Ч.Хүрэлбаатар: Нууц гэрээг харсан

Хуучирсан мэдээ: 2012.03.23-нд нийтлэгдсэн

Ч.Хүрэлбаатар: Нууц гэрээг харсан

УИХ-ын гишүүн, МоАХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Засгийн газрын нэр бүхий гишүүдийг Авлигатай тэмцэх газарт өгсөн билээ. Авлигатай тэмцэх газарт шалгуулах болж байгаа албан тушаалтны нэг нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар юм. Тэрбээр өнөөдөр “Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтатган зохион байгуулах ёстой” хэмээн Ерөнхий сайдад хүргүүлсэн Ардчилсан намын шаардлагад хариу өгөх үеэрээ сэтгүүлчдийн асуултад хариулав.  

-Тавантолгойн хөрөнгө оруулагчийг тодруулах асуудал гацаанд орсон гэх юм. Яг юунаас болоод гацаад байгаа юм бэ. Үнэхээр Ухаа худгийн ажлыг урагшлуулахын тулд Засгийн газар хөдлөхгүй байгаа юм уу?

-Сүүлийн өдрүүдэд Тавантолгойн асуудал нэлээд яригдаж байна. Тэр дундаа Засгийн газрын гишүүн байсан Х.Баттулга “Ухаа худагийн ажлыг явуулахын тулд Тавантолгойн асуудлыг хойшлуулж байна” гэдэг зүйлийг ярьсан. Уг нь Х.Баттулга гишүүн Засгийн газарт 2 жил гаруй хугацаанд хамт ажиллахдаа Тавантолгойн гэрээ хэлцэл хийхэд оролцож байсан.  Ажлын хэсгийн ахлагч нь би, орлогч дарга нь Х.Баттулга сайд байсан. Хамтдаа гэрээ хэлцэл хийж байсан учраас юунаас болж гацаанд орсныг Х.Баттулга хамгийн сайн мэдэж байгаа. Учир юу вэ гэвэл Оросын төмөр зам, Солонгос, Японы нийлсэн консерциумын хувьд хоёр хүндрэлтэй асуудлууд бий. Ц.Нямдорж сайд хэвлэлийн хурал хийх үеэрээ нэлээн мэдээлэл өгсөн байна билээ. Оросуудад Тавантолгойн лиценз өгөөд Тавантолгойгоос- Сайншанд чиглэсэн төмөр зам барих зорилгоор Монголын дэд бүтэц гэдэг компанийг хамтарч байгуулаад байсан. Гэрээ хэлцлийн хүрээнд тухайн Засгийн газраас өгсөн үүрэг удирдамжийн дагуу  Монгол Улсын хуульд нийцүүлж гэрээ хэлцэл явуулж байсан. Гэтэл Оросын талаас урьд өмнө хийж байсан, гурван жилийн хугацаанд Зам тээвэр барилга хот байгуулалтын яамтай ярилцаж байсан энэ гэрээгээ яагаад та бүхэн өөрчлөх болж байгаа юм бэ. Яахаараа манайд өгнө гэж байсан лиценз, манайхаар тээвэрлүүлнэ гэж байсан төмөр замыг ямар учраас 51 хувийг төр эзэмшинэ, үлдсэн 49 хувийг стратегийн хөрөнгө оруулагч болон хөрөнгө оруулагчдад хөрөнгийн биржээр санал болгоно гэж байгаа юм бэ. Урьд нь манайтай яриад тохирчихсон зүйлүүдээсээ яагаад буцаж байгаа юм бэ гэдэг асуудлаар хүндрэлүүд гарч ирсэн. Уг нь бид Засгийн газрын хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэх үеэрээ Х.Баттулга сайдаас “Ийм гэрээ байгуулагдчихсан байгаа юм уу” гэж асуусан. “Байхгүй” гэж хариулж байсан. Гэтэл гарын үсгээ зурчихсан гэрээ байна, харсан. Засгийн газрын гишүүн хүн олон улсын хүчинтэй гэрээн дээр гарын үсэг зурахын тулд Засгийн газраасаа зөвшөөрөл авдаг хуультай. Засгийн газар дэмжсэн чиглэл өгч байж, тэр хүн гарын үсэг зурах эрхтэй. Гэвч төмөр зам, Тавантолгойн лицензтэй холбоотой асуудлын хүрээнд Оросын төмөр замаас удаа дараагийн тодруулга тавигдаад байсан нь энэ гэрээн дээр гарын үсэг зурагдсан байсан нь сүүлд л тодорч гарч ирж байна л даа. Эцсийн байдлаар Оросын төмөр зам, Япон, Солонгосын консерциумд хариугаа өгөхгүй байгаа нь төмөр замын асуудлыг тодруулах үүднээс хүлээзнээд байж байгаа гэдгийг хэлье.

-Х.Баттулга гишүүн таныг өчигдөр Авлигатай тэмцэх газарт өгсөн. Үүнд та ямар тайлбар хийх вэ. Мөн Х.Баттулга гишүүнийг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд байхдаа хууль зөрчин нууцаар гэрээ байгуулсан гэдэг мэдэгдлийг Ц.Нямдорж сайд хийсэн. Энэ тохиолдолд Засгийн газрын гишүүн ямар хариуцлага хүлээх ёстой байдаг юм бэ?

-Намайг Тавантолгойтой холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газарт өгсөн юм болов уу гэж бодсон. Харин Засгийн газрын гишүүн байхдаа Х.Баттулга нь Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр гэрээ хийсэн нь Монгол Улсын хуулийг зөрчиж байгаа. Монгол Улсын Засийн газар өнөөдрийг хүртэл чадах ядахаараа ил тод ажиллахыг хичээж ирсэн. Олон улсын эрх ашиг, Монгол Улсын язгуур эрх ашиг хөндөгдсөн, геофолитикийн асуудал хамаарах Тавантолгой гэх мэт томоохон асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газрын гишүүн үнэхээр Монгол Улсын эрх ашиг гэж бодож байгаа бол энэ тэнд нууцаар гэрээнд гарын үсэг зурах учиргүй. Үүнийгээ Засгийн газрын хуралдаанд хэлж хууль журмынх нь дагуу зөвшөөрөл авсны үндсэн дээр гарын үсэг зурах ёстой. Олон нийтийн анхаарал хууль зөрчсөн үйлдэл болж уу гэдэг рүү хандаж байхад өөр зүйл рүү анхаарлыг нь хандуулах гэж байгаа бол буруу л гэж бодож байна. Би Х.Баттулга сайдтай хоёр жил гаруйн хугацаанд хамтарч ажилласан, харин өчигдөр тийм зүйл яригдсан байсан, удахгүй хэнийх нь буруу, хэнийх нь зөв нь тодрох байлгүй дээ.

-Учир битүүлэг гэрээний тухай яриад байх юм. Олон нийтэд дэлгэж болдоггүй юм уу?

-Тэр гэрээг би нүдээрээ үзсэн. Гаргаж тавьж болно. Зам тээвэр барилга хот байгуулалтын дэд сайдыг яг энэ асуудлаар мэдээлэл хийгээч ээ гэж бид хүсэлт тавьсан.  Гэрээг үзүүлэх нь зөв болов уу гэж бодож байна.

-Хууль бусаар нууц гэрээ байгуулсан гишүүнд яаж хариуцлага тооцох вэ?

-Энэ асуудлыг гаргаж тавина. Яагаад гэхээр Засгийн газрын сайд хүн аливаа гэрээнд гарын үсэг зурахдаа Засгийн газарт танилцуулж, зөвшөөрөл авах ёстой. Үнэхээр  нууц биш бол олон нийт мэдэж байх ёстой. Монгол Улс шиг хоёр том улсын дунд байдаг, дэлхий нийт даяарчлагдаж байгаа үед бол зөв бодлого хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал хөндөгдөж байна гэж үзэж байгаа.

-Хамтарсан Засгийн газрын үед энэ нууц гэрээний талаар ярьж яагаад болоогүй юм бэ?

-ОХУ-ын талаас энэ асуудлыг анх С.Батболд сайдаас асууж байсан юм. Ийм гэрээ байгаа юм уу гэж… Мөн ОХУ-ын талаас урьд өмнө хийсэн гэрээ, хэлэлцээрээ яагаад өөрчилж байгаа юм бэ гэж…  Манайхаар хийлгэнэ гэж байсан төмөр замаа яагаад 51 хувийг нь төр аваад үлдсэн хувийг стратегийн хөрөнгө оруулагчиддаа өгнө гээд байгаа юм бэ гэсэн. Яах аргагүй Х.Баттулгын гарын үсэг зурсан гэрээ байна лээ. Тэр гэрээг надаас биш Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамнаас асуух хэрэгтэй.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж