-Уг нь МоАХ-ны тэргүүнийг зочноор урьсныхаа хувьд МоАХ-ны IV их хурал, араас нь үргэлжилсэн залуучууд, эмэгтэйчүүдийн чуулган гээд их ажлын тухай яриагаар нэвтрүүлгээ эхлүүлье гэж бодсон юм. Гэвч таван жилийн өмнө таны бичсэн “Таван толгойн бүрхэг ирээдүй” нийтлэлийг чинь уншлаа л даа. Таван жилийн өмнө ингэж бичиж байж. Гэтэл өнөөдөр ч бас тэр л хэвээрээ гэдгийг анзаарлаа. Тиймээс энэ тухай яриагаар нэвтрүүлгээ эхэлье.
-2007 оны долдугаар сард Таван толгойн ирээдүй бүрхэг шүү, бүтэхгүй асуудал, яагаад вэ гэвэл … гээд бүх анализыг нь хийж нийтлүүлсэн. Ингэснээрээ тухайн үедээ нэлээд шүүмжлэлд өртөж байлаа. Гэтэл үүнээс хойш таван жилийн дараа Таван толгойгоос хувьцаа, хувь хишиг авна гээд ард түмний дунд их хүлээлт үүсчихэж. Энэ хүлээлтэд ямар нэгэн хариулт өгөх ёстой биз дээ. Харин би өнөөг хүртэл “Таван толгой худлаа шүү, улстөрчдийн заль мэх шүү” гэж ярьсаар л явна.
-Одоо ч бас уу?
-Тавантолгойн хувьцаа хөрөнгийн биржид арилжаалагдаад, эргээд 2.7 сая хүнд ашгаа өгнө гэдэг худлаа. Уг нь шалгадаг газар нь шалгаад үр дүнг үнэнээр нь сөхдөг бол энэ нь маш том гэмт хэргийн шинжтэй юм. Өнөөдөр манайд хууль, шүүхийн байгууллага нь ямар байдалтай байгаа билээ. Улстөрчид нь ч бас өөрсдийг нь шүүмжилж ярьсан нэгийгээ “Өөрөө нүүрсний ордгүй болохоороо хордоод ингэж яриад явна” гэж хүлээж авдаг. Аргаа бараад хэвлэлээр ярья гэхээр хэвлэл мэдээллийнхэн нь бас мөнгөтэй хүнд боогдоод амаа таглуулчихаж. Өнөөдөр ч гэсэн намайг телевизээр гарахаар “Энэ нөгөөхөө л ярина биз” гэх байх. Яах вэ, өнөөдөр баримт сэлтүүдээ дэлгээд яриад үзье гэж бодож танай нэвтрүүлэгт орж байна. Нэг жишээ татъя л даа. Сая Германы Ерөнхийлөгч зүгээр л хөнгөлөлттэй орон сууцны зээлд хамрагдсанаасаа болж огцорлоо. Үүнийг нь дөрөв дэх засаглал хэвлэлийнхэн нь дэлгэчихэж. Канцлер нь Ерөнхийлөгчөө хамгаалах гэж нэг үзээд болохгүй болохоор нь шууд огцруулчихлаа. Харин бид 2.7 сая хүнээ хэдэн жилийн турш хуурчихсан хүмүүсийн зарим баримтыг сөхнө гэдэг бас л нэг мэргэн арга юм уу даа.
-АН Засгаас гарах үед таны ярьж байсныг санаж байна л даа. Та яагаад ийм гутранги болчихсон юм бэ. Өөрийгөө зурагтаар гарахаар яагаад “Нөгөө л нөхөр ярилаа” гэж хүлээж авна гэж. Би бүр гайхчихлаа.
-Энэ тухай ярьж буй хүнд бүх хэвлэл цензур тавьчихсан. Монголын бүх хэвлэл “Засгийн газрыг муулахгүй” гээд гэрээ байгуулчихсан. MCS болоод тэдний бүх охин компанитай холбоотой сөрөг мэдээллийг гаргахгүй ээ. Дээр нь муулж болохгүй хүмүүсийн нэрсийг жагсаагаад өгчихсөн шүү дээ. Хэрвээ муулвал өгсөн мөнгөө торгуультай нь буцааж авна шүү гэсэн гэрээтэй ажиллаж байна. Саяхан болсон эдийн засгийн форум дээр Монголбанкны Золжаргал маш тодорхой зүйлийг ярьсан. Гэтэл бүх хэвлэлийнхэн Золжаргалын яриаг хасаад л хаячихсан шүү дээ.
-Үүнийг орхиё. Ард түмэн өнөөдөр Таван толгойг хүлээгээд л сууж байна. Бид Таван толгойд ажил хөдөлмөр эрхэлж яваа хүмүүсийн тухай мэдээ, мэдээллийг үзэж, сонсч л явна. Гэтэл та л ирээдүй бүрхэг гээд байх юм. Яагаад бүрхэг гэж…?
-Таван толгойн орд аль хэдийнэ ашиглалтад ороод, эдийн засгийн хөдөлгөөнд орчихсон, дэд бүтэц нь шийдэгдчихсэн, ашгаа өгчихсөн байх ёстой гэдгийг хэлээд байна. Гэтэл үүнийг хойш нь тавьчихаад хууль, дүрэм, журмаа зөрчин байж Ухаа худагийг урдуур нь чихчихсэн. Хөрөнгийн бирж дээр эргэлтэд оруулчихсан шүү дээ.
-Бидний ойлгож буйгаар Ухаа худаг гэдэг бол Таван толгойн ордын нэг л хэсэг биз дээ. Ухаа худаг бол Таван толгойн дөрвөн хувь нь гэж ойлгодог.
-Том Таван толгойн 96 хувийг нь улсад өгөөд үлдсэн дөрвөн хувийг нь авчээ гэж ойлгоод хүмүүсийн толгой эргээд байгаа юм. Би баримт дэлгэе гээд байгаа чинь ийм учиртай. 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн 27 дугаар тогтоол гэж гарсан. Үүн дээр “Энэ тогтоолын нэгдүгээр хавсралтад дурдсан ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулсугай” гэжээ. Нэгдүгээр хавсралтдаа Таван толгой гэж ордыг дурдсан. Тэгээд тайлбар гэдэг дээр нь “Энержи ресурс компанид Дайцүкигийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн хэмжээнд нөөц нь тогтоогдсон талбайг хамааруулна” гэж бичжээ. Энэ бүхнээс харахад Таван толгой стратегийн орд мөн биз. Гэтэл тус тусдаа зургаан лиценз байна. Үүнийг л 96 хувийг нь өглөө, дөрвөн хувийг авлаа гээд ойлгочихож байгаа юм. Уг нь бол тус тусдаа гээд нэр заагаад тавьчихаж. Хэрвээ стратегийн ордод хувийн хэвшлийн компани хөрөнгө оруулвал 50:50 хувиар эзэмшинэ гэдэг тогтоолтой. УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх л ёстой биз дээ. Стратегийн ач холбогдол бүхий Таван толгойн нүүрсний орд, Оюу толгойн зэс, алтны ордыг хамтарч ашиглах тухай гэрээг 2008 оны арванхоёрдугаар сарын 4-нд УИХ-ын тогтоол гарган баталсан. Өөрөөр хэлбэл, Оюу толгой, Таван толгой хоёрыг зэрэг гэрээ хийгээд хамтарч ашиглана гэж тогтоогдсон. Гэтэл Оюу толгой нь ашиглагдаад, Таван толгой нь одоо болтол ашиглалтад ороогүй. Энэ хооронд хууль бус гэж яригдаад буй Ухаа худагт бүх хөдөлгөөн нь хийгдчихсэн. Ухаа худагийн цаана хэдхэн хүн байгаа шүү дээ. Түрүүлж аваад, хөрөнгийн бирж дээр гаргаад ирэхээр бидний хүлээгээд байгаа том Таван толгойн үнэлгээ нь уначихсан.
-Та Ухаа худагийн цаана хэдхэн хүн байгаа гээд л ярих юмаа. Тэгвэл Таван толгойг хөдөлгөх ёстой нь Засгийн газар юм биш үү. Засгийн газарт нь та ч бас байсан биз дээ?
-Би дэд бүтэц хариуцсан сайд байсан. Дэд бүтцийг хамгийн их ярьж, энэ асуудлын төлөө явсан хүн нь би шүү. Бүх юм баримтаараа бий. Улс өөрөө төмөр замаа тавих ёстой. Яагаад гэвэл улсын төмөр замаар хувийнхан ачаагаа зөөгөөд улс ашиг олно. Хувийнхан төмөр зам тавьчихвал улс түүнд мөнгө төлж ачаагаа зөөнө. Ингэхээр тарифын өрсөлдөөн өрнөнө. Улс өөрөө стратеги гэж ярьж л байгаа бол стратегийн төмөр замаа тавиад хувийнхан түүгээр төлбөрөө төлөөд гарна. Яагаад гэвэл стратегийн гэж хэлээд 2.7 сая хүний амьдрал ахуйд зориулна гээд амлачихсан биз дээ.
Энэ төмөр замын ажлыг ахиулах гээд өөрөөсөө мөнгө гаргаад, төмөр замын компаниудыг нь уриалаад зөндөө явлаа. Хөөрхий тэд нэлээд ажил хийсэн боловч өнөөг хүртэл мөнгөө аваагүй л явна. Улстөрчид өөрсдөө ямар нэгэн байдлаар энэ ажлыг гацаадаг л байхгүй юу. Өөрөөр хэлбэл, хүсэхгүй байна л гэсэн үг. Ихэнх сайд энэ компанид хувьцаа эзэмшдэг. Хөрөнгө, орлогын мэдүүлэг дээр байж л байгаа. Эрчим хүчний сайд Зоригт нь хүртэл хувьцаа эзэмшиж байна. Сайд нарын тал нь MCS-ийн байранд нүүгээд орчихсон. Өөрсдөө бол мөнгөө төлсөн л гэдэг юм. Гэхдээ би түүнийг шалгадаг хүн нь биш. Ингэж ярьж буй нь миний иргэний үүрэг. Дээрээс нь МоАХ бол иймэрхүү байдлыг хүлээн зөвшөөрдөггүй байгууллага. Яагаад ч юм түүнийх нь даргаар би зургаан жил ажиллачихаж. Үүнийг ярих ёстой хүн нь би. Ярихдаа харин баримтаа дэлгээд, ийм том гэмт хэрэг, ийм том зохион байгуулалттай болчихож гэдгийг л хэлээд яваа юм.
-Өөрөөс чинь ярилцлага аваад, MCS компанийн Цогтцэций сум дахь Таван толгойн бүтээн байгуулалтыг сурвалжлаад бид хоёр талаас нь явж л байна. Харин та бүхэн яагаад уулзалдаад ярилцаж болдоггүй юм бэ?
-Уулзалгүй яах юм бэ. Оджаргалтай нь, Ерөнхий сайд Батболдтой нь хамт уулзаад ярилцдаг л юм. Бүлгийн хуралд хүртэл ярьсан. Гэвч сүүлдээ арга барагдаад л олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярьж байна. Энд дэлгэсэн материалуудыг өгдөг газар нь өгнө. УИХ-ын тогтоолоос эхлээд бүгд баримтаараа байна. Энэ бол эрх ашгийн зөрчил.
-Тэгвэл та төмөр замын ажлыг явуулах сайд нь байсан биз дээ?
-Хөрөнгө, мөнгөний эрх мэдэл нь надад байгаагүй. Монгол Улсад төмөр замын бодлого гэж огт байдаггүй байхад нь би 2010 оны зургадугаар сарын 23-нд бодлогыг нь батлуулсан юм. Их юм болж байж батлуулсан. Одоо тэгээд хүмүүс мартчихдаг юм шиг байна.
2008 оны сонгуулиас өмнө нарийн царигаар төмөр зам тавих эрхийг MCS компанид өгчихсөн. Бодлого байхгүй учраас. Эх орноо гэж боддог хүн бол төмөр замын бодлого гэж юу билээ гэж харах л ёстой байсан. Хэдхэн хүний эрх ашигт 2.7 сая хүний эрх ашиг золигдож байна. Уг нь тэд чинь их л боловсролтой хүмүүс шүү дээ. Хаана л бол хаана сургууль төгссөн гэсэн биз дээ. Дээр үед бид өгүүлбэртэй бодлого гэж боддог байсан даа. Өнөөдрийн нөхцөл байдал бол яг л тэр байхгүй юу.
-Засгийн газар тийм л байж. Гэтэл УИХ-д шийдвэр гаргах хүмүүсийн хэд нь АН-ынх билээ дээ.
-АН-ынхан 28-уулаа л парламентад суудаг шүү дээ. 2008 оны сонгуулиар бид ялсан юм уг нь. Гэтэл будлиулаад л биднийг ялсан. Эд чинь ийм юмаа хийхийн тулд сонгуулийг дээд зэргээр будлиантуулдаг. Сонгуульд АН ялчихвал олон хүн дээлээ нөмөрнө дөө. Бод л доо, бараг 10-аад Засаг дарга өнөөдөр АТГ-т байцаагдаад л сууж байна. Өнгөрсөн 20 жилийн турш дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсэн юм.
АН-ыг Засгийн газраас гарсан өдөр нь л ҮЗХ-ны хурал дээр 70 жилийн гэрээ хийгээд ороод ирж байгаа юм. Нөхцөл байдал хүндэрч магадгүй гэж бодсон байх. Намайг ҮЗХ-ны хурал дээр 70 жилийн гэрээг нь зарлахад “Худлаа ярьж байна даа, 15 жил шүү дээ гээд” сууж байсан. Дээд боловсролгүй ч гэсэн хоёр оронтой тооны учрыг олно л доо би. 30 жилээр гэрээ хийгээд 20 жилээр хоёр удаа сунгана. Монгол Улсын Засгийн газар “Энержи ресурс” хоёрын хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ гээд л “Бороо гоулд”-ыг яг ийм замаар авсан. Тогтвортой байдлын гэрээ гэж хийгээд л, одоо Монгол оронд “Бороо гоулд”-аас юу өгч байна вэ.
-Энэ бол нэг байрлал дахь ижил төрлийн бизнес эрхэлж буй хоёр компани. Нэг нь төр, нөгөө нь компани. Энэ нь яваандаа өрсөлдөөн болох нь. Өрсөлдөөний хэлбэрээр шийдэж болохгүй юу?
-Стратегийн орд биш ямар нэгэн уул уурхайтай холбоотой юм байсан бол асуудал өөр. Тэгвэл стратегийн бүтээгдэхүүнээ яаж, хэнд, хэзээ, ямар үнээр зарахаа төр өөрөө ярих ёстой гэж би хувьдаа боддог. Би дэд бүтцийн сайд байхдаа төмөр замын бодлогоо яг ингэж хийсэн. Аль нэг орноос хараат биш, ганцхан боомтоор далайд гарцтай байхааргүй эдийн засгийн нэлээд том хоёр орон болох Япон, Солонгос руу гарах замыг бодсон гээд л яривал юм бий. Төмөр замын бодлогыг УИХ-аар батлуулчихсан юм чинь бага зэрэг итгэлтэй байна л даа. Ямар нэгэн байдлаар бид төмөр замын ажлыг эхлүүлэх ёстой байсан. Бид хэзээ нэгэн цагт Засгаас гарна, тэр цагт МАН ажлаа эхлүүлнэ гэж бодсон. Гэхдээ тэд энэ ажлыг явуулахгүй ээ. Хууль зүйн сайд нь Засгийн газрын хурал дээр “Төмөр зам барихыг чинь харна аа” гэж хэлж байгаа юм шүү дээ.
Тэр сайд нь Ухаа худагаас авсан байрандаа амьдарч байна. Байр нь багадаа нэг сая ам.долларын үнэтэй байж таарна. Зарим нэг нь авсан байраа зарсан гэж байна билээ. 2.7 сая хүний хүлээлт үүсгэж байгаа том Таван толгойн ажлыг явуулахгүйгээр урдуур нь 20 гэр бүл орчихлоо. Энэ нь зөв үү буруу юу гэдгийг шалгаад өгөөч ээ л гэж байгаа юм. Эдийн засаг 14 хувиар өссөн гэнэ. Ийм байхад халамжаа яагаад нэмээд байдаг юм бэ. Иргэдэд бэлэн мөнгө тараагаад байхад ядуурал яагаад нэмэгдээд байдаг юм бэ. Халамжийн бодлого гэдэг чинь шал өөр зүйл рүү явах ёстой байхгүй юу. Ингээд яривал олон зүйл байна.
-Хоёр гүрний дунд байгаа манай улс геополитикийн асуудлаа зөв шийдэх ёстой. Ийм байхад…
-Та ямар мэргэжилтэй вэ?
-Сэтгүүлч…
-Сэтгүүлчид бүхнийг мэдэх ёстой л доо. Ерөнхий сайд, Засгийн газар геополитик ярих ёстой юу. Ёстой. Гэтэл яагаад урд хөрш рүү нарийн царигтай төмөр зам тавих зөвшөөрөл өгдөг юм бэ. Энэ нь нөгөө геополитик уу. Ийм зөвшөөрөл өгчихсөн. Үүнийг нь цуцлах гээд чадахгүй л байна. Тэгэхээр геополитик мэдэхгүй хүнийг Ерөнхий сайдаар тавьчихаж уу. Тэд чинь хэл устай, гадаадад боловсрол эзэмшсэн шүү дээ. Сэтгүүлч хүн геополитик ярьж байхад тэд яагаад ярихгүй байна вэ. Геополитик, хоёр хөрштэй харилцах баланс бүгд алдагдчихсан.
-Сэтгүүлч хүн бүхнийг мэдэх албагүй. Харин сэтгүүлч ямар нэг зүйлийг мэдэж байгаа хүнийг яриулах ёстой шүү дээ?
-Би энэ утгаар нь хэлээгүй. Таныг геополитик ярьж байхад Засгийн газар яагаад ярихгүй байгаа юм гэсэн утгаар нь хэлсэн.
-“44 тонноос илүү ачаа тээвэрлэсэн машин өөрийн нутаг дэвсгэрээр явуулахгүй” гэсэн гэрээ конвенцэд манай улс элссэн гэж сонссон юм байна. Гэтэл 100 тонн ачаа ачсан машин Өмнөговьд явж л байна шүү дээ. Үүний та мэдэж байсан уу?
-Мэдэлгүй яахав дээ. Ухаа Худагийн нүүрс тээвэрлэдэг замыг нэг хэсэг хаасан шүү дээ. Манай улсын нутаг дэвсгэр дээр хууль үйлчилдэггүй. Тэгээд дүрэм журмыг нь мөрдүүлээд замыг нь хааснаас 30 минутын дараа л Засгийн газраас “Юу болоод байгаа юм бэ замаа нээгээч” гэж утасдсан. Хууль зүйн сайд нь зам хаалаа улсын төсөв тасарлаа гээд л байсан. Ийм байдлаараа манай улс цааш явбал ямар нэг улс, нэг компанийн хараат улс болно. 2012 оны улсын төсөвт 31 сая тонн нүүрс экспортолно гээд мөнгийг нь суулгачихсан. Хятад нүүрс авахаа зогсоовол яах вэ. Тиймээс ажил хийдэг хүнийг тавих хэрэгтэй. Гэхдээ ЭБЭХ-ний сайд, “Эрдэнэс Таван толгой”-н захирал биш шүү. Тэд чинь Ухаа Худагаас хувьцаа эзэмшдэг. Үүнийг баримтаар хэлнэ. Ийм байдлаас гарах хэрэгтэй. Нэг бүтээгдэхүүнээс улсын төсөв бүрддэг. Нэг компани түүнийг нь захиран зарцуулдаг. Түүнийг нь нэг улс худалдан авдаг байвал манай улсад ирээдүй байхгүй л гэж хэлэх байна. MCS хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй маш их мөнгөөр гэрээ байгуулчихаж. “Манай талын сөрөг мэдээллийг цацахгүй, MSC-ийн ерөнхий удирдлага Оджаргал, Од нарын талаар сөрөг мэдээлэл гаргахгүй байх ёстой” гээд заачихсан байна.
-Та энэ гэрээг хаанаас авсан юм бэ?
-С1 телевизээс.
-Энэ телевиз чинь таных юм биш үү?
-Хөрөнгө оруулдаг л даа.
-Таван толгой хамгийн том орд гээд байгаа. Энэ их баялгаа хувь хувьсгал нь зохицоод ашиглаад явж болдоггүй юм уу?
-Яаж зохицох юм бэ. Дүрэм журмынхаа дагуу л явах ёстой. Австралийн талынхан хэлсэн байдаг “Танай улс Таван толгойн ордоо зөв ашиглавал манай улсын эдийн засаг хямарч мэднэ” гэж. Манай улс нөгөө л арчаагүй байдлаасаа болоод Оюу толгойн урьдчилгаа болгож 250 сая ам.доллар зээлчихсэн. Сонгуулиас өмнө дахиад зээлж нөгөө 21 мянган төгрөгөө өгнө. Үүнээс болоод бүтээгдэхүүнээ үнэгүйдүүлээд байгаа юм.
-Орон сууцанд орох хүсэлтэй иргэн ямар олон байдаг юм бэ. Жилийн зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдаж орон сууцтай болох боломжийг Засгийн газар иргэдэд олгосон. Та дэд бүтцийн салбарын сайд байсны хувьд энэ асуудлын талаар ямар байр суурьтай байгаа вэ. Бас л бүтэхгүй, болохгүй гэж хэлэх юм биш биз дээ?
-Орон сууцны жилийн хүү 5-6 хувь байж л хүн урт хугацааны зээлд хамрагдаж байртай болж чадна. Арилжааны банкууд багадаа жилийн 14 хувийн хүүтэй орон сууцны зээл олгоод байгаа. Үүнийг зогсоогоод л иргэдээ моргейжийн зээлд хамрагдах эх үүсвэрийг нь олоод зээл өгье гэж байгаа юм. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр намайг сайд байх үед батлагдсан. Гэхдээ Засгийн газар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж чадахгүй. Яагаад гэхээр үүнийг яаж хэрэгжүүлэхээ мэдэхгүй байхгүй юу. Эх үүсвэрээ хаанаас олох нь тодорхойгүй байна. Үүнийг арилжааны банкууд яагаад ч хийхгүй. Хөгжлийн банк 580 сая ам.долларын бонд гаргаж зарсан гэсэн. Иргэдээ орон сууцтай болгох энэ хөтөлбөр 15-20 жилийн хугацаанд хэрэгжинэ. Гэтэл таван жилийн хугацаатай зээлээр энэ хөтөлбөрийг санхүүжүүлнэ гэж байхгүй. Таван жилийн дараа байгуулагдах Засгийн газар энэ мөнгийг төлнө. Яаж төлөх вэ. Миний сонссоноор 200 сая ам.долларыг нь төмөр замд, 200 сая ам.доллар нь автозамд, 100 сая ам.долларыг нь орон сууцанд зарцуулна гэж байгаа юм билээ. Сонгуулийн дараа засаг төр, улс орон гэж байхгүй юм шиг аашилж байна. Сонгууль болох нь “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрөө зарла гээд зарлуулчихсан. Засгийн газрын гишүүдийн тал нь “Энержи ресурс” компанид хувьцаа эзэмшдэг, ямар нэгэн байдлаар холбоотой.
Оюу толгойн ордыг ашиглах тогтоол гаргахад том Таван толгойг ашиглах тогтоол давхар гарсан. Тэгсэн байтал Ухаа Худагийг түрүүлээд ашиглаад эхэлчихсэн. Үүний цаана юу байна вэ гэхээр говийн ус, эрчим хүч гээд бүх хангамжийг MCS Засгийн газартаа тогтвортой байдлын гэрээ байгуулж авах гэж байгаа хэрэг. Үүнийг л хэлээд байгаа юм. Тэд яагаад Оюу толгойн эрчим хүчний асуудлыг шийдэхгүй байна вэ. Оюу толгой өнөөдөр Эрчим хүчний хомсдолтой Хятадаас эрчим хүч авч байгаа шүү дээ. Оюу толгойн зардлын 30 хувь нь эрчим хүчний зардалд явдаг.Гэтэл газраа зүгээр л хүрзээр ухахад Оюу толгойгоос эрчим хүчний нүүрс гарна.
-Ухаа Худаг цахилгаан станц барьсан, боловсруулах үйлдвэрээ барьсан. Тэгэхээр татвар төлсөн компани. Үүнээс бид мөнгө хүртэхгүй байгаа хэрэг үү?
-2011 онд манай улс 15 сая тонн нүүрс экспортолсон. 2012 онд 31 сая тонн нүүрс гадагш гаргана. Энэ бол Монгол Улсын нүүрс. Гэтэл экспортолсон нүүрсний мөнгө компани руу л орно.
-Татвараар л гэж асуугаад байна л даа?
-Татвараар жаахан л мөнгө орж ирнэ. Тэр юу болох юм бэ, юу ч болохгүй. Өнөөдөр бид хойд хөршөөс жилд тэрбум орчим ам.доллараар шатахуун авч байна. Ийм байхад дотооддоо яагаад нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болдоггүй юм бэ.
-Та ч бүх л юм явахгүй л гээд байх юм?
-Явахгүй л байгаа биз дээ. Төмөр замыг хөдөлгөх гээд би чадлаараа ярьсан. Гэхдээ том хана мөргөөд уналаа шүү дээ. Намынхаа ҮЗХ-ны хурал дээр ярьсан. MCS Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулах гэж байна гэдгийг хэлсэн. Одоо Ерөнхий сайдыг тойрон хүрээлэгчид гараад ирж. Н.Энхбаярын үед байсан шиг. 1990 оноос хойш мартагдсан бүх хүүхдийг Ерөнхий сайд анхааралдаа авлаа гэнэ үү. Юу гэж байгаа юм бэ. Өнөөдөр утаанаас болж хэчнээн хүүхэд хэвлийдээ үхэж байна, гажигтай хүүхэд хэд төрж байна. Утаа гээд ярихаар баахан зуух шахдаг. Ийм байхад явж байна гэж ярих уу.
-Та цаашдаа яах вэ. Энэ ажлыг хариуцаж ажиллаж байсан сайд, УИХ-ын гишүүний хувиар…?
-Энэ хүмүүст юу л байна мөнгө, эрх мэдэл байна. Тиймээс холбогдох хүмүүсийг АТГ-т өгнө. Араас нь шаардана. Ерөнхийлөгчид өгнө. Мөн шаардана. Намайг хүн гүтгэсэн гэвэл би ялаа эдлэхэд бэлэн байна.
-Тэр хүмүүс л гээд байх юм. Тэд ч гэсэн ард түмний нэг хэсэг шүү дээ ?
-Хөөрхий минь шуналтай л монгол хүн дээ гэх үү. Яагаад тэднийг өрөвдөх ёстой гэж. Тэд сонгуулиар “Ард түмний амьдралыг сайхан болгоно” гэж гарч ирсэн. Яагаад зөвхөн өөрсдийнх нь амьдрал сайхан болоод байдаг юм бэ. Тиймээс авдаг ялаа аваад явах ёстой.