Аялал жуулчлалаас олох орлого 32.5 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2012.03.23-нд нийтлэгдсэн

Аялал жуулчлалаас олох орлого 32.5 хувиар өсчээ

“Аялал жуулчлал-ХХI” зуун үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд боллоо. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулсан энэ удаагийн чуулганд аймаг, нийслэл,  хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн 700 орчим төлөөлөгч оролцож тулгарч буй бэрхшээлүүдийг хөндсөний зэрэгцээ цаашид аялал жуулчлалыг эдийн засгийн өсөлтийг дэмжих хөшүүрэг болгохын тулд бодлогын төвшинд ямар эрх зүйн зохицуулалт хийх, хувийн хэвшлийнхэн хэрхэн биенээ нөхөж ажиллах шаардлагатай, боловсон хүчнийг бэлтгэхэд их, дээд сургуулиуд хэрхэх гээд олон асуудлыг ярилцлаа.

Дэлхий дахины даяарчлалын дүнд олон улсын аялал жуулчлал жилээс жилд өргөжиж, эдийн засгийн өсөлтөд томоохон хувь нэмэр оруулах болсон байна. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын албан ёсны мэдээгээр дэлхийн ДНБ-ний тав гаруй хувь, нийт экспортын зургаа орчим хувийг энэ салбарт ажиллагсад бий болгож байна. Жуулчдын тоо өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд 980 саяд хүрсэн бол энэ онд мөн өсөн нэмэгдэж нэг тэрбумд хүрэх тооцоо гарчээ. Тэгвэл Монгол Улсын хувьд ч аялал жуулчлалаас олох ашиг орлого өсч байна. Сүүлийн гурван жилийн байдлаар Монголд ирсэн жуулчдын тоо 11 хувиар, аялал жуулчлалаас олсон орлого 32.5 хувиар өссөн өөдрөг дүн мэдээ гарсныг Монгол Улсын Ерөнхий сайд чуулганд оролцох үеэрээ тэмдэглэлээ. Ингэснээр тус салбарын нийт орлого 282 сая ам.доллар болж, ДНБ-ний дөрөв орчим хувийг эзлэх болсон аж. Мөн түүнийг дагаад энэ салбарт нийт 25 мянга орчим ажлын байр бий болжээ. Цаашид аялал жуулчлалын салбарыг тогтвортой хөгжүүлэхэд төрөөс иргэдийнхээ эрүүл аюулгүй амьдрах, бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх таатай орчин нөхцөл бүрдүүлэх, ядуурал ажилгүйдлийг бууруулахад энэ салбарын гүйцэтгэх үүрэг чухал нөлөөтэйн зэрэгцээ байгальд халгүй экологид ээлтэй ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжих тэргүүлэх салбар болохын төлөө тэмүүлэх учиртай болж буйг мөн гүйцэтгэх засаглалын тэргүүн захилаа. 

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргасан судалгаагаар Монгол Улсад өнгөрсөн жил 457,514 жуулчин хүрэлцэн иржээ. Орнуудаар нь авч үзвэл Хятад улсаас 198191, ОХУ-аас 102733, БНСУ-аас 43994, Япон 14988, АНУ 15423, Герман 8545, Франц 7570, Их Британи 7120, Казакстан 7913, Австралиас 7093 жуулчин тус бүр зорин иржээ. Цаашид харин жуулчдын тоог өсгөж эдийн засагт оруулах бодит өсөлтийг бий болгохын тулд яах вэ. Энэ салбарт ажиллагсдын хэлснээр бол дэд бүтцийг хөгжүүлэх нь чухал болж байна. Үүнд нэн тэргүүнд авто замыг хөгжүүлэх асуудал багтаж байна. Жуулчид ирээд Монголын онгон дагшин байгальтай танилцахаар хүсэл тэмүүлэл болсоор ирэхэд зам гэж там байдаг. Дээр нь Монголд хүрэлцэн ирэхэд агаарын тээвэр хөгжөөгүй нь зорчин ирэхэд хамгийн том бэрхшээл дагуулж буйг жуулчид гомдоллодог байна. Нөгөөтэйгүүр аялал жуулчлалын компаниуд томрох шаардлагатай, үүний тулд тэдгээрт төрөөс татварын хөнгөлөлт үзүүлэх. Мөн аялал жуулчлалын бүс нутагт тэр дундаа тодорхой бүс нутагт ашигт малтмалын хайгуулын болоод ашиглалтын лиценз олгодоггүй байх гэх мэт саналуудыг гаргаж байлаа. Харин эцэст нь зөвлөгөөнд оролцогчид шийдвэр гаргагч нарт зөвлөмж хүргүүлэхээр тогтсон юм. Үүнд нэгдүгээрт, аялал жуулчлалын салбарт зарцуулах төсвийн орлогыг 2013-2015 онд таван тэрбум төгрөгт хүргэх, бүс нутагт уул уурхайн хайгуулын хийгээд ашиглалтын лиценз олгохгүй байх. Аялал жуулчлалын салбарт баримтлах стратегийн төлөвлөгөөг 2012-2021 он хүртэл боловсруулан УИХ-аар батлуулах, аялал жуулчлалын хүний нөөцийг бүрдүүлэхэд анхаарах. Тусгай хамгаалалтын тухай хуулийг УИХ-аар батлах, аялал жуулчлалыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх гэх мэт асуудал багтлаа.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж