Казах түмэнд Наурызын мэндчилгээ дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.03.23-нд нийтлэгдсэн

Казах түмэнд Наурызын мэндчилгээ дэвшүүлэв

Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл өчигдөр казах түмний хаврын наурыз баярын нээлтийн арга хэмжээнд оролцож баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Тэрбээр мэндчилгээндээ, мөнгөн цаст сүрлэг Алтайн уулсаа түшин ажиллаж амьдарч буй эх орны иргэд Та бүхэндээ казахын ард түмний эртний ёс заншилт өв-Наурыз баярын мэнд хүргэж, Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна.

Казах түмний эртнээс баримталж ирсэн цаг тооллын уламжлалаар өдөр шөнө тэнцэж, нар наашлан урин цаг ирснийг зарладаг энэхүү гайхамшигт баярыг Та бид хэзээнээс айл саахалт, аймаг хотлоороо тэмдэглэж ирсэн. Ийнхүү тэмдэглэх нь бас элэг бүтэн, эв нэгдэлтэй байхын ерөөлтэй билээ.

Манай казахын ард түмэн өвөрмөц онцлог, дахин давтагдахгүй чанар, агуулга хэлбэрээ хадгалсан соёл, ёс заншилтай, түүнийгээ унаган төрхөөр нь хадгалсан онцлогтой. НҮБ-ын ЮНЕСКО-гийн соёлын өвд бүргэдээр ан бариулах соёлоо бүртгүүлсэн нь үүний нэг тод жишээ юм. Та бид Монгол орныхоо эрх тэгш иргэд байж, нэгдмэл эрх ашгаа ямагт дээдлэн, эвтэй найртай амьдарч ирсэн үүх түүхтэй ард түмэн.

Улс орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад оруулж буй казах, урианхай түмнийхээ хөдөлмөр бүтээлийг Монголын төр засаг өндрөөр үнэлдэг. Наурыз баяраа хөдөлмөрөөрөө чимдэг нь Та бүхний зүй ёсны бахархал аа.

Аймаг маань хүн ам нягт суурьшилтай, ажиллах хүчний нөөц чадамж өндөр, бүтээн байгуулах үйлсийг илүү хурдацтай өрнүүлэн хөгжүүлэх бүрэн боломжтой юм. Казах, урианхай, тува, дөрвөд түмний өгөөмөр баян газар нутаг, өнөр өтгөн мал сүрэг, орчин цагийн боловсрол мэдлэг, ажилсаг хөдөлмөрч чанар нь Баян-Өлгийчүүдийн хэтийн сайн сайхан амьдрал, хөгжлийн баталгаа юм. Хөрөнгө оруулалт өнгөрөгч дөрвөн жилд 2008 оныхоос гурав дахин өсч зөвхөн энэ онд 30 тэрбумд хүрэв. Өлгий хот болон сумдын төвийн нүүр царай Та бүхний хөдөлмөр зүтгэлээр шинэчлэгдэж байна. Өлгийчүүд малаа таван төрөл дээр нь өсгөлөө.

Аймгийн боловсрол, соёл, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарууд жилээс жилд өргөжин хөгжиж байна.

Хууль цаазат, ёс зүйт төрөө дээдлэн эрхэмлэж, аймаг орон нутгаа хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллаж байгаа орон нутгийн удирдлагууд, ард түмний хамтын хичээл зүтгэл илүү их амжилт бүтээлийг өрнүүлэн бэхжүүлнэ гэдэгт итгэж байна.
Баатарлаг үйлс, хөдөлмөр зүтгэлээрээ улс, аймаг, сумандаа нэрд гарсан алдартнуудаараа бид бахархдаг. Улсын баатар М.Икей, хөдөлмөрийн баатар Т.Нух, Ш.Улболган, Г.Борхүү, С.Чоя, М.Ахан, төр нийгмийн зүтгэлтэн А.Жамила, Б.Хурметбек, ардын жижигчин Ж.Хавитдолда, гавьяат тамирчин О.Бахыт нарын олон алдартнууд Баян-Өлгий аймгаас төрөн гарсан, төрөн гарсаар ч байна. Өнгөрсөн оны Наурызын баяраас хойшхи хугацаанд хөдөлмөрийн баатар Б.Пунцаг, гавьяат багш В.Суранхүү, хүний гавьяат эмч Р.Асай, гавьяат барилгачин Б.Жирен,  бүргэд, хадны сүг зураг судлалын доктор Х.Едилхаан, улсын аварга боксчин Т.Ерболат, улсын сайн малчин Ж.Шалатай, чацарганы жижиг дунд үйлдвэрийн эзэн А.Еркегүл нарын сайчууд та бидний дундаас тодорч манлайлсаныг баярын энэ өдөр тэмдэглэхэд таатай байна.

Хөх мөнх тэнгэрийг эрхшээсэн, хүчит жигүүртний далавчаар жигүүрлэсэн түмэн олны маань үйлс үргэлж өөдрөг, мандан бадарч байх учиртай гээд Наурызын баяраа ёслол төгс тэмдэглэж байгаа Баян-Өлгийчүүдэд баясгалан хэмээх луу жилдээ элбэг баян, эрүүл энх, аз жаргалтай байхын өлзийт ерөөл дэвшүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж