УИХ-ын дарга Ховдын Цэцэг сумаас эхлэн иргэдтэй уулзалт хийсэн юм. Д.Дэмбэрэл дарга УИХ-ын намрын болон ээлжит бус чуулганы дүн, хэлэлцсэн гол гол асуудлыг иргэдэд танилцуулж явлаа. Ээлжит бус чуулганаар 2012 оны улсын нэгдсэн төсөвт тодотгол хийснээр төрийн албан хаагчдын цалинг энэ оны хоёрдугаар сарын 1-нээс 80 мянган төгрөг, ахмад настнуудын тэтгэврийг 35 мянган төгрөгөөр нэмж 1995 оноос өмнө тэтгэвэрт гарагсдын тэтгэврийн зөрүүг арилгах шийдвэр гаргасныг онцолж байлаа. Гэхдээ төрийн албан хаагчдын цалинг зүгээр нэмээд зогсохгүй хариуд нь ажлын хариуцлага, сахилга, цаг ашиглалт, хөнгөн шуурхай үйлчилгээ, ажлын үр дүн, ажилд хандах сэтгэл нэхнэ гэдгийг анхааруулав. Удахгүй бүрэн эрх нь өндөрлөх гэж буй энэ удаагийн УИХ-аар Төрөөс малчдын талаар баримтлах бодлого, Монгол мал хөтөлбөрийг баталсан, хонь, тэмээний ноосонд урамшуулал өгч буй, Засгийн газар атрын III аян өрнүүлсэн нь хөдөөгийнхөнд зориулж хэрэгжүүлсэн гол арга хэмжээ болохыг хэлж явлаа. Иргэдийг хөрөнгө чинээ, эрх мэдлээр ялгаварлан ял үүрүүлэх эсэхийг шийддэг шүүх байгууллагад шинэчлэлт оруулах агуулгатай Шүүхийн тухай багц хуулиас гурвыг баталсныг хөдөөгийн иргэд талархан хүлээн авч байсан юм. Орон нутгийн Хурлын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтатган явуулах эсэхийг шийдвэрлэх ёстой байсан ч УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд зөвшилцөлд хүрээгүйгээс хаврын чуулган руу шилжүүлснийг УИХ-ын дарга танилцууллаа.
Ховд аймаг хөрөнгө оруулалтаар сүүлийн хоёр жилд улсад тэргүүлж, хөрөнгө оруулалтын хэмжээ аймгуудын дунджаас бараг гурав дахин илүү болжээ. Өнгөрсөн 2011 онд 70 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол энэ жил 73 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт өрнүүлж 42 тэрбумыг замын ажилд зарцуулахаар болсон байна. Ховдын иргэд нийслэлээс хол зайтай амьдардгаасаа шалтгаалж тээвэр, шатахуун, бараа, бүтээгдэхүүний үнэд хамаг орлогоо шавхдаг тул тийнхүү замын ажилд онцлон анхаарчээ. Орос, Хятадыг холбосон босоо тэнхлэгийн зам, Улаанбаатар, Завхан, Баян-Өлгий тийш тавих зам гээд бүтээн байгуулалт өрнөх гэж байна. Сумдын баг тус бүрт 4,1 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийн тохижуулах, эрчим хүчний шугамд холбох, интернэттэй болгох зэрэгт 1,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Зуун мянган айлын орон сууцнаас 25 мянгыг хөдөө орон нутагт барина гэдгийг мөн дуулгав. Стратегийн ордуудаас цөөхнийг зохистой ашиглах ёстой гээд Хөшөөт зэрэг уурхайн үр ашиг орон нутагтаа ордог байх учиртай гэж байлаа.
Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулбал хөдөөгийнхний амьжиргаа сайжирч дээшээ харж, төр, засгаас юм гуйхаа больсон байна. Аль ч суманд тийм байв. Ярианы сэдэв өргөн болж тулга тойрсон хэрүүл хийдэг цаг ард хоцорчээ. Сум бүрт мал эмнэлгийн тасаг байгуулсан ч мэргэжлийн бус хүмүүс толгойлдог, сумын цагдаа хэрэг шийдвэрлэхдээ иргэдийг ялгаварладаг гэсэн яриа Дуут суманд гарлаа. Сумын иргэд, малчид 100 мянган айлын орон сууцанд хамрагдах бололцоо тааруу тул өвөлжөө, хаваржаандаа тохилог амины сууц барихад дэмжлэг үзүүлбэл илүү амьдралд нийцтэй гэсэн санал ч гарч байв. Цэцэг сумынхан Хөшөөтийн уурхайн нүүрсийг Хятад руу тонныг нь таван ам.доллараар гаргаж, харин нутгийн иргэдэд 50 ам.доллараар борлуулдаг нь тэгш бус байгааг УИХ-ын даргад дуулгаж, хүнд даацын машинууд талхалдгаас хөрс эвдрэн үнс нурам шиг нарийн тоос дэгдэж хавь орчмын бэлчээрийг дарснаас мал хордож гэдэс дотор нь хямардаг, гэрийн тооноор орж гэр оронд байхад ч тавгүйтүүлдгийг хэлцгээв. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийг хэзээ өгөхийг явсан газар бүрийн иргэд сураглаж байлаа. Бас хувьцаа, бэлэн мөнгийг давхар өгөх үү, салгах уу гэдгийг сайн ойлгохгүй байгаагаа хэлцгээсэн юм.
Долдугаар сарын 1-ний үймээний үеэр үүрэг гүйцэтгэсэн цагдаа нарт ял оноож буйг буруу гээд улстөрчид, сонгууль луйвардсан хүмүүс хариуцлагаа хамт хүлээх ёстой гэсэн үгийг сум болгоны иргэд хэллээ. “Дулаан байранд суугаад ном үзэж байгаа сургуулийн сурагчдад үдийн цай уулгаж байгаа юм чинь хүйтэнд хээр мал хариулж яваа хүүхдэд бас төрөөс үдийн цай өгөх ёстой” гэсэн “этгээд” үгийг Мөнххайрхан сумын иргэн чулуудав. “Малчдын тэтгэврийн насыг наашлуулъя” гэсэн санал ч гарлаа. “Гаднын байгууллагууд монголчуудын тэтгэврийн насыг наашлуулах бус цаашлуулах ёстой гэж сануулдаг. Гадаадын зарим оронд эмэгтэйчүүд 65, эрчүүд 70 хүрч тэтгэвэр тогтоолгодог. Монголчуудын тэтгэврийн нас наана байгаагаас болж монгол хүн богино настай, оюун ухааны потенциаль муутай, бие тааруутай гэж ойлгогдохоор байгаа. Тиймээс энэ насыг наашлуулах бус цаашлуулах арга хэмжээг яваандаа авах болно” гэсэн хариуг Д.Дэмбэрэл дарга түүнд өгөв.
Ховд, Баян-Өлгийн сонгогчдын санааг адилхан зовоосон нэг асуудал гарсан нь малын, ялангуяа үхэр, ямааны хээл хаялт байв. Малын нүдэнд дусаадаг вакцин хийсэн малын дийлэнх хээл хаяжээ. Нэг, хоёроос эхлээд хорь гучин мал нь хээл хаясан иргэд төл алдаж, сүү, цагаан идээгүй хоцорч, таваарын малаа нөхөж чадахгүй эдийн засгийн ихээхэн алдагдал хүлээж буйгаа хэлцгээн, зарим нь төрөөс нөхөн олговор олгох ёстой гэцгээж байв. Баян-Өлгий аймагт гэхэд хээл хаясан мал 40 мянга давжээ. Гэтэл вакцин хийлгээгүй мал хэвийн төллөж байгаа аж.
Энэ асуултад ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле хариулж явлаа. Суурь өвчтэй буюу бруцеллёзтой малд вакцин хийвэл хээл хаях нэг шалтгаан болдог аж. Иймд малаа өвчтэй эсэхийг мэдэж байж вакцинжуулах ёстой гэж байлаа. Вакциныг шинжлүүлэхэд стандарт норм зөрчөөгүй гэсэн дүгнэлт гарчээ. Мөн өнгөрсөн өвөл олон жилийн дунджаас давсан хүйтрэлт 20 гаруй хоног үргэлжлэн газрын хөрс үлэмж хөлдсөн тул хэвтрээсээ жиндсэн байж болох гэнэ. Ивомек тариа гэх антибиотекийг малчид малдаа замбраагүй хэрэглэдэг нь ч нөлөөлсөн байж болох талтайг дэд сайд хэллээ. Ямар боловч мал эмнэлэг ажиллаж байгаа, дөрөвдүгээр сараас хариу гарах бололтой байгаа юм байна. Вакцин хийлгэсэн малдаа “гам” хийж арчлаагүйгээс ч шалтгаалсан байж мэдэх гэнэ.
Өнтэй сайхан өвөлжиж, тавлаг хаваржиж байгаа атлаа учир битүүлэг шалтгаанаар төл алдаж байгаадаа малчид хамгийн ихээр сэтгэл зовниж байсан юм. Нөхөн олговор тэдэнд олдохгүй, учир нь гэвэл зөвхөн шүлхий өвчин гарсан зэрэг шалтгаанаар төрийн зүгээс малыг нь устгасан бол онцгой тохиодол гэж үзэж нөхөн олговор өгдөг ажээ. Иргэдээс нийтлэг гарсан асуулт хариултыг тоймлож хэлбэл ийм байлаа.