“Хууль зүйн яам Монгол Улсын шүүх биш”

Хуучирсан мэдээ: 2012.03.23-нд нийтлэгдсэн

“Хууль зүйн яам Монгол Улсын шүүх биш”

Цагдаагийн хуучин удирддагуудад холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 14-ний өдөр болж, тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа. Үүнтэй холбогдуулан цагдаагийн удирдлагуудын хэргийн зүйлчлэл буруу, шүүх хууль бус шийдвэр гаргалаа гэх мэдээллүүд цацагдаж байгаа. Энэ талаар Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав өнөөдөр мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Тэрбээр “Цагдаагийн удирдлагуудад холбогдох  долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотой гарч буй маргаантай асуудлаар мэдээлэл хийх  шаардлага байгаагүй юм. Аливаа хэрэг шүүхээр шийдэгдээд явдаг, дараа нь шаардлагатай бол прокурор тайлбар өгдөг. Гэтэл энэ хэргийг хэтэрхий улс төржүүлж, хэтэрхий буруугаар тайлбарлаж, цаашид шүүн таслах ажиллагааны тасралтүй  үргэлжлэх зарчим алдагдах, шүүх хэвийн үйл ажиллагаа явуулж болохгүйд хүртэл нь дарамтлах, өндөр албан тушаалтнууд мэдэгдэл хийх зэргээр хуулийн байгууллагын ажилд бэрхшээл учруулах болсонтой холбоотойгоор, нөгөө талаар олон түмнийг төөрөгдүүлсэн нотолгоогүй мэдээ, материал цацаж байгаа. Хүн өөрийгөө зөвтгөх оролдлого хийж болно. Тэр нь хуулийн хүрээнд, үндэслэл нотолгоотой байх ёстой. Гэтэл нийгмийг төөрөгдүүлсэн мэдээ материал цацаж түүгээрээ нийгмийн дэмжлэг авах гэсэн хөдөлгөөн өрнүүлэх гэсэн байдал ажиглагдлаа. Тиймээс шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах нөхцлөөр хангах, олон түмэнд зөв ойлголт өгөх үүднээс  мэдээлэл хийж байна” хэмээн онцолсон юм.

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад ийн хариулав.

-Цагдаагийн удирдлагуудыг цэргийн гэмт хэрэгт хамааруулан  зүйлчилснийг хууль зүйн сайд хүртэл хэлж байна. Үүнд албан ёсны тайлбар өгөхгүй юу?

-Цагдаагийн удирдлагаар ажиллаж байсан хүмүүс өнөөдөр эрүүгийн зүйл ангиар буруутгагдах шатанд явж байгаа. Үүнийг тойрсон хэд хэдэн маргаан бий. Нэгдүгээрт, буруу зүйл ангиар зүйлчилсэн гэж ярьдаг. Бас Ч.Амарболд генералыг дотоодын  цэргийн командлагч биш  байсан гэдэг яриа. Энэ мэт хууль зүйн маргаантай мэт байдлаас нэг хэсэг нь хууль үндэслэлгүй  яллах гээд  байгаа юм шиг харагдаж байна. Нэг хэсэг нь яллах гээд үндэслэлгүй зүйл гаргаж  байгаа юм шиг ойлголт  төрж байна. Энэ асуудалд харамсалтай нь төрийн өндөр албан  тушаалтнууд оролцоод  байгаа учир  маш төвөгтэй байна. Уг нь төрийн өндөр албан тушаалтнууд  хэн нэгнийг зөвтгөхийн тулд хуулиа, зарчмаа бүх юмаа үгүйсгэж, туйлширч халуурах хэрэггүй байгаа юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 274 дүгээр зүйлийн дотор цэргийн гэмт хэргийн тухай ойлголт бий. Үүнд зэвсэгт хүчин, бусад цэрэг, алба хааж байгаа, үүрэг гүйцэтгэж байгаа, дайчилгаанд татагдсан хүмүүс энэ албан тушаалд байхдаа ийм ийм хэргийг үйлдсэн бол цэргийн гэмт хэрэгт хамааруулна гэж үзэж, ял шийтгэнэ гэсэн байдаг. Гэтэл хууль зүйн сайдаасаа эхлээд хууль зүйн байнгын хорооны дарга,  цагдаагийн дарга  нь хүртэл  хүчингүй болгосон  хуучин хуулиар шийтгэж байна гэж ярьж байгаа. Хуучин хуулинд цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр биелүүлэх газар, дотоодын цэрэг, хилийн цэрэг гээд бүгдийг нь тоочсон байгаа. Эдгээрт хамаарах хүмүүс гэмт хэрэг үйлдвэл цэргийн  гэмт хэрэгт хамааруулна гэж заасан байсан. Ц.Нямдоржийн яриад байгаа 2008 онд нэмэлт өөрчлөлт орсон  хуулинд тэр бүхнийг аваад  зэвсэгт хүчин, бусад гэж бичсэн нь бий. Энэ хуулийн хэлэлцүүлгийн явцад өрнөсөн тэмдэглэл ч байдаг. Энэ бол УИХынТамгын газраас авсан лавлагаа. Тэр үед Д.Лүндээжанцан дарга хурал удирдаж байж. Тэр “274.2 т бусад цэргийн бие бүрэлдэхүүн  гэснийг  тус тус хасах юм уу” гэж асуусан. Энэ асуултад Ц.Нямдорж сайд “Энэ ингэсэн байна. Эсрэгээр нь биччихсэн байна. Түрүүчийн нэгдүгээр хэлэлцүүлгээр 274 дүгээр зүйлд байсан “бусад цэрэг” гэдэг үгийг аваад  хаячихсан юм.  Энэнээс шалтгаалаад дотоодын цэрэг, хилийн цэрэг  энэ  цэргийн гэмт хэргийн субьект биш болж таарчихаад  байгаа юм. Ийм  байж болохгүй. Ажлын хэсэг дээр юу ярьсан бэ гэхээр 274.1, 274.2 т байгаа “бусад цэрэг” гэдгийг сэргээе гэж ойлголцсон юм. Энэ утгаар нь санал хураалгаад зарчим нь эрүүгийн хуулийн 274 дүгээр зүйлийн хуучин заалтууд хэвээрээ үлдэнэ гэсэн утгаар нь санал  хурааж өгөөчээ” гэсэн. Ингээд санал хураагаад бусад цэрэг гэж хассан байснаа  буцааж оруулсан. Ингээд санал хураагаад 41 гишүүнээс 30 нь  зөвшөөрч, 11 нь татгалзлаа гэж байгаа. Өөрөөр хэлбэл хилийн цэрэг, дотоодын цэргийн алба хаагчид цэргийн гэмт хэргийн субьект болно гэдгийг хууль тогтоохдоо  оруулсан. Хууль баталсан үзэл баримтлал нь ч тэр,  санал хураасан байдал нь байж байна. Улаан цайм ийм хууль гаргаж, үүнийгээ тайлбарлаж баталчихаад одоо биш гэж  байгаа нь зүйд нийцэхгүй. Нөхрөө өмөөрч болно, зөвтгөж болно.  Гол нь хуулийн хүрээнд байх ёстой.

-Ч.Амарболд генералыг тухайн үед дотоодын цэргийн командлагч байгаагүй гэж ярьж байгаа?

-Ч.Амарболд дотоодын цэргийн командлагч биш байсан гэдэг асуудал. Дотоодын цэргийн тухай хуулийн тавдугаар зүйлд “Монгол Улсын цагдаагийн төв байгууллагын дарга нь дотоодын цэргийн дарга байна” гэсэн. Ингээд цагдаагийн дарга, цагдаагийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон хүмүүс нэгэн зэрэг дотоодын цэргийн командлагч байдаг. Энэ утгаараа Ч.Амарболд генерал долдугаар сарын 1-ний үед дотоодын цэргийг командалж, үүрэг өгч ажилласан  байх. Хууль нь тийм юм. Хэрэв Ч.Амарболд дотоодын цэргийн командлагч биш  юм бол албан тушаалаа хэтрүүлэн дотоодын цэргийг удирдаж, долдугаар сарын 1-нд цэрэг оруулсан болж таарч байна. Тийм зүйл байхгүй. Иймээс мөрдөн байцаалтын ажиллагаа, түүнд хяналт тавьсан прокурор, улсын яллагч нэр бүхий дөрвөн хүнийг гэм  буруутайд тооцож, шүүхэд хэргийг шилжүүлсэн бүх процесс хуулийн хүрээнд явж байгаа.

-Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Ч.Амарболдыг дотоодын цэргийн командлагч биш гэсэн хариу өгсөн юм биш үү?

-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатараас бичиг аваад гүйж явна лээ. Цагдаагийн дарга, үүрэг гүйцэтгэгч нь дотоодын цэргийн командлагч байна гэдгийг Дотоодын цэргийн тухай хуулийн 5.2-т заасан байдаг. Хоёрдугаарт, Хууль зүйн яам, цагдаа өнөөдөр Монгол Улсын шүүх биш. Шүүдэг шүүхийг ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэхгүй байна. Тэр буруу, энэ зөв гэж улс төрчид хэтэрхий хамаагүй ярьж байна. 

-Хэргийг мөрдөн шалгасан Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанаас цагдаа буудсаныг хөдлөшгүй баримтаар тогтоосон гэж олон удаа мэдэгдсэн. Үүнийг буруутгах хэсэг байдаг?

-Ер нь хөдлөшгүй баримтаар тогтоосон учраас шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлээд байгаа. Хэрвээ баримт хангалтгүй байсан бол хэргийг мөрдөн байцаалтад буцааж болно. Шүүх хурал болохоос өмнө үүнийг хөдлөшгүй баримтаар нотоллоо гэж үзсэн учраас  шүүхэд шилжүүлэх эрх бий. Хэрэв өөрөө эргэлзээтэй, нотолгоогүй байсан бол шүүхэд шилжүүлэхгүй.

-Гэхдээ хэний сум, хэнийг оносныг тогтоогоогүй гэдэг шүү дээ. Яагаад хэн хэнийг буудсаныг шалгаж байгаа гэж мэдэгдээд байгаа юм бэ?

-Цагдаагийн экс удирдлагуудын хэргийг, цагдаа хүн буудсан хэрэгтэй хольж ойлгоод байна. Одоогийн хэрэгт буруутгагдаад байгаа цагдаагийн хуучин удирдлагууд үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлээгүй, хариуцлага алдсанаас болж хүний амь нас хохирсон гэдгээр буруутгагдаад байгаа. Өөрөөр хэлбэл, Аюулгүй байдлыг хангах ёстой, хэв журмыг сахиулах ёстой болохоос хүн алаад явж байх ёсгүй. Тэгэхээр хүн буудах үүрэг өгөөгүй гэдэг нь хүмүүсээ зөв удирдаж чадаагүйгээс хүний амь нас хохирсон. Хүний амь нас гэдэг нэхэл хатуутай, хэзээ ч  хуучирдаггүй. Тэр тусмаа дөрвөн хүн амь  үрэгдэж, хорь гаруй хүн шархадсан энэ  хэрэг мартагдаж, өршөөгдөөд өнгөрнө гэж байхгүй. Хэн ч байсан өнгөрүүлэхгүй. Үеийн үед яригдаж, шалгагдаж байдаг.

-Монголын ард түмэн цагдаагийн дарга нар хариуцлага алдсан эсэхийг биш, хэн буудсаныг нь тогтоохыг хүсэж байгаа?

-Тогтоохын тулд ажиллаж байна. Энэ буугаар буудсан гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Харин дөрвөн хүнийг хэн буудсаныг тогтоох боломжгүй байгаа. Нэг хүн гурван хүнийг буудсан уу, эсвэл дөрвүүлэнг нь нэг нэгээр нь буудсан уу гэдгийг мөрдөн байцаах алба шууд тогтоож чадаагүй байна. Тогтоохоор ажиллаж байна. Энэ бол шууд галт зэвсэг хэрэглэж, хүний амь хохироосон гэдэг  зүйл ангиар явж байгаа.

-Уг нь хурандаа нарт холбогдох хэргийг Өршөөлийн хуульд хамруулсан байдаг. Гэтэл яагаад сэргээн шалгах болов. Өршөөлийн хуульд хамруулсан хэргийг сэргээн шалгадаг тохиолдол байдаггүй гэсэн? 

-Эхлээд  албан ажилдаа хайнга хандсан гэдэг зүйлчлэлээр буруутгаж байгаад өршөөлийн хуульд хамрагдсан. Намайг Ерөнхий прокурор болсны дараа хохирогчдын ар гэрийнхэн тэдэнд холбогдох хэргийг буруу зүйлээр зүйлчилж, цагдаагийн дарга нарыг ялаас чөлөөлсөн, хуулийн байгууллагынхан хуйвалдсан гээд хууль зүйн үндэслэлийг өмгөөлөгчдийнхөө хамт гаргасан. Прокурорын байгууллага тэр хүмүүсийн үндэслэл бүхий өргөдлийг хүлээн авч хэлэлцээд, хуулийн үндэслэлтэй хэмээн сэргээсэн. Энэ бол Прокурорын тухай хуулийн дагуу эрхийнхээ хүрээнд шийдсэн асуудал.

-Зүйл ангийг буруу хэмээн Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл Үндсэн хуулийн цэцэд хандсан байгаа. Цэцэд маргаан үүссэн тохиолдолд байхад түтгэлзэх ёстой байдаг гэсэн?

-Уг нь надад хууль зүйн хүрээнд өгөх хариулт байна. Гэхдээ би хариулахгүй. Энэ бол шүүхийн асуудал. Шүүх үйл ажиллагаа үргэлжлүүлэх үү, завсарлах уу, түтгэлзүүлэх үү, ямар шийдвэр гаргах нь шүүх өөрөө мэднэ. Прокурорын байгууллагаас байр  суурь илэрхийлэх шаардлагагүй. 

-Үндсэн хуулийн Цэцээс хэргийг буруу зүйлчилсэн байна гэвэл яах вэ?

-Цэцийн шийдвэр яаж гарснаас олон зүйл шалтгаална. Хэрвээ буруу гэвэл УИХ гаргасан хуулиа харах гээд олон асуудал гарна.

-Үймээнийг турхирсан гэх хэргүүд хаачив. Ганцхан яагаад цагдаагийн экс дарга нарын хэргийг сугалж яллах гээд байна?

-Долдугаар сарын 1-ний гэх олон хэрэг байсан. Тэр бүхэн өршөөлийн хууль хамрагдаад хаагдсан байгаа.

-Долдугаар сарын 1-ний хэргийг ганцхан прокурорын байгууллага шалгасан нь учир дутагдалтай. ТЕГ, ЭЦГ зэрэг байгууллага хамтран шалгах ёстой гэсэн шүүмжлэл байдаг?

-Нэгдүгээрт, хуулиар зохицуулагддаг. Өөрөөр хэлбэл, цагдаа болон тодорхой төрлийн тусгай албан хаагчдын хэргийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба шалгахаар хэргийн харьяаллыг хуульчилж тогтоосон байдаг.

Хоёрдугаарт, 2008 оны долдугаар сарын 1-ний хэргээр ҮАБЗ хуралдаж, уг хэргийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба шалгах нь зүйтэй гэсэн чиглэл өгөгдсөн. Намайг энд ирэхээс өмнө шалгагдаж байсан асууадл.

-Шүүх хурлын үеэр хэргийг шууд тусгаарлаад, цагдан хориод байгаа нь улс төржүүлээд байна гэх хардлага байна?

-Хуулийн байгууллага ажлаа л хийж байна. Шүүхийн байгууллага ч гэсэн. Би үүрэгт ажлаа хийж байна. Ямар нам хэнийг яллаад байгаа юм. Хэргийг тусгаарлах уу, хойшлуулах гэдэг шүүхийн шийдэх асуудал.  Ганц энэ хэрэг биш, олон хэрэг  тусгаарладаг жишээ бий. Ерөнхийлөгч цагдаагийн даргад үүрэг өгсөн тухайд шүүхээс  прокурорын байгууллагад ирсэн, ерөнхийлөгчид ирсэн шүүхийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй болсон талаарх танилцуулга. Шүүх шүүн таслах ажиллагаа явуулахгүй бол цаашид юу болох вэ. Энэ асуудалд ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын тэргүүний хувьд анхаарал хандуулах ёстой. Надад хамаагүй юм байна, дураараа бол, шүүхээр шийдэхгүй байж болно гэж хандах эрх хэнд ч байхгүй.

-Өршөөлийн хуульд хамруулсан гэдэг нь цагдаагийн дарга нар өмнө нь гэм буруугаа хүлээсэн гэж ойлгож болох уу?

Аливаа эрүүгийн  гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар шалгагдаж байгаа хүнийг шалгуулж байх явцад өршөөлийн хууль гарвал хоёр сонголт байдаг. Нэгдүгээрт гэм буруугаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зураад өршөөлд хамрагддаг. Эсвэл гэм буруугүй учир хэргээ дуустал шалгуулна гээд  хэргээ шалгуулдаг. Түрүүчийн хэрэг нь өршөөлд хамрагдаад хэрэгсэхгүй болсныг бодоход энэ хүмүүс гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан болов уу.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж