Нийслэлд метро санал болгов

Хуучирсан мэдээ: 2012.03.23-нд нийтлэгдсэн

Нийслэлд метро санал болгов

Олон улсын хөрөнгө оруулалтын чуулган өнөөдөр Гадаад харилцааны яаманд 09 цагаас нээлтээ хийлээ. Гурав дахь удаагаа болж буй уг чуулганд оролцогчид нийслэл хотод ойрын үед барих байгууламж болон хэрэгжүүлэх бололцоо бүхий төсөл хөтөлбөрийг танилцуулсан юм. Өөрөөр хэлбэл, нийслэлийн барилгын болон хөгжлийн хэтийн төлөвийг танилцуулж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарт санал болгож байсан юм. Чуулганыг Нийслэлийн засаг даргын тамгын газар болон Азийн хөгжлийн банк хамтран зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Азийн банкны суурин төлөөлөгч Роберт Шоелхамер, “Жайка” төслийн  багийн удирдагч зэрэг гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нар хийгээд Монголд суугаа элчин сайдын яамдууд, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид оролцлоо.

Авч хэлэлцсэн асуудлуудын гол нь нийслэлийн усан байгууламж, авто тээврийн салбарт ойрын хугацаанд хэрэгжих боломжтой төсөл хөтөлбөрүүд болох автобусны шинэ зам, метро нэвтрүүлэх, хөрсний усыг ашиглах, үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах, Туул голд минж нутагшуулах төслийн тухай байлаа.

Чуулганыг нээж, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр “Энэ удаагийн чуулган “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд нийслэлд хийх, бүтээх хөрөнгө оруулах боломжтой төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж байгаагаараа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах нэн тэргүүний ач холбогдолтой билээ. Эдгээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээг салбар бүрээр нь авч үзвэл, хамгийн их хөрөнгө хэрэгцээтэй нь нийтийн тээврийн салбар байна. Түүнчлэн нийтийн аж ахуй, амьдрах орчныг сайжруулахад, орон сууц барьж байгуулахад хөрөнгө шаардлагатай юм. Цаашид бид олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд, донор орнуудтайгаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэн  тэлэх талаар идэвхи  санаачлага гарган ажиллах болно” хэмээн онцолсон юм. 

Азийн хөгжлийн банк уг чуулганыг хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нийслэлд автобусны шинэ зам барих төслийг танилцуулсан юм. Энэ төсөл хэрэгжиж эхэлбэл арван жилийн хугацаанд автобусны шинэ зам барьж дуусгах боломжтой юм байна. Азийн банкны суурин төлөөлөгч Роберт Шоелхамер энэ талаар танилцуулахдаа “Монголын авто замын салбар, тэр дундаа нийтийн тээврийн салбарын хөгжил дутмаг байгаа”-г онцолж байсан юм. Харин “Жайка” олон улсын байгууллага 2030 он хүртэл Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний судалгаа гаргасан байлаа. Тэдний зүгээс эхний ээлжинд 18 км замд метро барихаар санал болгож байгаа гэлээ. Ингэхдээ нийслэлийн зүүн зүгээс баруун тийш чиглэсэн гол тээврийн ажлыг гүйцэтгэнэ хэмээн төлөвлөжээ. Тэд мөн зөвхөн метро бус, газар доорх худалдааны төв байгуулахыг төлөвлөсөн байна. Энэ нь хотын төвийн бизнесийн дүүрэг бий болгох, хотын ачааллыг багасгах ач холбогдолтой юм. Нийслэлд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын талаар бид эргэн мэдээлэх болно.

 У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж