Засгийн газар АН-ын бүлэгт хариу өглөө

Хуучирсан мэдээ: 2012.03.23-нд нийтлэгдсэн

Засгийн газар АН-ын бүлэгт хариу өглөө

“Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтатган зохион байгуулах ёстой, тиймээс Үндсэн хуульд заасан заалтын дагуу Засгийн газар нь Орон нутгийн сонгуулийг ирэх зургадугаар сард зохион байгуулах бэлтгэлийг хангах шаардлагатай” хэмээн УИХ дахь Ардчилсан намын бүлэг нь Монгол Улсын Ерөнхий сайдад шаардлага хүргүүлээд байсан билээ. Харин үүнд Засгийн газраас албан ёсны хариу өгч буйгаа мэдэгдэж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хуульд зааснаар тодруулбал, 1992 онд баталсан Үндсэн хуулиар аливаа нэг сонгууль явуулах тохиолдолд Засгийн газраас хараат бус байхаар хуульчилсан байдаг гэнэ. Энэ нь УИХ, Ерөнхийлөгч , орон нутгийн сонгуулийг зохион байгуулахад Засгийн газар оролцож болохгүй гэсэн үг аж. Тиймээс ч эдгээр сонгуулийг зохион байгуулахад оролцдог байууллага нь хөндлөнгийнх байх ёстой гэж үзэн, Сонгуулийн ерөнхий хороог байгуулсан. Улмаар 1992 оноос хойш болсон Ерөнхийлөгч, УИХ-ын сонгуулийг Сонгуулийн ерөхий хороо, орон нутгийн сонгуулийг зохион байгуулах, бэлтгэлийг хангах ажлыг явуулахад Сонгуулийн ерөнхий хороо мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж ирсэн гэж хэллээ. Тиймээс ийм хууль эрх зүйн орчин үйлчилж байхад Засгийн газар орон нутгийн сонгууль зохион байгуулахад оролцох нь хууль зөрчсөн явдал болох учраас боломжгүй.

Мөн 2007 онд баталсан Орон нутгийн сонгуулийн тухай хуульд орон нутгийн сонгуулийг тухайн шатны хурлын байгууллага нь өөрөө зохион байгуулахаар хуульчилж өгсөн. 2012 онд явагдах орон нутгийн сонгуулийг төсөвт зориулж орон нутгийн төсөвт нь 6.6 тэрбум, Согуулийн ерөнхий хороонд 790 орчим сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр суулгаж өгсөн. Орон нутгийн хурлууд өөрсдөө Сонгуулийн ерөнхий хорооны мэргэжил арга зүйн туслалцаатайгаар орон нутгийн сонгуулиа зохион байгуулах ёстой. Урьд өмнөх сонгуулиуд ч Засгийн газрын оролцоогүйгээр зохион байгуулагдаж байсан. Тиймээс энэхүү хуулиа мөрдөх ёстой гэж үзлээ хэмээн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга онцоллоо.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж