаас гарсан, тийм учраас яагаад ийм юм болсон бэ гэдэгт би хариулт өгч чадахгүй. Шаардлагатай гэвэл А.Гансүхээс өөрөөс нь тодруулсан нь дээр байх.

-Засгийн газрын хуралдаан дээр та “Тусгай баг ажиллаж байсан учраас ийм гэрээ байгуулсныг мэдээгүй” гэдэг тайлбар хийсэн юм биш үү?

-Тийм тайлбар би хийгээгүй. Яагаад гэвэл төмөр замын бодлогын асуудлыг манайх хэрэгжүүлэх явцдаа, яамны дэргэд төслийн нэгж байгуулаад тэнд ажил явагдаж байсан учраас яамны бодлогын газар дээр тэр бүх асуудал яригддаггүй байсан учраас бодлогын газрынхан мэдэхгүй гэдгийг Засгийн газрын хуралдаан дээр би хэлсэн. Тийм учраас одоо тэр төслийн нэгж дээр хийгдэж байсан асуудлууд л яригдаж байна л даа.

-Энэ гэрээнээс болж Тавантолгой болон бусад асуудлууд зогсонги байдалд орсон гэж байгаа. Тийм ноцтой гэрээ байсан юм уу?

-Энэ гэрээнээс болж тэр мэт ажил зогссон эсэхийг би мэдэхгүй. Яамны сайд нар ажлаа хуваарилаад авдаг, би бол барилга зам, гэх мэт асуудлыг хариуцаж байсан. Нөгөө сайд төмөр замын асуудлыг хариуцдаг байсан. Асуудлыг яаж шийдэх нь тухайн сайдын өөрийнх нь эрх байдаг, энэ хүн төмөр зам хариуцна гэж үзсэн. Харин би өөрийнхөө үүргийн дагуу бодит байдлыг л тайлбарлаж байна.

-Х.Баттулга гишүүн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд байхдаа нууцаар гэрээ байгуулсан учраас “нууц гэрээ” гэж нэрлээд байна уу, эсвэл угаасаа нууцын зэрэглэлд хамаарах гэрээг нь ингэж дэлгээд байна уу?

-Нууц мөн үү, биш үү гэдгийг хянан шалгадаг Тагнуулын байгууллагаас эхлээд өдий төдий газар бий. Бид бол үүнд үнэлэлт дүгнэлт өгөх эрх байхгүй. Тийм учраас бодит байдлыг уламжлахаар ирсэн.

-Гэхдээ Хууль зүйн сайд “Х.Баттулга нууц гэрээ байгуулсан байсан” гэж мэдэгдсэн шүү дээ?

-Энэ гэрээ англи, монгол хэл дээр байна. Энэ гэрээ яг жинхэнэ гэрээ юу, үгүй юу гэдгийг би мэдэхгүй. Ганц юмыг би мэднэ, гарын үсэг нь бол сайдынх байна гэдгийг. Би гурван жил хамт ажилласан учраас. Яаж гарын үсгээ зурдаг вэ гэдгийг мэднэ. Лавшруулж асууна гэж байгаа бол угаасаа яаман дээр байхгүй учраас хэлэхгүй боломжгүй. Одоогийн энэ гэрээ бол эх хувь нь биш, эх хувь ингэж явах учиргүй.

-Нууц гээд биччихсэн зүйлийг хөдөлгөж болохгүй биз дээ, та бүхэн аваад ирж?

-Хэлсэн шүү дээ, яаман дээр алга аа тэр гэрээ нь гэж. 

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж